
Төрийн өндөр албан тушаалтнууд ял завших явдал газар авсаар буй энэ үед тэднийг эгнээг Үйлдвэр худалдааны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор нэмж магадгүй болжээ. Түүний хэргийг шүүх хурал хоёр ч удаа хойшлов. Энэ хугацаанд түүнд эрүүгийн хуулийн 150.3,148.1-ээр зүйлчлэн хэрэг үүсгэн шалгасан боловч 148.1-р зүйл ангийг хэрэгсэхгүй болгоод байна. Тодруулбал сэжигтэн Д.Сүрэнхор нь бусдаас 15 сая төгрөг хууран мэхлэж аваагүй болжээ. Гэтэл түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас баривчлагдсны дараа сонин хэвлэлээр олон мэдээлэл цацагдаж байв. Тухайлбал 2006 онд гадаад руу гарахаасаа өмнө УИХ-ын гишүүн Г.Занданшатар, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нараас их хэмжээний мөнгө залилаж оргосон гэх мэдээлэл ч гарч байсан. Харин цагдаа прокуророос Д.Сүрэнхорд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж тогтоосон нь ердөө 15 сая төгрөг залилсан гэх хэрэг. Уг зүйл ангийг хяналтын шатанд прокуророос хэрэгсэхгүй болгосон юм. Үүнээс гадна бидний гайхшралыг төрүүлж байгаа зүйл бол сэжигтэнг хэргийн газраас оргон зайлсан гэх зүйл ангиар бас яллаагүй явдал. Энэ талаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жадамбаас тодруулахад “Д.Сүрэнхорт эрүүгийн хэрэг үүсгээгүй, мөрдөн шалгах ажиллагаа эхлээгүй байхад гадаад руу явсан учраас оргон зайлсан гэх зүйл ангиар яллах боломжгүй” гэсэн тайлбар хийсэн юм. Албан ёсны баримтаар түүнд 2006 оны гуравдугаар сард 26646050 тоот хавтаст хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл бий. Харин үүнийг Хууль зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд няцааж байна. Түүний хэлснээр Д.Сүрэнхорд 2005 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн тасагт хавтаст хэрэг үүсгэжээ. Тухайн үед уг хэрэг дээр н.Лханаасүрэн гэгч байцаагч ажилласан аж. Харин түүнд хавтаст хэрэг үүсгэснээс хойш буюу 2006 онд БНХАУ-ын Бээжин хотын нисэх онгоцны буудлаар дамжин европ руу оргон зайлсан байна. Тэгэхээр сэжигтнийг хэргийн газраас оргон зайлсан гэх үндэслэл байхгүй гэж үзсэн нь энэ хэргийг баллах гэсэн зохион байгуулалттай оролдог бололтой. Одоогоор түүнд зөвхөн албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэх юм. Тэрбээр Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа яамныхнаа барилгын их засварын 73 сая төгрөг, Олон улсын зах зээл судлалын төвийн 2.5 сая төгрөг, “Бөөний худалдаа сүлжээ” төслөөс таван сая төгрөг гэх мэтээр бэлнээр болон чекээр 80 сая орчим төгрөг гаргуулж авсан нь нотлогдсон. Түүнчлэн албан хэрэгцээнд ашиглах зориулалт бүхий хоёр сая төгрөгийн зөөврийн компьютэр, арван сая төгрөгийн үнэ бүхий “Ланд крузер” маркийн авто машин, гар утас, 232 мянган төгрөгийн үнэтэй иргэний хамгааллын хувцас зэргийг хувьдаа завшсан гэх хэрэгт 150.3-аар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн юм байна. Хэрэв түүнийг шүүхээс гэм буруутай эсэхийг нь тотгоовол 5-10 жилийн хорих ялтай. Гэхдээ хөнгөрүүлэх нөхцөл бий. Тухайлбал хэрэв гэмт этгээд өөрийн санаачлагаар бусдад учруулсан хохирлоо барагдуулсан бол ялыг хөнгөрүүлнэ гэсэн заалт байдаг. Д.Сүрэнхор энэ нөхцлийг эдлэх боломжтой. Учир нь энэ сарын 3-ны өдөр болох байсан шүүх хуралд түүний гэр бүлийнхэн улсад учруулсан 93.1 сая төгрөгийг барагдуулсан тухай нотлох баримтийн шүүх бүрэлдэхүүнд өгсөн гэнэ. Шүүхээс баримтийг хэргийн материалд хавсаргах талаар өнгөрөгч мягмар гаригт дурдсан. Тэгэхээр дээрх заалтын дагуу түүнд төлөвлөсөн ялаас таван жил хасагдаж магадгүй болоод байгаа юм. Хэрэв шүүхээс Д.Сүрэнхорд таван жилийн хорих ял оноовол энэ нь өршөөлийн хуульд хамруулах боломж гарч ирнэ гэсэн үг. Учир нь өнгөрсөн онд батдагдсан өршөөлийн хуульд гэмт хэргийн улмаас бусдад онц ноцтой хохирол учруулаагүй 1-5 жил хүртэлх хорих ялтай анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлэх боломжтой гэх заалт бий. Тиймээс Д.Сүрэнхор удахгүй суллагдах магадлал байгаа нь дээрх баримтаас харагдаж байна. Эл хэргийг хуулийнхан шалгаж эхлэх үед олон хэргийн учиг зангилаа тайлагдах нь гэж үзэх хүн цөөнгүй байсан бол зарим хүмүүс төрийн өндөр дээд албан тушаалтнуудын луйврын амьд гэрч баригдлаа хэмээн баярлаж байсан. Одоо уг хэргийг шүүхээс хэрхэн шийдэх вэ гэдэгт олон хүн чих тавин чагнаж байгаа. Тэдний урмыг хугалахад удахгүй Д.Сүрэнхор наранд гарч магадгүй бололтой.
Н.Түвшин