С.Сайнбаяр: Хот олон хүүхэдтэй айл гэсэн үг | News.MN

С.Сайнбаяр: Хот олон хүүхэдтэй айл гэсэн үг

С.Сайнбаяр: Хот олон хүүхэдтэй айл гэсэн үг

С.Сайнбаяр: Хот олон хүүхэдтэй айл гэсэн үг

Монголын Газар зохион байгуулагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Сайнбаяртай ярилцлаа.


-Газрын мэргэжилтэнтэй уулзаж байгаа завшааныг ашиглан  газар дээр өрнөж байгаа амьдрал, хүний амьдрах нөхцөлийн тухай  асуудал хөндөхийг  зорилоо. Айл өрх болгон нийлж  саахалт, суурин тосгон,  аймаг сум,  хот хүрээ  болж өргөждөг. Тэгэхээр хотын талаар таны бодол?

-Эртний Грекийн зүйр үг бас байна. “Хүн хотыг босгодог. Хот нь  хүнээ бий болгодог” гэж. Энэ нь ухаад бодвол хотын хүн хотын л араншинтай, амьдрах аргатай хотын  зан үйл соёл нэвтэрсэн байдаг. Чи сайхан хотыг бүтээвэл чиний амьдрал сайхан л байна. Эмх замбараагүй хотыг бүтээвэл чиний амьдрал бас л эмх замбараагүй байна гэсэн үг л дээ.  Хот бол  жижигсгээд харвал нэг өрх айл юм. Өрх айлд юу хэрэгтэй байна. Тэр бүхэн хэрэгтэй.  Хот бол  олуулаа амьдардаг айл. Олон хүүхэдтэй айлын томсгосон хэлбэр. Юуны өмнө энд нарийн дэг журам,  хямгатай байх,  тооцоотой байх эдийн засаг, өрхийн тэргүүнийхээ  үгэнд орж нэг зүг хамт урагшлах   ёс жудаг  их хэрэгтэй.

-Хотын хүн нийгэмдээ ойр, хөдөөгийн малчин байгальдаа илүү ойр  амьдарч байна. Хотыг хөдөөгийн сайханд  дөхүүлэх, хөдөөг хотын мэдээлэлд ойртуулах ажил  өнөөдрийн  эрэлт болоод байна. Ямар шийдэл гарц байна?

– Хот бол бөөгнөрөл, төвлөрлийн хөлд  хэт их  ядарч байна. Үүндээ хотын хүн бухимдалтай болж, улмаар эрүүл мэндэд нь ноцтой нөлөөлж байна. Дуу чимээ, утаа униар, хөл хөдөлгөөний далд ядаргаа  хүн бүхэнд  байна.  Хөдөөгийн уул талаар  дураараа давхилдах шиг хөдөөгийн хүнд ийм зүйл  бараг үгүй. Эндээс нь харвал хүний амьдралын хамгийн чухал нөхцөл нь орчин ажээ.  Орчноо  сайн сайхан байлгах нь хүн бүхэнд тустай.  Орчин бий болгох, тэндээ  өөрийгөө жаргаах нь хүн  бүхний хүсэж буй зүйл. Хотод  эрүүл, ногоон орчин бий болгохыг өрх болгон дэмжин оролцвол нэг талаас өөрсдийнхөө төлөө,  нөгөө талаас хотын хүн амын буюу бусдын төлөө гэдгээ л ухамсарлах хэрэгтэй.   Дэлхий өнөөдөр хотжилтын балгийг арилгах үүднээс НОГООН өнгийг онцолж байна. Чухамдаа байгальдаа ойртох гэж тэмүүлж байна. Ногоон хот, ногоон дүүрэг, ногоон эдийн засаг,  ногоон амьдрал гээд салбар бүхэнд энэ өнгөний уриа зорилго  дуурссаар байна. Ер нь  хотыг  ногооруулах, хотын ногоон орчныг гадна болон барилга дотор бий болгоход хотын иргэн бүр оролцвол сайшаалтай. Хашаандаа  нэг мод ч гэлээ ургуулчихвал олон талын ашигтай. Тэр   ногоон орчин нь өрх гэр, иргэнээ дэмжсэн байвал илүү зохилтой. Жимсний бут суулгаад арчлаад ургуулвал  жимсээ хүнсэндээ хэрэглэхээс эхлээд амьдралд нь тус дэм болоод эхлэх жишээтэй. Хотын ногоон байгууламжийн ая холбогдлын талаар хэд хэдэн судалгааны үр дүнг дурьдмаар байна. Тухайлбал хотын агаарын  бохирдол  ялангуяа нарийн ширхэгт тоос, тоосонцроос  хамаарч дэлхий дээр жил бүр  3.2 сая хүн нас барж байдаг. Улаанбаатар хотын  хэмжээнд 2010-2014  байдлаар  нас барсан  1-5 настай хүүхдийн  83.1 хувь    агаарын бохирдлоос шалтгаалсан болохыг тогтоосон байдаг. Хотын ногоон байгууламж нь тоос тоосонцрыг шүүх био шүүлтүүр болохоос гадна дуу чимээг шингээж   хүмүүсийн стрессийг  бууруулахад шийдвэрлэх үүрэгтэй.   АНУ-д хийгдсэн судалгаагаар  ногоон байгууламж ихтэй дүүрэгт гэмт хэргийн гаралт бага, модгүй дүүрэгт  1 дахин илүү их хэмжээний гэмт хэрэг бүтргэгдэж байгаа нь  хотын иргэдийн дуу чимээний стрессээс шалтгаалдаг болохыг тогтоосон байна. Иймд л дэлхий даяар Ногоон өнгийг их ярьж , хэрэгжүүлж байна.

-Та дээр ногоон байгууламжийн талаар өгүүлэхдээ гаднах ногоон байгууламжаас гадна доторх ногоон байгууламжийн талаар хальт дурьдлаа. Үүнийгээ жаахан тодруулж өгөхгүй юу?

-Хотын ногоон байгууламж гэхээр зөвхөн гадна талбайд ногоон байгууламж бий болгохоос гадна албан байгууллага, ресторан, олон хүн хүлээн авах зориулалт бүхий газруудад байшин дотор ногоон байгууламж бий болгох нь хүний эрүүл мэнд, ажиллах орчин, тав тухтай байдал, ажлын бүтээмжид ихээхэн нөлөөтэй. Тухайлбал агаарын 21 хувь нь хүчилтөрөгч, 78 хувь нь азот байна. Барилгын дотор их бүгчим болж байгаа нь 21 хувийн хүчилтөрөгчийн хэмжээ буурч байна гэсэн үг. Мөн хүн өөрөө нүүрсхүчлийн хий ялгаруулна. Ийм нөхцөлд хүний биед хүчилтөрөгч дутагдах, улмаар тухгүйдэх, бухимдах зэрэг таагүй мэдрэмж төрнө. Шийдэл нь тэнд ногоон ургамал байж байвал хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг шингээж аваад, хүчилтөрөгч ялгаруулна. Ингээд агаар цэвэршиж  хүний биед хүчилтөрөгч дутагдахгүй бол бүх үйл ажиллагаа хэвийн амжилттай, сэтгэл өөдрөг байх нөхцөл бүрдэнэ. Барилгын доторх ногоон байгууламж бол хүн эрүүл байх, ажлын бүтээмж өндөртэй байх бас нэг үндэс гэж ойлгодог юм.

-Хотын хүн, хотын соёл гэж нэг ойлголт гараад байна. Та хотын иргэний хувьд  давын өмнө  орчин бий болгоход эхлээд юуг анхаарах вэ?

-Хотын иргэн гэдэг их хүндтэй юм.  Иргэн соёлтой, аз жаргалтай бол хот аз жаргалтай амар тайван л байна. Иргэн соёлгүй, хариуцлагагүй бол хот  түүн шиг л байна. Орчин бий болгохын тухайд хувь хүний  манлайлал, санаачилгатай  байх л их нөлөөтэй. Улаанбаатар хот 180 гаруй мянган  өрх  гэр хороололд амьдарч байна гэсэн тоо байдаг. Энэ тоог  дурдаад байгаа нь  0, 7 га газар  10 жимсний бут  суулгалаа гэж бодоход хотын гэр хороололд бараг хоёр сая жимсний бут  ургана.  Нэг бутнаас  нэг килограмм жимс хураана гэвэл 2000 орчим тонн жимс хураана. Энэ бол бодитой тооцоо. Гэтэл Монгол улс хэрэгцээт жимснийхээ 91 хувийг гадаадаас авч байна. Бидэнд ямар их боломж байгааг харах хэрэгтэй. Мөн валютын урсгалыг дотооддоо шингээх бас нэг чухал хүчин зүйл. Ил харагдаж тооцогдож байгаа нь л энэ. Ил харагдахгүй ч цаана нь хичнээн  зуун тонн хүчилтөрөгч нийслэлд бэлэглэж,  агаар цэвэршүүлж, дуу чимээ, тоосны жижиг хэсгийг шингээж байгааг тооцохын аргагүй.  Энэ бол нэг өрхийн нийтэд  хүртээж байгаа эрүүл мэндийн хөрөнгө оруулалт юм даа. Багаас эхэлж, нийтээрээ санаа нэгдэх юм бол бидэнд хийх ажил их байна. Хотын иргэн хотдоо соёл түгээж, хот нь соёлтой иргэндээ  сайхан орчныг бүрдүүлж өгч байх  нь  нэн  чухал гэж боддог. Өрх, айл бүхэн хашаандаа, албан байгууллага, ресторан, байрны айлууд барилгын дотор ногоон орчин бий болгохыг л хичээх хэрэгтэй дээ. Миний амьдарч байгаа Хан-Уул дүүрэг л гэхэд хотын дүүргүүдээс хамгийн их ногоон байгууламжтай дүүргээр  хэдэн удаа шалгарсан.

-Хот,  мод хоёр хүйн холбоотой байж л ногоон хот,  байгальд ээлтэй хот болно. Ногоон  орчны гол төлөөлөл нь мод, цэцэрлэг. Яавал үүнийг өргөжүүлэх бол? Мод тарьж сурахгүй л байх шиг.

-Аргагүй үнэн. Бид мод тарьж ургуулахдаа их дутагдалтай. Тарьсан модоо тоолвол их тоо гарна. Ургасан нь гэвэл хэд дахин багасчихна. Энэ нь хотын менежменттэй холбоотой. Манай урд хөршид  ойжуулалтын компаниуд  мод тарьдаг. Тэд эхлээд өөрсдийнхөө хөрөнгөөр мод тарина. Тарьсан модоо  эрийн цээнд хүртэл нь өөрсдөө хувь заяаг нь хариуцна. Барагцаалвал  3 жилийн дараагаас тарьсан мод нь  баталгаатай ургах нөхцөл нь бүрдсэн цагт  тухайн газрын  хот тохижуулах байгууллагад хүлээлгэн өгч тарьсан модныхоо хөрөнгө, мөнгийг  авдаг.  Ургуулах хугацаанд  бүхий л арчилгаа  тарьсан компани л хариуцна гэсэн үг л дээ. Мөн их хариуцлага харагдаж байгаа биз. Манайд бол суулгаад л мартчихна. Азтай нь ургана. Ихэнх нь намар хураахаас  өөр аргагүй болно. Энэ арга   ухааныг өөрчлөх хэрэгтэй. Мод бол амьд организм.  Хөдөөд мянгат малчин гэдэг шиг  хотод  зуут, мянгат  модчин гэж байхад юу нь болохгүй гэж. Ажилгүйдэл нэмэгдэж, хүмүүс амьдрах нөхцөл муудлаа гэж үгэлж дуулж байхад ийм  ажил олголт байх нөхцөл дүүрэн л байна. Үүний зэрэгцээ ногоон байгууламжинд цэцэг, зүлэгний аж ахуй ихээхэн чухал. Үүнийг бас шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх шаардлагатай.

-Бэлэнчлэх сэтгэлгээг  бид шүтэх болж. Зүгээр л хандив,  дэмжлэг, үнэгүй мөнгө тараалт хөдөлмөрлөхгүйгээр  амьдрах амар хялбар ухаанд хэт автсан юм шиг?

-Тэр үнэн. Ажил голоод хийдэггүй, цалинг нь голно. Нөхцөлийг нь голно. Тэгсэн  хирнээ зүгээр л мөнгө төгрөг гуйгаад алгаа тосоод нэхээд байх. Үүнийг төр засаг  сонгуулийн шоугаар  эхлэлийг нь тавьсан гэж хэлж болно. Амлалт нь ихдэж  амандаа унаж  зүгээр  ямар ч үнэ хүндгүй хөрөнгө оруулалт иргэддээ хийсэн нь  энэ муу занд сургасан. Гаргасан энэ алдаагаа төр засаг засах л хэрэгтэй. Гар хөдөлвөл  ам хөдөлнө гэдэг биз дээ. Өргөн уудам, үржил шимт хөрстэй,  байгалийн баялаг дүүрэн  газар нутгийг дээдсээс  бидэнд өвлүүлсэн, өргөн уудам нутагтаа дураар нүүх  нөхцөлийг бий болгосон, цөөн хүн амтай  монголчуудын хувьд  өлсөх цангахын  хөндлөнгийн зовлон үгүй баймаар сан. Хувь хүний амьдрах эрх зүйг нь бүрдүүлээд өгвөл  амьдрах эсэх нь өөрийнх нь оюун ухаанаар шийдэгдэж, хичээл зүтгэлээр хэрэгжих учиртай. Өрх баян бол улс баян шүү дээ.

-Аманд нь бэлэн хоол хийгээд байх уу, арга зам нь зааж өгөх үү гэдэг их ялгаатай зүйл дээ?

-Бид бэлэнчлэх сэтгэлгээний эрин үед амьдарч байна гэвэл хэтийдэхгүй. Талх  барьж ирээд өгөөд байхуу, талх барих аргыг нь заах уу,  загас барьж өгөөд байх уу,  загас барих уургы нь бэлдэж, аргы нь зааж өгөх үү гэдэг л  хүнээ хөгжүүлэх төрийн бодлогын нэн тэргүүний зорилт байх учиртай. Ингээгүйгээс  бид өнөөдрийн бэрхшээлийг бий болгочихлоо. Нөгөөтэйгүүр  авсан бол өгдөг байгалийн хуулийг баримтлах ёстой.  Алтыг нь аваад авдрыг нь  хаядаг  оньсого шиг байж болохгүй. Үүний хор хохирлыг бид энэ биеэрээ амсаж байна. Ой модоо зохисгүй ашигласан нь  ус голдоо нөлөөлж, ган хуурай  ихсэж байна. Эмх замбараагүй  талын нэг зам гаргасан нь хөрсөө доройтуулж, орчныхоо мал, хүнд сөрөг  нөлөөлж, хөрсний эвдрэл эх захаа алдаж байна. Энэ бүхэнд шинжлэх ухааны үндэстэй газар зохион байгуулалт, төлөвлөлт чухал л даа. Өөрөөр  хэлбэл газраа зөв ашиглаж, зөв төлөвлөх нь эрүүл байх, эдийн засгийн үр ашигтай байх гээд юм бүхний үндэс юм. Харамсалтай нь газрыг буруу ашигласнаас өнөөдрийн сөрөг үр дагаваруудын ихэнх нь үүсэж байгааг ойлгох хэрэгтэй.  Газрыг зөв ашиглах, байгаль орчинд ээлтэй байх нь тусгаар тогтносон орны хүр бүрийн эрхэм зорилго байх учиртай.

Нэг мод огтолвол хоёр мод тарь гэсэн лоозонг бид мэднэ дээ. “Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө”  гэж монголчуудын сайхан үг байна. Сав хоосон буцаадаггүй  ёс заншил байна. Энэ бүхэн бидэнд  их л зүйлийг ухааруулах шиг санагддаг даа.

-Хот төлөвлөлтөөсөө эхэлдэг гэж  та хэлдэг. Тэгвэл  хотын амьдрал бас төлөвлөлтийн үр дүнтэй холбоотой юу?

-Тиймээ,  Улаанбаатар хотын анхны төлөвлөлтөөс ажиглахад  миний ажиллаж амьдарч байгаа Хан-Уул дүүрэг гэхэд л Ажилчны район гэж байсан. Энэ дүүрэгт бүхий л үйлдвэрүүд баригдсан.  Нэг талаасаа байгаль экологийн  хувьд сүрхий зөв шийдэл юм шиг харагдаж байгаа. Баруун хойноосоо голдуу салхитай монгол орны цаг уурын нөхцөл байдалтай ч уялдсан байдаг. Тэгтэл одоо  хувьчлалын хөлд дайрагдаж  томоохон үйлдвэрийн бааз нуран унасан. Магадгүй одоо хамгийн их бохирдолтой газар болж хувираад байна. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлж буй.  Үүнийг эргэж сэргээх, экологийн шийдлийг нь   зөв  хийх шаардлага гарч эхэллээ.  Хотын соёл, ногоон хотын төлөвлөлтөд энэ ч бас хамаатай. Хотын иргэн сайхан амьдарна гэдэг сайхан хотын төлөвлөлтөөс шалтгаална гэж л хэлэх гээд байна л даа. Энэ дашрамд хэлэхэд Улаанбаатар хотын төлөвлөлтийг 5 удаа хийсэн байдаг юм. Эхний том төлөвлөлтөнд сайн тал ч их бий, бас муу тал ч байна. Тухайлбал  хотын алс ирээдүйг дутуу тооцоолсон. Өөрөөр хэлбэл  Улаанбаатар хотыг 600.000 орчим хүнтэй байна гэж тооцоолсон байдаг. Тэгвэл одоо  хүн амын тал хувь нь  хотдоо ирээд суурьшчихсан. Үйлдвэр,  хүн амын суурьшил хоёр нэг доор байх үндэс байдаггүй. Нэг нь нэгэндээ сөрөг нөлөөтэй. Энэ үүднээс үйлдвэрийн районыг  тусад нь  төлөвлөсөн  зөв л бодлого байсан.

-Хотын төлөвлөлтийн талаар  ярилаа.  Хувь хүн өөрийгөө хэрхэн төлөвлөх вэ?

-Юуны өмнө монгол хүн байх учиртай. Мэдлэгтэй хүн байх учиртай. Сэтгэлтэй хүн байх учиртай.  Зөв хандлагатай байх учиртай. Иймд сурах, мэдэх, хийх зүйлээ байнга төлөвлөх  хэрэгтэй л гэж боддог доо. Нийгэм өнөөдөр зөв хүний тухай,  зөв хандлагын тухай ярих боллоо. Энэ бол хувь хүний биеэ авч явах соёл, нийгэмших явц, ертөнцийг үзэх үзэлтэй салшгүй холбоотой. Хувь хүн өөрийгөө төлөвлөж байж энэ бүхнээ төлөвшүүлдэг. Өөрийгөө ажиллах, сурах, мэдэх, хөгжих үйл ажиллагаагаа төлөвлөөгүй хүн тогтвор суурьшил муутай харагддаг.  Хичнээн их мэдлэг боловсролтой байлаа ч  аливаад хандах  хандлага нь буруу бол  тэр хүний ажил үйлс нийгэмд үзүүлэх нөлөө тийм ч сайн үнэлгээ авахгүй. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээсээ ханддаггүй,  тухайн байгууллагаас  мэдлэг чадвар, дадал олж аваад  өөр газар дамжуулан зарж  ажлаа өөрчилдөг  жишээ олон л байна. Нийгмийн зөв хандлага гэдэг их чухал. Зөв хандлага бол  цаагуураа сэтгэлиийн нэг илрэл юм.

Л.МӨНХТӨР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж