Ам.долларын өсөлт иргэдэд хүнд тусч байна

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Ам.долларын өсөлт иргэдэд хүнд тусч байна

Ам.долларын өсөлт иргэдэд хүнд тусч байна

Ам.доллартай харьцах төгрөгийн ханш тасралтгүй унаж, өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2854 төгрөгтэй тэнцээд байна. “Найман шарга”-д нэг ам.долларыг 2854 төгрөгөөр авч, 2857 төгрөгөөр зарж байлаа. Өнгөрсөн долоо хоногт ам.доллар ийнхүү гурван өдөр өсч, хоёр өдөр тогтворжсон нь энэ билээ.

Өнгөрөгч Баасан гаригийн албан ханшаар нэг ам.доллар 2854.58 төгрөгт зарлагдсан. Мэдээж энэ нь сүүлийн хоёр хоногт өсөөгүй үзүүлэлт боловч өмнөх өдрөөсөө 0.01 хувиар, энэ сарын эхнээс 0.06 хувиар, энэ улирлын эхнээс 1.1 хувиар, харин энэ оны эхнээс 4.43 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Оны эхэнд ам.долларын ханш 2734 төгрөгтэй тэнцэж байсан бол өдгөө нийтдээ 120 төгрөгөөр нэмэгджээ.

 “Найман шарга” төвийн ойролцоо зогсоод ам.доллар авна, зарна гэдэг хүмүүс  цөөрчээ.  “Байц хайрхан”, “Суваргын дэл” ББСБ, “Найман шарга”  зэрэг валют арилжааны төвөөр орвол ченжүүдээс өөр хүнгүй шахам дүр зураг угтлаа.

Өмнө нь толгой өндийх завгүй шахам олны хөлд дарагддаг валютын зах  одоо ёстой эл хуль болжээ. Хүн харуулдсан ченжүүд хөзөр тоглож, нэгэнтэйгээ валют солилцож, хоол идэж, утсаар ярихаас өөр “ажилгүй”.  Энэ нь ам.долларын ханш өссөнтэй холбоотой ч нөгөө талаас хил хаасан тул ийнхүү валют арилжааны төвүүдийг зорих хүнгүй болсон гэдгийг ченжүүд учирлаж байв.

Хэрэв ам.долларын ханш буурвал ченжүүдэд ашигтай, тэдний орлого өсөхөд ч нөлөөлөх аж. Ам.долларын ханш сулрах тусам төгрөгийн үнэ цэнэ өсөх тул худалдан авч байгаа, зарж байгаа аль альд нь ашигтай. Харин ам.долларын ханш өссөөр байвал мэдээж төгрөгийн үнэ цэнэ буурч, ам.доллар солиулж буй хүн ч цөөрдөг аж.

АМ.ДОЛЛАРЫН ӨСӨЛТ ОРЛОГО БУУРЧ, ЗАРЛАГА ӨСӨХӨД НӨЛӨӨЛЖ БАЙНА

Ам.долларын ханш өсөхөд бензин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь бичигдээгүй хууль. Сүүлийн үед төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш эрс чангарсан нь иргэдийн хувьд орлого буурч, зарлага өсөхөд нөлөөлжээ.

Иргэн Б.СОЛОНГО: 

-Ам.долларын ханш өссөн нь алхам тутамд мэдрэгдэж байна. Хоол хүнснээс авхуулаад бараа бүтээгдэхүүн гээд бүгд үнэтэй болсон. Эдийн засаг хямралтай, гаднаас бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг импортолдог Монгол Улсын хувьд ам.долларын ханш чангарч байгаа нь бидэнд хүнд тусч байна. Өдөр өдрөөр л валют чангарч байна. Саяхан би евро солиуллаа. Ам.доллараас дутахааргүй долоо хоног, сар сараар өсч байна. Төгрөгийн ханш сулрах тусам амьдрахад хэцүү болж байна. Мах, ногоо, бензин, унааны үнэ улам өссөөр л байгаа нь орлого буурч, зарлага өсөхөд нөлөөлж байна.

Иргэн Д.ДОРЖ: 

-Өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ өссөөр байгаа нь тэтгэврээр амьдардаг надад хүндхэн л тусч байна. Сүү гэхэд 2500 төгрөг байсан бол одоо 3000 төгрөг болж нэмэгдсэн. Талх ч бас 2000 төгрөг болчихож. Ам.доллар өсөхийн хэрээр барааны үнэ нэмэгдээд, зарлага өсч байна. Телевизээр доллар өслөө л гэж мэдээлэх юм. Төрөөс дорвитой арга хэмжээ авсныг нь мэдэхгүй.

Иргэн Б.БУЯНЖАРГАЛ: 

-Ам.долларын ханш өсөхийн хэрээр зарлага өсч байна. Хамгийн энгийн жишээ татахад, мах, бензиний үнэ өссөн. Такси бариад нэг км явсан ч 1500 төгрөг болсон. Орлого өсөхгүй атлаа зарлага өмнөхөөсөө илүү өссөн нь өргөн хэрэглээний хүнс, бараа бүтээгдэхүүн, унаа гээд бүхий л юмны үнэ нэмэгдсэнтэй холбоотой.

Ахуй амьдралд орлого буурч, зарлага өсөөд, бидний амьдралд хүндхэн л тусч байна. Ам.долларын ханшийг тогтвортой барихад төрөөс ямар нэгэн зохицуулалт хийдэггүй. Хэрэв дорвитой арга хэмжээ авсан бол өдийд орлого нэмэгдэхгүй гэхэд зарлага өсөхгүй шүү дээ.

Иргэн А.НАСАА: 

-Ам.долларын өсөлт амьдралд маш их нөлөөлдөг. Төгрөг сулрахын хэрээр хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, хүүхдийн сургалтын төлбөр гээд бүгд маш үнэтэй боллоо. Өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдсээр байгааг та нар ч бас харж байгаа шүү дээ. Ам.долларын өсөлтийг тогтвортой барихад төрийн зохицуулалт маш хэрэгтэй байна. Гэтэл ийм зохицуулалт байхгүй учраас иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна шүү дээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж