Б.Мэргэн: Х.Нямбаатар сайд эрүүгийн эрх зүйн суурь ойлголтгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Б.Мэргэн: Х.Нямбаатар сайд эрүүгийн эрх зүйн суурь ойлголтгүй байна

Б.Мэргэн: Х.Нямбаатар сайд эрүүгийн эрх зүйн суурь ойлголтгүй байна

Өмгөөлөгч Б.Мэргэнтэй шүүх засаглал тойрсон асуудлаар ярилцлаа.


-Хөнгөн ялтай хүмүүсийг хорихгүй, гэрт нь цахилгаан гавтай хүмүүжүүлэхээр Эрүүгийн шинэ хуульд суулгаж өгсөн. Энэ зохицуулалт ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Үүний үр дүнд гурван тэрбум төгрөг хэмнэж байгаа гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Үнэхээр үр дүнтэй, хүндээ ч, эдийн засагтаа ч хэрэгтэй зохицуулалт болж чадах уу?

-Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2015 оны Эрүүгийн хуульд тусгасан байсан. Шинэ сэдэв биш. Монгол Улс  хоригдлын тоогоороо дэлхийд дээгүүр ордог. Ялангуяа 100 мянган хүнд оногдох хоригдлын тоогоор Азид хоёрт орсон байсан. Олон хоригдол тэжээх байр савнаас эхлээд төсөвт хүндрэлтэй учраас аль болох хорихоос татгалзах нь зөв. Шоронгоос гарч ирснийх нь дараа ажилд авдаггүй зэрэг нийгэм хүлээж авахгүйгээс зарим нь зориуд гэмт хэрэг хийж буцаж ордог гэдэг яриа хүртэл бий. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэм, хамт олноос нь тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх боломж бүрдүүлэх ялын сонголтууд хэрэгтэй. Хэрэг хийсэн этгээд шоронд хоригдсоноор нийгмээс улам холдож, тусгаарлагдах асуудал гардаг. Бусдаас муу үлгэр дуурайлал аваад гарч ирэх нь бий. Гэмт хэрэгт дахин татагдах нөхцөл нэмэгддэг. Тэгэхээр энэ төрлийн ял оноохыг дэмжиж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг дэлхийн олон оронд хэрэглэгдэг. Хорих, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах гэсэн ялын таван төрөл үйлчилж байна.

Тухайн үед Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарласан заалтыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх байсан боловч хяналтын систем, техник технологи бэлдэх шаардлагатайгаар хойшлуулсан. Зорчих эрхийг хязгаарлах ялын талаар нийгэмд буруу, зөрүүтэй ойлголт гарч байна. Гэр бүлийн хүчирхийлэлд Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг. Гэр бүлийн хүчирхийлэл байнга давтагдсан тохиолдолд эрүүгийн ял өгдөг. Байнга гэдгийг Дээд шүүхийн тайлбараар гурав ба түүнээс дээш удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол гэж үзэж, 7-30 хоног баривчилна. Энэ хугацаанд сэтгэл заслын эмчилгээ хийнэ. Хэрэв дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл дахин 7-30 хоног баривчлаад, гурав дахь удаагаа үйлдвэл гэмт хэрэг гэж үзэж, нэг жил хүртэлх хорих ял, эсвэл нэг жил хүртэл зорчих эрхийг нь хязгаарлах ялаар солигдоно. Ерөнхийдөө Гэр бүлийн тухай хууль гарснаар энэ төрлийн гэмт хэрэг нэлээд багассан байсан. Нөгөөтэйгүүр зорчих эрхийг хязгаарлах ял зөвхөн гэрт нь хорино гэсэн үг биш. Шүүх тухайн хүнийг гэр бүлийн хүнтэй нь хамт гэрт нь байлгахгүй. Хуулиараа зорчих эрхийг нь хязгаарлах ялыг ямар хүрээнд хэрэгжүүлэх вэ гэдгийг шүүх тогтооно гээд заачихсан. Өөрөөр хэлбэл зорчих эрхийг хязгаарлана гэдэг бол тухайн хүн зөвхөн гэртээ байх ч юм уу, эсвэл ажилдаа явахаар бол ганцхан маршрутаар л явах ёстой.

Хэрэв заасан маршрутаас хазайж, зөрчвөл шууд хорих ялаар сольж, үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих юм. Хоёрдугаарт, тухайн хүнд зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирлоо барагдуулсан эсэх, гэм буруугаа хүлээж байгаа эсэх зэргийг харгалзан үзнэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулах нь бага байх болов уу. Тухайн ялыг оногдуулахдаа бусдад аюул учруулж болзошгүй гэж үзсэн тохиолдолд шүүгч гэр бүлийн хүнтэй нь уулзуулахгүй байх маршрут тогтооно. Мөн зорчих эрхийг нь хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа тухайн хүнтэй уулзаж болохгүй гэдэг нэмэгдэл ял оногдуулна.

-Шинэ зүйлийг хэрэгжүүлэхэд анхандаа алдаа дутагдал гардаг. Зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулаад тухайн ялтныг бүрэн хянаж чадах уу?

-Хянахын тулд хөл, бугуйд нь цахим бугуйвч зүүх зэргээр GPS тоног төхөөрөмж зүүлгэнэ. Төсөв мөнгөний хувьд нэг төхөөрөмжийг 25-50 хүртэлх мянган төгрөгийн үнэтэй байдаг. Хямдханыг авлаа гэхэд амархан эвдэрчихвэл яах вэ гэдэг асуудал гарна. Зарим оронд хэрэв тухайн төхөөрөмжийг эвдвэл төлбөрийг нь төлөхөөс гадна зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог.

Тухайн ялтныг хариуцлагатай байлгахын тулд зориуд хямд төхөөрөмж хэрэглүүлдэг орнууд ч бий. Ингэснээр төхөөрөмжийг аминаасаа илүү хайрладаг эсэн үг.

"ҮАБЗ -ИЙН ЦААНА ЕРӨНХИЙЛӨГЧИД ШҮҮХИЙН ЭРХ МЭДЭЛ ТЭР ЧИГТЭЭ ОЧСОН"

-Таньтай уулзаж байгаагийн хувьд шүүх засаглалыг тойрсон асуудлаар ярилцахыг хүслээ. Намрын чуулганаар шүүх засаглалтай холбоотой хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр болсон. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн удирдлагуудыг чөлөөлдөг, томилох эрхзүйн орчин бүрдсэн. Энэ нь хэр хортой шийдвэр вэ?

-Өнгөрсөн жил 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхээс өмнөхөн шүүгчийг түдгэлзүүлэх үндэслэлүүд дээр нэмээд ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаар шүүгчийг түдгэлзүүлж болно гэдэг хуулийг Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн. 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хагас өдрийн дотор маш шуурхай шийдвэрлэсэн. Төрийн байгууллага хэзээ тэгж хурдан ажилладаг болчихсон юм бэ гэж гайхсан. Гэтэл ҮАБЗ-ийн тэргүүн нь Ерөнхийлөгч өөрөө. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг мөн л Ерөнхийлөгч томилдог. Үүн дээр нэмээд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлнэ гэсэн нь наанаа гурван байгууллага шийдээд байгаа мэт боловч үндсэндээ нэг хүн шийдвэр гаргадаг болж байна.

Энэ нь шүүхийн хараат бус байдал, шүүгчийн бие даасан байдлыг маш ихээр алдагдуулсан зохицуулалт болсон. ҮАБЗ-ийн цаана Ерөнхийлөгчид шүүхийн эрх мэдэл тэр чигтээ очсон. Энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгуулах гэж хэсэг хүмүүс Үндсэн хуулийн Цэцэд хандсан боловч миний сонссоноор, шинээр батлагдах шүүхийн тухай хуулиудаас дээрх заалтыг авч болох хооронд наана нь хурал хийж ажил болох шаардлагагүй гэсэн байр сууринаас Үндсэн хуулийн Цэц хандаж байгаа гэж сонссон. Гэхдээ үнэн, худлыг нь хэлж мэдэхгүй.

Хэрэв үнэн бол Үндсэн хууль зөрчсөн заалт нэг өдөр, нэг минут ч хэрэгжих ёсгүй. Энэ хугацаанд хичнээн шүүгчийг дарамталж, барьцаалж байгааг хэн ч мэдэхгүй. Тэр шүүгчийн ард хэдэн хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгааг бас хэн ч мэдэхгүй.

17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр өнөөдөр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын бүрэлдэхүүн хүрэлцэхгүй, 2000 гаруй хэрэг хуримтлагдчихсан байгаа. Яагаад гэвэл Иргэний хэргийн танхим гуравхан гишүүнтэйгээс хуралдаж чадахгүй байна. Иргэний маргааны дийлэнх нь эд хөрөнгөтэй холбоотой. Хичнээн компани, иргэний асуудал гацаж, эдийн засагт ч тэр хэрээр сөргөөр нөлөөлж байна. Зарим нь үүнээс болж дампуурч байгааг ч үгүйсгэхгүй.

-Сая УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр оруулж ирсэн ч гишүүдийн олонх дэмжээгүй, буцаасан. Уг хуулиар шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгох зохицуулалтыг тусгасан байсан. Хэрэв энэ хуулийг баталсан бол Иргэний хэргийн танхим хуралдах боломж бүрдэх байсан юм биш үү?

-Энэ хуулийг дэмжээгүй нь зөв. Яагаад гэвэл Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн эрх мэдлийг нэмэгдүүлж, шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгох зохицуулалттай хууль байсан. Ингэснээр Ерөнхийлөгчид байгаа шүүхийн хамаг эрх мэдлийг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид өгөх нь "Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь солигдохгүй" гэдэг шиг хүн нь л өөрчлөгдөнө. Хоёрдугаарт, эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тав нь Иргэний хэргийн танхимын шүүгч байсан. Гурван гишүүнтэй ирц нь хүрэхгүй, хурлаа хийж чадахгүй байгаа гацаанаас гарахын тулд шүүгчдийг танхим хооронд томилж, хурлыг хийлгэе гэсэн санаа. Гэтэл үүнийг шийдэх өөр зөндөө гарц бий.

-Ямар?

-Шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд орон тооны бус шүүгчдийг оруулах, эсвэл тэтгэвртээ гарсан шүүгчийг гэрээгээр түр оруулж, ирц бүрдүүлэх боломжтой. Гэтэл заавал Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн эрх мэдлийг нэмэгдүүлж асуудлыг шийдэх гэсэн нь хардлага дагуулж байгаа нь үнэн. Хэрэв Иргэний хэргийн танхимын шүүгчдийн бүрэлдэхүүний ирц хангалттай үед магадгүй Дээд шүүхийн ерөнхий шүүгч хувийн ашиг сонирхлоороо заавал өөр танхимаас шүүгч оруулж томилдог болчихвол яах вэ.

"ҮНДСЭН ХУУЛИЙГ УИХ ӨӨРТ АШИГТАЙГААР ТАЙЛБАРЛАХ ТОХИОЛДОЛ ОЛОН"

Шүүх нэг хүний даалгавраар ажиллаж байна гэх хардлага, шүүмжлэл тасрахаа больсон. Шүүхийг хараат бус болгохын тулд ямар өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй вэ?

-Шүүхийг хараат бус болгохын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэд хэдэн заалт шинээр орсон. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнтэй байсныг 10 болгож, тавыг нь шүүхээс, бусад таван гишүүнийг гаднаас нэр дэвшүүлж томилохоор зохицуулсан. Даргаа дундаасаа сонгож, Ерөнхийлөгчөөр батламжлуулдаг байхаар болж байгаа. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн шүүхэд нөлөөлөх нөлөөллийг багасгах зохицуулалтууд тусгагдсан.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж гарах бусад Шүүхийн тухай хуулиудаа чамбай боловсруулж байж дээрх заалт амь орно. Түүнээс биш өнгөц харахад Үндсэн хуульд нийцсэн мэт атал цаад талдаа цоорхой зохицуулалтууд оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Үүнийг ч аль аль талдаа хүсч байх шиг байна.

Үндсэн хууль өдөр тутмын харилцааг зохицуулдаггүй, ерөнхий тоглоомын дүрэм, суурь зарчмуудыг заадаг учраас дараа нь үүнийгээ янз бүрээр тайлбарлах тохиолдол гардаг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлаад, дагалдаж гарах хуулиудаа баталчихвал маргааныг Цэц дээр хагална.

Тэгэхээр анхнаас нь Үндсэн хуульд нийцүүлж хийхийн тулд тухайн үед хууль санаачлагчид, баталсан хүмүүс нь яг ямар агуулгаар тухайн заалтыг оруулав гэдгийг маш тодорхой болгож, түүнд нь нийцүүлсэн байдлаар оруулах ёстой. Тухайн үеийн протоколуудыг нь харах, Үндсэн хуулийг боловсруулсан ажлын хэсэгт орсон хүмүүсийг дагалдах хуулиудын ажлын хэсэгт оруулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр онолын асуудлуудыг өөрт ашигтай, янз бүрээр тайлбарлаж болно. Ялангуяа, Үндсэн хуульд түүхчлэн тайлбарлах гэсэн арга бий. Органик хуулиуд бол Үндсэн хуулийн тайлбар. Үндсэн хуульд орсон заалтуудыг бусад холбогдох хуулиар нь тайлбарлана гэсэн үг.

-Сүүлийн үед улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг толгой дараалан хорих болсон. Энэ талаар та ямар бодолтой явна вэ? 

-Би өөрийнхөө өмгөөлж байгаа хэргүүдийг л мэднэ. Бусад хэргийг хараад тухайн хүмүүс буруутай эсэхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ буруутай байсан ч гэсэн өнөөдөр ямар хууль мөрдөгдөж байгаа тэр хуулийнхаа дагуу шийдэх ёстой. Гэтэл нийтлэг ажиглагдаж байгаа нь хууль хамаагүй болж хувирчихаад байна.

-Та хэд хэдэн дуулиант хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. М.Энхсайхан, Б.Хурц нарт холбогдох хэргүүд гээд. Тэднийг шүүх үнэн зөв шийтгэсэн үү, эсвэл хэлмэгдүүлсэн үү?

-Мэдээж гэм буруугүй, цагаатгуулна гэж орсон. Үүндээ ч би өмгөөлөгчийнх нь хувьд итгэлтэй байсан. Б.Хурц нарт холбогдох хэрэг маш нууцад хамаарч байгаа. Хэргийн талаар яривал гэмт хэрэг болно. Процессын тухайд бол тодорхой, анхан шатны шүүхээс есөн шүүгдэгчийн хоёрыг нь цагаатгаж, долоон хүнд 1-3 жилийн ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Миний тооцоолж байгаагаар ирэх аравдугаар сарын 10-ны өдрөөс өмнө хурлын тов зарлагдах байх.

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хорлон сүйтгэгч, мөн албан тушаалын эрх мэдлээ ашигласан гэсэн гэмт хэргээр анх шүүх рүү оруулсан. Ингээд хорлон сүйтгэгч гэсэн нь прокурор руу буцаад, албан тушаалын эрх мэдлээ ашигласан гэдгээр дөрвөн жилийн ял өгсөн. Гэмт хэргийн яллах дүгнэлтийг харахад Хорлон сүйтгэгч гэдэг гэмт хэргийн Эрүүгийн хуулиас нэг өгүүлбэр хасаад, нэг өгүүлбэр нэмчихсэн байгаа юм. Гэтэл хуулийн нэг үг, үсэг өөрчлөхөд утга нь шал өөр болдог. Эндээс гэмт хэрэг зохиогоод байна уу, эсвэл хуулийг зохиогоод байна уу гэж эргэлзэхэд хүрч байна. УИХ хууль тогтоох эрх мэдэлтэй ганц субъект биз дээ. Энэ мэт ярихаар намайг өмгөөлж буй хэргийнхээ нууцыг задруулсан гээд 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарчихсан. Одоо чамд ярилцлага өгсний дараа дахиад л өмгөөлж байгаа хэргийнхээ талаар ярилаа гэх байх.

"ШҮҮХ ХУРАЛ БОЛОХЫН ӨМНӨХ ӨДӨР ХЭДЭН ЖИЛИЙН ЯЛ АВАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЧИХООД БАЙНА"

-Уг нь хууль зөрчөөгүй биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Үнэнийг хэлэхэд, шүүх хурал болохын өмнөх өдөр хэдэн жилийн ял авах нь тодорхой болчихоод байгаа. Хэд хэдэн хүний тухай би сонссон, маргааш нь яг л тэр хугацаагаар нь ял өгч байна. Үүнийг бид хардахгүй яах юм бэ. Шүүх хурлаар шүүгч талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл урьдчилаад шийдвэр гаргах ёсгүй биз дээ. Байгаа нөхцөл байдал нь ийм байна.

-Таныг өмгөөлж байгаа хэргийнхээ талаар ярьж болохгүй гээд торгууль хүртэл оногдууллаа. Хэн нэгэн даргыг шүүмжилбэл шүүхийн хаалга татдаг болоод удаж байна. Энэ бүхнээс харахад монголчууд "амаа үдүүлэх"-д хүрчихсэн юм биш үү?

-Үдүүлэхгүй шүү дээ. 500 мянган төгрөгөөр намайг торгох шийтгэлийн хуудсаа өгчихсөн. Нийслэлийн Прокурорын газраас намайг "Хэргийн талаар олон нийтэд худал мэдээлэл өгч, төөрөгдүүлсэн учир Б.Мэргэнд та нар хариуцлага тооц" гэсэн албан тоотыг Хуульчдын холбоо руу анх явуулсан байдаг. Энэ дагуу Хуульчдын холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооноос өгсөн хариу албан бичигтээ “Энэ асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, эсвэл зөрчил байх боломжтой учир баримтжуулаад авчрах шаардлагатай" гэсэн хариу өгсөн.

Ингээд Нийслэлийн Прокурорын газар Сүхбаатар дүүргийн цагдаа руу шилжүүлж намайг шалга, гэмт хэрэг үүсгэ гэсэн. Гэмт хэрэг үүсгэх ямар ч боломжгүй болохоор Зөрчлийн хэрэг үүсгэсэн. Цуглуулсан гээд байгаа баримтууд нь миний фэйсбүүк, твиттерээс, мөн хэвлэлд өгсөн ярилцлагаас таслаад, 45 гаруй хуудас материал бүрдүүлж өгсөн байна лээ.

Тэр дунд байгаа, ҮАБЗ-д С.Зориг агсны амиа алдсан хэргийг ил болгож өгнө үү гэсэн хүсэлт өглөө гэж сошиал хуудас дээрээ бичсэн миний пост яахаараа гэмт хэргийн шинжтэй болчихдог юм. Мөн би өөрийн фэйсбүүк дээрээ "Зарим сэтгүүлч хүнийг хулгайн хэрэгт сэжиглэгдлээ гэхэд цагдаа шалгаж эхлээгүй байхад нь таван жилийн ял авна гээд түрүүлээд бичээд байх юм. Ингэж болохгүй, шүүхээс гэмт бурууг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй шүү. Мэдээ бэлтгэхийнхээ өмнө хуульчдаас зөвлөгөө авч байвал сайнсан" гэж бичсэн пост ч явж байх шиг.

Би хэвлэлд ярилцлага өгөхдөө шүүхээр шийдэгдээгүй хэргийн талаар би ярьж болохгүй. Гэхдээ надад хуулиар олгосон ярьж болох хэмжээ, хязгаар бий. Тэр нь олон нийтэд ил болсон мэдээлэл. Жишээ нь, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн талаар ярьсан. Тэд жинхэнэ төрийн нууц задруулчихаад байхад тэдний ярьсныг ярьсан надад ял өгөх гээд байх жишээний.

Хоёрдугаарт, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар, үйлчлүүлж байгаа хүнийх нь талаар нийгэмд сөрөг, буруу ойлголт өгвөл түүнийг нь залруулахын тулд ярьж болно гэсэн хуультай. Хуулиар олгогдсон эрхийн дагуу ярьсан байтал өмгөөллийн нууц задруулсан гэх үндэслэлээр зөрчил гээд 500 мянган төгрөгөөр торгосон.

-Хараад байхад хэн нэгнийг яллахдаа эхлээд хар массын тархийг угааж, дараа нь нэр төрийг нь гутааж, хэлмэгдүүлэн хорьдог болсон байна. Үүнтэй та санал нийлэх үү?

-Шүүгчид өөрсдөө хүсээгүй ч нөлөөлөлд автах тохиолдол цөөхөн гарч болно. Хэвлэлээр хэт шуугиж, олон нийт дунд яригдах хэрээр шүүгч тэр нөлөөлөлд нь автаж, шийдвэр гаргах магадлалтай гэсэн үг. Яг ийм байдлаар цаазын ял өгчихсөн байсан хүний хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдол ч АНУ-д гарч байсан. Давж заалдах шатны шүүхээс шүүгч хэргийг шийдэхдээ хэт олон нийтийн анхааралд автаж хэргийг шийдсэн гэж үзээд, АНУ-д тухайн ялыг хэрэгсэхгүй болгож байсан. Тийм учраас нийгэмд үйлчлүүлэгчийнх нь талаар буруу ойлголт гарахад өмгөөлөгч нь тайлбар өгөх эрх хуулиараа олгогдсон.

"ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧЛӨХДӨӨ ДЭЛХИЙН АРДЧИЛСАН ЭРХ ЗҮЙТ ТӨРТ УЛСАД БАЙХГҮЙ ЗААЛТ ОРУУЛСАН"

-Улс төрийн хэргүүдээс харахад шүүх хуулийг буцааж хэрэглээд байх шиг санагддаг. Энэ нь хэр зохистой вэ?

-Эрүүгийн эрх зүйн онолд ямар тохиолдолд хуулийг буцааж хэрэглэх вэ, ямар тохиолдолд шинэ хуулиа хэрэглэх вэ гэдэг нэг л зарчимтай. Тэр зарчим нь ч гэсэн манайд бий. Эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн бол хуулийг буцааж хэрэглэнэ, дордуулбал буцааж хэрэглэхгүй гэсэн зарчим. 2002 оны хууль мөрдөгдөж байх үед гэмт хэрэг үйлдсэн хүний хэргийг шийдэхдээ шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хуучин 2002 оны хууль нь бага ялтай байна уу, эсвэл шинэ хууль нь бага байна уу гэдгийг харж, бага ялтай хуулийг нь хэрэглэнэ. 2002 онд гэмт хэрэг үйлдэх үед гэмт хэрэг байсан ч гэсэн шинэ хуулиар гэмт хэрэг биш болсон бол эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, гэмт хэрэг үйлдээгүй гэж шинэ хуулиа хэрэглэж болно. Тухайн хүнд аль ашигтай байх тэр хуулийг л хэрэглэх ёстой.

2020 оны нэгдүгээр сард УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхдөө мөрдөн байцаалтын шат болон шүүх дээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин сэргээж шалга, хоёрдугаарт, хуулийг буцааж хэрэглэж болохгүй гэсэн заалт оруулсан. Энэ нь дэлхийн ардчилсан эрх зүйт төрт улсад байхгүй заалт.

Энэ нь хууль, шүүхийн эрх мэдэлд нөлөөлж байгаагийн том хэлбэр. Шүүх хэрэгсэхгүй болгочихсон хэргийг хууль тогтоох байгууллага нь хууль баталж, дахин сэргээж шалга гэж байгаа нөлөөлөл. Магадгүй олон нийтэд таалагдаж болох юм. Яагаад гэвэл авлигачдыг шалгах нь гэдгээр таалагдаж байгаа ч цаагуураа шүүхийн засаглалд маш сөрөг үр дагавартай практик руу оруулж байна гэсэн үг. Өнөөдөр миний хийсэн нэг үйлдэл маргааш нь хууль санаачлах эрхтэй нэг нөхөрт таалагдахгүйн төлөө гэмт хэрэг болгох хуулийн төсөл УИХ-аар оруулж, ял өгөх байдал руу оруулж байна.

2008 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр УИХ-аар Эрүүгийн хуулийн 272.2 дахь хэсгийг хүчингүй болгосон. Энэ нь албан тушаалдаа хайнга хандах. Энэ заалтыг хүчингүй болгонгуутаа Хадгаламж банкны хэргийг шийдэж байсан. Дараа нь 2008 оны дөрөвдүгээр сард буцаагаад тэр заалтаа нэмчихсэн. Тэр хэргийг шийдэхийн тулд УИХ тухайн заалтыг хүчингүй болгосон. Энэ дунд нь 30 орчим хэрэг ял завшсан байдаг.

2020 оны нэгдүгээр сард УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхдөө дөрвөн заалттай хуулийн хоёр нь авлигын хэрэгт хамаарч, гурав дахь заалт нь хөөн хэлэлцэх хугацаанд хууль буцааж хэрэглэхгүй гэсэн заалт оруулчихаар бүх хэрэгт хамааралтай болж байгаа юм.

Хууль санаачлагчдын зарим нь магадгүй зөвхөн авлигын хэрэгт хамаатай заалт гэж ойлгосон байх. Энэ заалтаа ХЗДХ-ийн сайд болсон Х.Нямбаатар тайлбарлахдаа "Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой процессын заалт байдаг. Процессын заалтыг хууль батлагдсан өдрөөс хойш дагаж мөрддөг. Тийм учраас хууль буцаан хэрэглэх зарчимд үйлчлэхгүй" гэж тайлбарлаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль буюу хэргийг яаж шалгах тухай процесст заахдаа хуулийг буцаан хэрэглэх тухай яригддаггүй. Яагаад гэвэл процессын тухай хууль учраас батлагдсан өдрөөсөө эхлэн гэмт хэргийг шалгахдаа тухайн хуулийн дагуу шалгана. Түүнээс биш 2005 онд үйлдэгдсэн хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэдэггүй. Үүнтэй адил Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалт процессын заалт учраас батлагдсан тухайн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө, буцааж хэрэглэхгүй.

Бидний хэдэн хуульч үүнийг эсэргүүцэхэд, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Процессын хэм хэмжээ, материаллаг хэм хэмжээгээ ялгахгүй хүмүүс өөрсдийгөө хуульч гэлээ" гэж бидэнд томорсон. Гэтэл өөрөө Эрүүгийн эрх зүйн анхан шатны суурь ойлголтгүй байна. Үүнийг их сургуулийн оюутан ч зөв хариулж чадна.

Х.Нямбаатар сайдын хэлээд байгаа Эрүүгийн хуульд байгаа процессын заалт нь тухайн Эрүүгийн хуулиа хэрэглэхдээ ямар процессыг баримтлах тухай заалт юм. Энэ ойлголтыг Эрүүгийн эрх зүй үзэж байгаа анхан шатны оюутан ч мэднэ. Бусдыг онигоо болгох гэж байгаад өөрийгөө онигоо болгоод сууж байгаа хүн өнөөдөр ХЗДХ-ийн сайдын ажил хийж байна. Тэрийг нь шүүх хэрэглээд, С.Баярцогт нарт ял өгчихсөн. Шүүх мэдэхгүйдээ хэрэглэсэн гэж бодохгүй байна.

"ЭРХ БАРИГЧИД ӨӨРСДИЙНХӨӨ ХҮССЭН ХУУЛИЙГ БАТЛААД, ТҮҮГЭЭРЭЭ ХЭРЭГ ШИЙДДЭГ БОЛСОН"

-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад, хуулийн төлөө хүн амьдардаг уу, эсвэл хүний төлөө хууль хэрэгждэг үү?

-Хуулиар засаглах, хуулийн засаглал хоёр өөр ойлголт. Хуулийн засаглал байх ёстой. Гэтэл өнөөдөр хуулиар засаглах буюу эрх баригчид өөрсдийнхөө хүссэн хуулийг баталж, түүгээрээ хэрэг шийддэг болчихсон. Эрх мэдэлтнүүд хуулийг ашиглаж амьдарч байна гэсэн үг. Зүй нь бүх хүнд тэгш үйлчилдэг хуулийн засаглал байх ёстой. Уг нь энэ зарчим руу 1992 онд орсон боловч өнөөдөр социализмын үеийн хуулиар засагладаг байдал хэвээр байна гэж хэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж