"Нийгмийн сэтгэл зүй гэмтээд удаж байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

"Нийгмийн сэтгэл зүй гэмтээд удаж байна"

"Нийгмийн сэтгэл зүй гэмтээд удаж байна"

Сэтгэлзүй, Сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Баярцэнгэлтэй нийгмийн сэтгэл зүйд тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.


-Өнөөгийн нийгмийн сэтгэл зүйн төлөв байдал ямархуу байна вэ?

-Нийгмийг бүрдүүлэгч хүмүүсийн аж байдал, сэтгэлийн боловсрол, тухайн хүмүүсийн анхдагч болон хоёрдогч, дараа дараачийн хэрэгцээнүүд хэрхэн хангагдсан, эсвэл хангагдах эсэхээс хамааран нийгмийн харилцаанд оролцож буй үйлдэл нь харилцан адилгүй байдаг. Хүний мөн чанар өөрөө л сайхан таатай байх тулгамдаж буй асуудлаа шийдэхийг эрмэлздэг, хүрээлэн буй орчин ямар байх нь хамаагүй гэж санадаг. Гэвч нийгмийн сэтгэл зүйн байдал хүний зан байдал, амьдралын хэвшил, үзэлд маш том нөлөөлөл үзүүлж байдаг. Мөн нийгмийн сэтгэл зүй эрүүл, таатай эерэг байхад хүн бүрийн оролцоо чухал төдийгүй үүнд улстөр, нийгэм, эдийн засгийн байдал ч хамаатай.

Монголын нийгмийн сэтгэл зүй түгшүүртэй гэж хэлж болохуйц, цахим орчинд төдийгүй амьдрал дээр ч хүмүүс бие биеэсээ сөрөг хандлага, дайралтуудыг өдөр тутамдаа мэдэрдэг гэхэд хилсдэхгүй.

Энэ нь манай хүн ам бага, нийгмийн  харилцааны цахим хэрэгслийн хэрэглээ их, нийтэд чиглэсэн чанаргүй мэдээллийн сайтууд олон, түүнчлэн аз жаргалтай амьдралын хэв маяг нь мөнгө, илүү материаллаг зүйлүүд рүү чиглэсэн хандлага их болж, сөрөг мэдээллийн давалгаанд "хордож" байна.  Түүнчлэн хүн амд хийгдэж буй судалгаа тоо баримтууд дээр үндэслэхэд ч нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн амьдралын чанар, аз жаргал буурсан нь анзаарагдах болсон. Энэ нь нийгэмд ажилгүйдэл, архидалт, амиа хорлолт, гэр бүл салалт зэрэг өссөнтэй холбоотой. 2002 оноос хойших гэрлэлт ба салалтын тоон утгаас авч үзэхэд өдөрт 10+1 гэр бүл салж, тухайн гэр бүлийн хүүхдийн тооноос хамаараад жилд арав гаруй мянган хүүхэд хагас гэр бүлд өсч торниж байна. Хүний оюун санаа, сэтгэцийн эрүүл мэнд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт дэмжлэг муугаас нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд их болдог.

Нөгөө талд улс төрийн хэт шоу, сөрөг шийдэл, хохиролтой шийдвэрүүд нь амьдралд хэт хурдан  тусгалаа олдог учраас хүмүүст бухимдал төрүүлдэг.

Тухайн бухимдал нь нийгмийн нэгж хэсэг, бүлгүүдээр дамжиж нийгэмдээ тархан, хариу үйлдлүүд нь бүгд сөрөг байдаг. Ер нь нийгмийн сэтгэл зүй гэмтээд удаж байна.

онгол хүний авир араншин хичнээн эвдэрч  шунахай сэтгэл, цэвдэг араншинтай болж байгааг сүүлийн үед гарч буй гэмт хэргүүдээс харж болохоор байна. Хүнийг хайрлах өрөвдөх, хүн ёсоор үзэх, хүндлэх, үнэн сэтгэлээр хандах олон зүйл дээр бид санаа тавих цаг болсон санагддаг. Энэ асуудал эргээд нийгмийн сэтгэл зүйтэй холбогдож таарах нь ээ.

Тийм ээ. 2013 онд хүнд гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдтэй уулзаж, зөвлөн ажиллаж байсан. Тэдгээр хүүхдийн дурсамжаас авч үзвэл ихэнх нь тодорхой нэг хүний хүмүүжил дор өсөөгүй байсан. Өөрөөр хэлбэл, тавиул хүүхдүүд гэсэн үг. Эцэг эхээсээ хол, айлд түр болон удаан хугацаагаар амьдарч буй хүүхдийг тавиул хэмээн тодорхойлдог. Амьдралын олон шаардлагын үндсэн дээр эцэг, эх болон хүүхэд тусдаа амьдарч байна. Хүүхэд эцэг, эх нь хол байгаа хугацаанаас хамаараад олон айл дамжих, олон асран хамгаалагчийн нүүр үзэх тохиолдол ч цөөнгүй байдаг. Энэ нь эргээд хүүхдийн хамгаалуулах эрх зөрчигдөх, гэртээ байлгаж буй айлын гишүүдийн зүгээс хүүхдэд дарамт шахалт үзүүлэх, доромжлох, загнах, зодох, хүчирхийлэх, үл хайхрах тохиолдол цөөнгүй гардаг. Хэргийн материалтай танилцаж байхад 20 хүүхдийн 18 нь дээрх  амьдралын хэв маягтай байсан. Нийгмийн аж байдал болон нийгмээс ирж буй буруу үлгэр дууриаллаас үүдэн тухайн хүнээс сөрөг үйлдэл гардаг. Түүнчлэн нийгмийн орчин өөрөө хүмүүнлэг, эерэг, хүнээ бодсон байх нь чухал. 

-Сүүлийн үед намчирхах явдал газар авчээ. Хамгийн аюултай нь ийм сэтгэл зүй залуучуудыг ихэд хордуулж, хэн нэгний “цүнх” барьж дулдуйдаж амьдрах хэвшил бий болгож байна гэлцдэг. Нам, эвслүүд зөрчилдөж, хэрэлдэж, төр засгийн хүч суларсан ийм тогтворгүй байдал нь нийгмийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Нийгмийг хүмүүс л бүрдүүлдэг. Хүмүүс нэгнээ даган дууриах үндсэн дээр аливаад хандах тал бий. Ер нь амар амьдрах арга хэлбэрийг сонгож, үүнийг нь дууриаж зөвтгөх нь нийгэмд халтай. Улстөр ямар байна нийгмийн сэтгэл зүй тийм л байна. Бүгд хоорондоо уялдаа холбоотой. Залуусыг ажилгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй гэж ярьдаг төрийн өндөрлөгүүд өөрсдөө залуусаар цүнхээ бариулдаг. Цүнх баригчдыг нь доод үеийнхэн нь "Амжилттай яваа мундаг ах" гэж итгэхийг хичээдэг болчхоод байна. Төр засагтаа итгэлгүйн улмаас нийгмийн сэтгэл зүйн байдал сөрөг байх нь ойлгомжтой.

-Өнөөгийн нийгмийн хөгжилд иргэдийн сэтгэл зүйгээс гадна өөр юу саад болж байна вэ?

-Нийгмийн хөгжил гэдэг хүнийхээ оюун санаа болоод бодит боловсролоос шалтгаална. Боловсролтой, ажил мэргэжилтэй, тухайн хийж буй зүйлээсээ тэмүүлэл авч амьдрах нь илүү тогтвортой, сэтгэлзүйн хувьд ч харьцангуй эрүүлээр оршиж чадна. Хамгийн эхэлж өөрийнхөө өмнө, дараа нь  нийгэмд үнэлэгдэхүйц байх нь хөгжлийн эхлэл. Хүн бол нийгмийн хөгжлийн гол хүч.

-Өнөөдөр бидэнд талхны мөнгөнөөс илүүтэй сэтгэлзүйн хэрэгцээ дутагдаж байгаа юм шиг санагддаг. Хэн нэгний халуун дулаан үгс, урмаар цангадаг ч гэх юм уу. Энэ талаарх таны бодол?

-Бие даасан байдал, хэн нэгнээс хараат бус байж чадах хэмжээнд л өөрийгөө аваачих нь чухал. Мэдээж бусдын эерэг хандлага чухал. Гэхдээ тэр нь таныг сайн сайхан байлгадаг зүйл гэвэл харьцангуй ойлголт. Сэтгэлзүйн асуудлаа мэргэжлийн байгууллагад хандаж шийдэх хэрэгтэй. Хүмүүсийн сэтгэлийн боловсролд хийгдэх хөрөнгө оруулалт чухал байна. Төр засгийн тогтвортой байдал, нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн үйлчилгээ, хүмүүсийн аж төрөх орчинг таатай эерэг байлгахын тухайд бодлогоор дэмжих  нь зөв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж