БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийсэн билээ. Түүний айлчлал ӨМӨЗО-д монгол хэл, соёлоо авч үлдэх, Хятадын эрх баригчдын эсрэг эсэргүүцэл, тэмцэл өрнөж буй цаг үетэй давхцсанаараа онцлог байв. Уг айлчлалаас дэлхий нийт, ялангуяа Азийн улс орнууд ӨМӨЗО-д болж буй асуудалд Монгол Улс ямар байр суурь илэрхийлэх бол гэсэн хүлээлттэй байсан юм.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улсад хийсэн айлчлалын талаар Хонгконгод төвтэй англи хэл дээр бэлтгэгддэг Хятадын “South China Morning Post” сонинд гарсан нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэе.
Хичээлийн шинэ жилийн эхний өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний телевизээрээ монгол дээлээ өмсөн, хүүхдүүд тойруулан суугаад, нэгэн шүлэг уншиж эхлүүлсэн. Энэ шүлэг бол босоо монгол бичгийн тухай Өвөр Монголын яруу найрагч Р.Сэцэнцогтын бичсэн “Миний монгол” шүлэг байв. Уг шүлэгт “Би унадаггүйн учир үсэг минь босоо юм байлгүй” хэмээн өгүүлдэг. Х.Баттулга Ерөнхийлөгч болоод гаргасан анхны зарлиг нь “Жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний өдрийг Эх хэлний өдөр болгох” байсан юм. Энэ үеэр ӨМӨЗО-д монгол хэлээр ордог хичээлүүдийг хятад хэлээр ордог болгох Бээжингийн эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн хөдөлгөөн ид өрнөж байсан ба Х.Баттулгын хувьд эх хэлний асуудлыг шууд хөндөөгүй боловч түүний шүлгийн сонголт нэг зүйлийг хэлэх шиг болсон юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга эх хэлний асуудлыг шууд хөндөхөөс цааргалж байсан ч Ерөнхийлөгчийн албан тушаал нь эх хэлээ сурталчлахыг шаардаж байв. Монголын ард түмэн Хятадын эрх баригчид ӨМӨЗО-д монгол хэлийг хавчих бодлого баримтлах болсон нь монгол хэл соёлыг үгүй хийх оролдлого гэж харж байна. Гэхдээ ийм үед Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгийн хувьд хэт хамааралтай өмнөд хөрштэйгөө муудалцахыг хүссэнгүй.
Бээжингийн эрх баригчдын монгол хэлийг хязгаарлах шийдвэрийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Т.Галсан гэх мэт улс төр, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд ил тод буруутгаж, Өвөр Монголд “соёлын геноцид” явуулж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Удалгүй Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал болж, энэ үеэр Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд 100 гаруй хүн уг айлчлалыг эсэргүүцэн жагссан.
“Монгол нийгэмлэг”-ийн тэргүүн, монголч эрдэмтэн, профессор Алисиа Кампи “Монголчууд тэр бүр иймэрхүү асуудал дээр гудамжинд гарч жагсаад байдаггүй. Хэдэн мянган хүн оролцоогүй ч энэ бол маш чухал жагсаал болсон. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж монгол хэлний асуудал дээр хүчтэй байр суурь илэрхийлсэн нь ч бас маш ач холбогдолтой, чухал мессэжийг ард түмэнд болоод Хятадын эрх баригчдад өгсөн гэж бодож байна. Би ийм зүйл сүүлийн 30 жилд хараагүй” хэмээн ярьжээ.
Ван И-гийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх монгол хэлний асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Харин Ван И хариуд нь Хятад, Монгол Улс бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй гээд БНХАУ-аас Монгол Улсад 700 сая юанийн (103.3 сая ам.доллар) буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн.
Антропологич, монгол судлаач эрдэмтэн Марисса Смит “Монголчуудын гол санаа зовж буй асуудал бол Хятад дахь монгол угсаатнууд биш, харин монгол хэлний асуудал юм. Монголчууд энэ асуудлыг Монголын тусгаар тогтнолтой холбоотой асуудал гэж харж байна” хэмээн хэлсэн байна.
МУИС-ийн ахлах багш Д.Оюунсүрэн “Монголын улстөрчид ӨМӨЗО-д болж буй асуудал дээр ам нээхгүй байгаа ч жирийн иргэд монгол хэл соёлоо аврахын төлөө цахим сүлжээнд өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, нэгдэж байна. Монгол Улсын хувьд эдийн засгаа тогтвортой байлгахын тул Хятад улстай сайн харилцаатай байх ёстой. Ийм учраас Монголын эрх баригчид эх хэлний асуудал дээр ганц үг хэлж зүрхлэхгүй байгаа юм. Ажиглагчид Монголд орон нутгийн сонгууль болохоос өмнө Хятадын Гадаад хэргийн сайд ирж, 700 сая юанийн тусламж үзүүлж буйг Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй явдал гэж харж байна” гэжээ.
Үүнээс өмнө Хятад, Монгол Улсын хооронд хурцадмал байдал үүсч байсан. 2016 оны арваннэгдүгээр сард Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам Монгол Улсад айлчлахад Хятадын эрх баригчид ихэд бухимдан Монголын түүхий эдийн импортод нэмэлт татвар ногдуулах шийдвэр гаргаж байв. Тухайн үед Ван И “Монгол Улс энэ явдлаас их зүйл ойлгож авсан гэж найдаж байна” гэх утгатай мэдэгдэл хийж байсан юм.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ