Тэд ч, бид ч Монголоороо байгаасай

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Тэд ч, бид ч Монголоороо байгаасай

Тэд ч, бид ч Монголоороо байгаасай

Өвөр Монголын өөртөө засах орны бага сургуулиудад нэгдүгээр ангиас нь хятад хэл заах шийдвэрийг эсэргүүцсэн өвөрлөгчдийн тэмцлийг дэмжсэн үйл явц өрнөсөөр байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайн ноён Цай Вэньруй Өвөр Монголд байдал хэвийн, сургуулийн хичээл хэвийн үргэлжилж байна хэмээн NEWS агентлагт өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн. Гэвч Элчин сайдын үг бодит байдалтай нийцэж байгаа эсэхийг нотлох арга алга. Хатуу чанд хяналттайгаараа алдартай Хятад улсад төрийн шийдвэрийг эсэргүүцсэн аливаа үйлдэл дэлхий нийтэд ил тод болдоггүй. Монголын сошиал хэрэглэглэгчдийн орон зайд өвөрлөгчдийн эрх зөрчигдөж байгаа талаарх бичлэг, мэдээ сүүлийн үед хамгийн эрэлттэй байна.

Монгол хэл, бичгийн төлөөх тэмцлийн дундуур БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хоёр хоногийн айлчлал хийгээд буцлаа. Есдүгээр сарын 15-наас 16-нд Улаанбаатарт хоёр хонож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийсэн. Ван И-гийн айлчлалын үеэр Монголын талаас ч, Хятадын талаас ч монгол хэл, бичгийг хамгаалж үлдэх тэмцлийн талаар ямар үг дуугарах бол гэдгийг бараг бүгд чих тавин хүлээж байсан ч талаар боллоо.

Энэ тэмцлийг дэмжиж байгаагаа анхнаасаа олон нийтэд илэрхийлсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сүүлийн өдрүүдэд телевизийн ярилцлага, нэвтрүүлэгт оролцон байр сууриа илэрхийлсээр байна.

Өвөр монголчуудад тулгараад байгаа энэ асуудал ар монголчууд бидэнд үндэсний хэл, бичгээ шинэ нүдээр харах эх оронч уур амьсгал бий болгож байна. 1946 он хүртэл өвөрлөгчдийн нэгэн адил босоо монгол бичгээ хэрэглэж байсан монголчууд 1990 оноос хойш үндэсний бичгээ сэргээн хэрэглэхээр төрийн түвшинд зохих шийдвэрүүд гаргасаар ирсэн ч кирилл үсгийн хэрэглээг давах хэмжээнд очиж чадаагүй байгаа билээ.

Анх 1995 онд УИХ-аас Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр гаргасан бөгөөд 2005 он хүртэл хэрэгжүүлэх уг хөтөлбөрт монгол бичиг сурах идэвхийг өрнүүлж, албан ба албан бус сургалтад бүх нийтийг хамруулах; бүх шатны сургуульд монгол бичиг заах багш бэлтгэх, давтан бэлтгэх, ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, монгол бичгийг телевиз, радио, хэвлэлээр заах болон насанд хүрэгчид, түүний дотор төрийн албан хаагчдад зааж сургах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах; төв, орон нутгийн хэвлэх үйлдвэрийг компьютержүүлж, тэдгээрийг монгол бичгийн хөтөлбөр, түүнийг эзэмшсэн боловсон хүчнээр хангах, монгол бичгээр сурах бичиг, гарын авлага хэвлэж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг төрөөс дэмжин туслах; монгол бичигт бүх нийтийг сургах, түүнийг өргөн хэрэглэх хэрэгцээ, орчин бий болгоход чиглэсэн санаачилга, ажиллагааг бүх талаар хөхүүлэн дэмжих зорилтуудыг тавьсан.

Эдгээр зорилго хэрэгжсэн эсэхийг 2005 он гэхэд насанд хүрсэн хүн амын доторхи монгол бичигтэй /чөлөөтэй уншиж, бичдэг/ болсон хүний эзлэх хувь, монгол бичгээр сургалт явуулах түвшинд хүрсэн багшийн хангамж, монгол бичгээр ном, сурах бичиг, сонин сэтгүүлийн эх бэлтгэх боловсон хүчний болон техникийн нөхцөл бүрдсэн байгууллага, хэвлэлийн газрын эзлэх хувь, монгол бичгээр хэвлэсэн сурах бичиг, гарын авлага, толь бичиг, сургалтын ном зохиолоор хангагдсан байдал, монгол бичгээр хэвлэж байгаа сонин хэвлэлийн тоо, чанар нэмэгдсэн эсэхээр хэмжихээр тусгасан.

Энэхүү үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн дараа шатны зорилтуудыг тавьж ирсэн бөгөөд эдүгээ гурав дахь хөтөлбөр хэрэгжиж байгаа юм.

Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III-ыг энэ оны гуравдугаар сард баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршино.

Гэвч кирилл, монгол хос бичгийн хэрэглээ бий болгоно гэсэн Монголын төрийн шийдвэр хэрэгжинэ гэдэгт итгэж байгаа хүн хэр олон байгаа бол? Өвөр Монгол ахан дүүсийн Монголоороо байх гэсэн энэ удаагийн тэмцэл бидэнд үндэсний өв соёлоо тээн үлдэх ухамсрыг сэргээлээ.

Одоо хэрэгжиж буй хөтөлбөрт дараах зорилтуудыг тавьсныг энд сануулъя.

Нэгд, Мэдээлэл харилцаа, холбоо технологийн газар: цахим орчинд монгол бичгээр саадгүй харилцах юникод стандарт батлуулах,

Хоёрт, Стандарт хэмжилзүйн газар төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх стандарт батлах

Гуравт, ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Улсын бүртгэлийн газар хамтран монгол хүний болон ургийн овгийн нэр, хуулийн этгээдийн нэршлийн сан бүрдүүлэх, бүртгэлийн цахим системд шилжүүлэх, байнга шинэчилж байх тогтолцоо бий болгох

Дөрөвт, Хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтлэл, мэдээллийн агуулгыг 2024 он хүртэл үе шаттайгаар хос бичгээр хэвлэх, нийтлэх

Тавд, Төрийн бүх шатны байгууллагууд: монгол бичгийн цахим бичвэрийн орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах

Зургаад, Боловсролын бүх шатны сургалтын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдэд: монгол бичгээ судлах суралцах цагийг нэмэгдүүлэх, заах аргазүйн шинэчлэл хийх, цахим сурах бичиг, толь бичиг, цахим сургалтыг нэмэгдүүлэх

Долоод, Бүх шатны Засаг дарга нар нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, аян өрнүүлэх, иргэдийг урамшуулах

Наймд, Төрийн албаны зөвлөл: төрийн албан хаагчийн анкетад монгол бичгийн мэдлэг, чадварыг тэмдэглэх хэсэг нэмэх, төрийн албаны ерөнхий шалгалтын монгол бичгийн мэдлэг чадварыг үнэлэх оноог нэмэгдүүлэх, албан тушаалд тавих шаардлагад монгол бичгийн мэдлэг чадварыг нэмж тусгах

Есд, Иргэд, олон нийтийн байгууллагууд монгол бичгийн сургалт, сурталчилгаа эрхлэх, монгол бичгийн цахим контентууд нэвтрүүлэх, монгол бичигт суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх

Аравт, Соёл, шинжлэх ухаан, гадаад дахь монгол судлалын төвүүд монгол бичгийн өвийг хамгаалах, судлах, сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үзэсгэлэн эрдэм шинжилгээний хурал, уулзалт арга хэмжээ зохион байгуулах зэрэг зорилтыг хэрэгжүүлэх юм.

Эцэст хэлэхэд, Өвөр Монголд үүссэн асуудал нь Монголоороо байх л язгуур хүсэл юм. Тиймээс тэд ч, бид ч Монголоороо байгаасай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж