Тойм: Айлчлалтай, уучлал "эрсэн" долоо хоног

Хуучирсан мэдээ: 2020.09.20-нд нийтлэгдсэн

Тойм: Айлчлалтай, уучлал "эрсэн" долоо хоног

Тойм: Айлчлалтай, уучлал "эрсэн" долоо хоног

News агентлаг өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Хятадын гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлал, допинг илэрсэн бөхчүүд уучлал эрсэн, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан зэрэг үйл явдал өрнүүн өдрүүд байлаа. 


ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХУГАЦААГ СУНГАЖ, ЗАРИМ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭВ

Улсын онцгой комиссын саналын дагуу өнгөрсөн Даваа гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-н хүртэл, боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ээс, аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллага, спорт, урлагийн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Ингэснээр хязгаарлалттай байсан үйлчилгээний байгууллагууд, боловсролын байгууллагууд, урлаг, спортын арга хэмжээнүүд хэвийн горимд шилжиж байна гэсэн үг юм.

ХЯТАДЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ВАН И АЙЛЧЛАВ

Өнгөрч буй долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал бол Хятадын гадаад харилцааны сайд Ван И-ийн айлчлал байлаа. Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж, хөл хориотой байгаа энэ үед Монгол Улсад хийгдэж буй анхны гадаад айлчлал нь түүний айлчлал болж өнгөрлөө. Түүний айлчлал хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд эхний өдөр хэлэлцээ хийж, хоёр улсын хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцох, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх зэрэг олон асуудлаар тохиролцоонд хүрсэн юм.

Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхсан юм.  Тодруулбал,  Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх нөөц бололцоо хангалттай байгааг онцолж, монголын цэвэр хөрс, ус, агаарт боловсорсон “эко” хүнсийг экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И тэй уулзахдаа хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг ярилцахын зэрэгцээ Өвөр Монголд үүсээд байгаа нөхцөл байдал монгол хэл бичигтэй холбоотой асуудлыг хөндөн ярилцаж, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.

ХӨНГӨН ЯЛТАЙ ХҮМҮҮСТ ЦАХИМ ГАВ ХЭРЭГЛЭХЭЭР БОЛОВ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа. Энэхүү тогтоолын зорилго нь анх удаа болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлаж хорих бус зорчих эрхийг нь хязгаарлаж хорих ангийн зардлыг багасгах, сэтгэл зүйн дарамтад өртөхөөс сэргийлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлтэйгээ хамт байж хөдөлмөр эрхлэх боломж бий болгох зорилгоор Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг тусгаж өгсөн байна. Тогтоол батлагдсанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий хөрөнгийн зардлыг гаргаж, хорих ангийн ачааллыг бууруулах зорилготой юм байна.

Эрүүгийн хуулийн 140 зүйлийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тусгасан байжээ. Эрүүгийн хууль батлагдсанаас хойш шүүхээс хорихоос өөр төрлийн ялыг

  • 2018 онд 9652
  • 2019 онд 11840
  • 2020 оны есөн сарын байдлаар 9748 ялтан байгаагаас 6363 ял шийтгэл авсан хүмүүсийн ялыг биелүүлж, 3385 ялтан хяналтанд байгаа аж.

ХОЁР НАСТНУУДЫГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ БОЛЖ, ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЛЭВ

Засгийн газрын шийдвэрээр хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэрийг Даваа гаригт гаргасан юм. Шийдвэртэй холбоотойгоор хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn системээр явагдаж, Даваа гариг (2020.09.21) өдрийн 14.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Цахим бүртгэлд зөвхөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ.

Л.БЯМБАСҮРЭНГ ЭМДЕГ-ЫН ДАРГА, Д.ГАНХУЯГИЙГ БХЯ-НЫ ТНБД-ААР ТОМИЛОВ

Засгийн газрын  ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийв. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Эрүүл мэндийн дэд сайд асан Л.Бямбасүрэнг томилсон байна. Түүнчлэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар  хурандаа Д.Ганхуягийг  жинхэлжээ. Түүнийг өнгөрөгч наймдугаар сард Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байв.

Д.Ганхуягийн хувьд тус яамны Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2015 оноос БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга зэрэг албыг залгуулж иржээ. Мөн 2005 онд Конго улсад цэргийн ажиглагч офицероор, 2008 онд Либери улсад Сьерра Леон улс дахь Цэргийн багийн холбогч офицероор тус тус үүрэг гүйцэтгэсэн байна.

ХОЁР БӨХ ДОПИНГ ИЛЭРСЭНД ХАРАМСЧ МЭДЭГДЭЛ ХИЙВ

Өнгөрч буй долоо хоногийн бас нэг анхаарал татах үйл явдал бол 2020 оны Үндэсний их баяр наадамд барилдсан гурван бөхөөс допинг илэрсэн асуудал. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын аварга Н.Батсуурь мэдэгдэл хийж, өөрийнх нь шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрснийг зарласан юм.  Тэрбээр, шинжилгээний хариу нь үнэн, зөв гэдгийг онцолж байна. Би 2020 оны есдүгээр сарын 10-нд хариугаа аваад, гурав хоногийн хугацаанд надаас илэрсэн эмийг судалсан. Энэ эм нь зүрхний эм бөгөөд Монголд аптекуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалагддаг эм юм. Миний бие 10 удаа допингийн шинжилгээ өгч байсан. Энэ удаа надаас ийм бодис илэрлээ гэж хэлэхэд нь гайхаж хүлээж авсан. Шинжилгээнээс маш бага хэмжээгээр илэрсэн ч WADA-ийн допингийн шинжилгээнд хориглосон эмийн жагсаалтад ордог юм байна. Тиймээс миний бие хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Б сорьцын шинжилгээ өгөхгүй, хүлээн зөвшөөрч байна гэж мэдэгдсэн юм.

Үүний дараахан Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадамд зургаан даван шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагва өөрийн допингийн шинжилгээнээс мөн допинг илэрснийг мэдэгдсэн юм. Тэрбээр,  хориотой эмийн жагсаалтанд 300 гаруй бодис байдаг юм байна. Харин миний шинжилгээнээс энэхүү жагсаалтанд багтсан хориотой бодис илэрсэн гэж мэдэгдлээ. Аймгийн арслан цолтойгоосоо хойш л хоёр хөлөндөө бэртэлтэй, өвдгөвчтэй барилдаж ирсэн. Ард түмнээ хүндлээд цолоо ахиулах гээд өдийг хүртэл шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж ирлээ. Сүүлийн хоёр, гурван жил хоёр хөлний маань бэртэл сэдэрч, энэ хавар их эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний явцад мэдэхгүй байдлаасаа болж л хориотой эмийн жагсаалтанд багтсан бодисыг хэрэглэж, алдчихсан, уначихсан юм байна л даа. Үнэхээр гэмшиж байна. Үнэхээр өөртөө итгэж чадахгүй хэцүү байна. Бөхдөө хайртай ард түмнээсээ уучлалт гуйж, хүлцэл өчиж байна гэж мэдэгдсэн юм.

Харин допинг илэрсэн гурван бөх байгаа гэсэн бөгөөд одоогоор нэг бөх нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж