"Гар нь уран хүмүүс спортод ч авьяастай гэдгээ харуулж байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.20-нд нийтлэгдсэн

"Гар нь уран хүмүүс спортод ч авьяастай гэдгээ харуулж байна"

"Гар нь уран хүмүүс спортод ч авьяастай гэдгээ харуулж байна"

Монгол арт галерейгаас зураач, уран бүтээлчдийн дунд “Нөхөрсөг тоглолт-2020” спорт өдөрлөгийг өнөөдөр/2020.09.20/ зохион байгуулж байна. Энэхүү спорт өдөрлөгийн зорилго нь урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан ахмад, дунд, залуу үеийн зураач, уран бүтээлчид хамтдаа нэг өдрийг нөхөрсгөөр тоглож, спортлог өнгөрүүлэхэд оршиж байгаа аж.

Монгол арт галерейгийн урлаг судлаач П.БАТЖАВ:

-Манай галерей жил гаруйн хугацаанд олон үйл ажиллагаа зохион байгууллаа. Галерей гэдэг утгаараа олон нийтэд чиглэсэн үзвэр, үйлчилгээ, уран зургийн үзэсгэлэн зохион байгуулдаг бол энэ удаад есдүгээр сарын эхний долоон хоногт тохиодог урлагийн ажилтны баярыг тохиолдуулан уран бүтээлчид, зураачдаа урин нөхөрсөг спортын өдөрлөг зохион байгуулж байна. Байнга л бодож, сууж, уншиж оюуны ачаалал ихтэй байдаг хүмүүст маань өнөөдрийн өдөрлөг таалагдаж байгаа нь дамжиггүй. Цааш цаашдаа жил бүр уламжлан зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү спорт өдөрлөгөөр дамжуулан уран бүтээлчид, зураачид маань хоорондоо танилцаад, уран бүтээлийн яриа өрнүүлэх зэрэг олон ач холбогдолтой. Үе үеийн зураач, уран бүтээлчдэдээ урлагийн ажилтны өдрийн мэнд хүргэе. Шинэ коронавирусийн улмаас хавар олон нийтэд хүргэж чадаагүй бүтээлүүдээ зураачид, уран бүтээлчид энэ намраас эхлэн хүргэж байна. Манай Монгол арт галерейгийн үзэсгэлэнгийн дөрвөн танхим байрласан шинэ бүтээлүүдийг news.mn сайтын уншигч та бүхэн ирж сонирхон урлагийн боловсролоо дээшлүүлж, нүд, сэтгэлээ баясгаарай" хэмээлээ.

Монголын урчуудын эвлэлийн ахмад зураач С.БОЛДБААТАР:

-Өнөөдөр Монгол арт галерейгаас урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт Монголын бүхий л нийгэмлэг, эвлэлийн уран бүтээлч, зураачид оролцож байгаад баяртай байна. Миний хувьд энэ удаагийн спорт өдөрлөгийн дартс, ширээний теннисний спорт хүч үзэх бодолтой байна. Өрсөлдөгч нар ч их залуухан, сайн байх шиг байна. Хамгийн гол нь урлагийн байгууллагуудын дунд спортын арга хэмжээнд явагдаж байгаа нь их сонирхолтой. Зураачид их суудаг учир хааяа ийм спортын арга хэмжээнд оролцох нь зүгээр санагдаж байна" гэв.

Монгол арт галерейн менежер Б.Долгион: -Энэхүү спорт өдөрлөгийнхээ товыг арван хоногийн өмнө гарган, зураач, уран бүтээлчдэдээ түгээсэн. Өнөөдөр нийтдээ 80 гаруй уран бүтээлчид цугласан байна. Зураач, уран бүтээлчдийн дунд анхны спорт өдөрлөгийг зохион байгуулж байна. Ирэх жилүүдэд илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах эхний алхмаа хийлээ гэж харж байгаа. Уран бүтээлчдийг спортоос хол хөндий гэж ойлгодог бол энэ удаад уран бүтээлчид маань бүхий л спортын төрлүүдэд авьяаслаг, чадварлаг гэдгээ харуулж байна гэв.

Мөн тэрбээр спорт өдөрлөгт 80 гаруй зураачид, уран бүтээлчид сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, дартс зэрэг спортын төрлүүдээр нэг өдрийг нөхөрсөг үр бүтээлтэй өнгөрүүлж байгааг онцлон хэллээ.

2011 оноос хойш Каллиграф туурвиж буй М.БАЯРМАНЛАЙ:

Каллиграф фэйсбүүк группын маань Ганзориг гээд залуу энэхүү спорт өдөрлөгийн талаар олж мэдээд хэдүүлээ баг болж оролцъё гэсэн саналыг анх тавьсан юм л даа. Манай каллиграф багийн хувьд долоон хүний бүрэлдэхүүнтэй ирээд энэхүү спорт өдөрлөгийн сагсан бөмбөг, воллейбол, шатар, дартс гээд бүх л төрлүүдэд нь оролцож байна. Зураачидтай нэг өдрийг ингэж дурсамжтай өнгөрүүлж байгаа нь сайхан байна. Гар нь уран хүмүүс спортод ч авьяастай гэдгээ харуулж байна. Санаачлан, зохион байгуулж буй Монгол арт галерей болон энэхүү спорт өдөрлөгийг хүндлэн цагтаа ирж оролцож буй уран бүтээлчдэдээ амжилт хүсье” хэмээн ярилаа.

Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, уран бүтээлч П.Ганбат:

-Миний хувьд дунд үеэ төлөөлөн ширээний теннис, сагсан бөмбөг, воллейболын төрөлд оролцож байна. Ихэвчлэн залуучууд маань их спортлог байна. Мөн ахмадууд маань идэвхи, чармалттай оролцож байгаа харагдана. Зохион байгуулалт өндөр түвшинд байна. Энэхүү спорт өдөрлөгийн ачаар зураач, уран бүтээлчид маань бие биетэйгээ танилцаж, халуун дулаан яриа өрнүүлж байна. Ниймгэмлэг, эвлэлээрээ сайхан нэгдэж, танилцаж байна. Манайх Монгол арт галерей гэсэн багаараа оролцож байгаа. Нэг өдрийг сайхан хөлсөө гарган, эрүүл өнгөрөөж буй зураачид, уран бүтээлчдэдээ спортын өндөр амжилт хүсье гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж