ЦАЙ ВЭНЬРУЙ: ӨМӨЗО-НЫ АСУУДЛЫГ ЗОРИУД ӨДӨӨН ХАТГАЖ БАЙНА

Хуучирсан мэдээ: 2020.09.19-нд нийтлэгдсэн

ЦАЙ ВЭНЬРУЙ: ӨМӨЗО-НЫ АСУУДЛЫГ ЗОРИУД ӨДӨӨН ХАТГАЖ БАЙНА

ЦАЙ ВЭНЬРУЙ: ӨМӨЗО-НЫ АСУУДЛЫГ ЗОРИУД ӨДӨӨН ХАТГАЖ БАЙНА

"NEWS" АГЕНТЛАГ ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУДЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.


ЦАЙ ВЭНЬРУЙ: ӨМӨЗО-НЫ АСУУДЛЫГ ЗОРИУД ӨДӨӨН ХАТГАЖ БАЙНА

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны /ӨМӨЗО/ сургуулиудын нэгдүгээр ангиас хятад хэлний хичээлийг оруулах болсон талаар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Цай Вэньруйтэй ярилцлаа. 

ӨМӨЗО-нд бага сургуулийн нэгдүгээр ангиас хятад хэлийг заах болсон нь Өвөр Монголд ч, Монголд ч маргаан мэтгэлцээн дагуулж байна. Энэ шийдвэрийн талаар эхлээд тодруулъя?

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр Үндэсний сурах бичгийн комиссийг 2017 оны долдугаар сард байгуулсан бөгөөд тус комисс нь их, дээд, бага, дунд сургуулийн сурах бичиг гаргах менежмэнтийг сайжруулах зорилготой. Үндэсний сурах бичгийн комисс нь бага, дунд сургуулийн Хэл бичиг, Ёс зүй ба хуулийн засаглал /Улс төр гэж нэрлэж байсныг ийнхүү өөрчилсөн/, Түүх гэсэн гурван хичээлийн нэгдсэн сурах бичгийг гаргасан. 2017 оны есдүгээр сарын 1-нээс энэхүү сурах бичгийг Хятад улсын хэмжээнд бүх бага болон дунд сургуульд нэгдсэн журмаар хэрэглэж эхэлсэн. Ингэхдээ үндэсний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг сургалт бүхий мужуудад шат дараатай хэрэгжүүлж эхэлснийг дурдах хэрэгтэй. Энэ дагуу 2017 оны есдүгээр сарын 1-нээс Шинжаан Уйгурын Өөртөө засах оронд, 2018 оны есдүгээр сарын 1-нээс Төвөдийн Өөртөө засах оронд сурах бичгийг хэрэглэж эхэлсэн. Энэ 2020 оны есдүгээр сарын 1-нээс ӨМӨЗО болон Ганьсу, Жилинь, Ляонин, Чинхай, Сычуань гэсэн зургаан мужид хэрэглэж эхэлж байна. Ингэхдээ ӨМӨЗО-ны удирдлагын хүсэлтээр гурван сурах бичгийг нэгэн зэрэг биш шат дараатай нэвтрүүлэхээр болсон. Тухайлбал, энэ онд Хэл бичиг, 2021 оноос Ёс зүй ба хуулийн засаглал, 2022 оноос Түүхийн сурах бичгийг нэвтрүүлэх юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛЖ, БОДИТ СЕКТОРОО ДЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА"

Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа.

-Мөнгөний бодлогын мэдэгдлээр бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулснаар бодлогын хүү 2007 оноос хойш байгаагүй, хамгийн доод түвшинд ирлээ. Ийм шийдвэр гаргах гол үндэслэл юу байсан бэ?

-Цар тахлын үеийн эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монголбанкнаас шат дараатай бодлогын арга хэмжээ авч байна. Монголбанк бодлогын хүүг 2007 оны долдугаар сараас нэвтрүүлсэн. Анх 6.4 хувь байснаас хойших сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа хамгийн бага түвшинд буюу 8 хувьд очиж байна. Нөгөө талаас манай эдийн засаг сүүлийн 20 гаруй жилд байгаагүйгээр агшсан нь гадаад секторын нөлөө, төсөв, бодит сектор, санхүүгийн салбарт голлох хүндрэл нь гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, зээлийн өсөлт өмнөх сартайгаа харьцуулахад 5 хувиар буурлаа. Шинэ зээлүүд гарахгүй байна. Тиймээс эдийн засагт дутагдаж байгаа мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, эдийн засгаа дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулсан. Бас нэг зүйл онцолж хэлэхэд, өмнө нь бодлогын хүүгээ бууруулахад хүндрэлтэй байсан нэг асуудал нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн хувьд гадаад төлбөрийн тэнцлийн тогтвортой байдалтай уялдан боломж хязгаарлагдмал байсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ЕРӨНХИЙ САЙД САНХҮҮГИЙН БЯДТАЙ БОЛСОН КОМПАНИУДАА БҮҮ АД ҮЗ"

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч, МҮХАҮТ-ын еренхийлөгч асан Б.Лхагважавтай ярилцлаа.

Монгол Улсын нийт өрийн хэмжээ үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрч нэмэгдэж байна. Гадаад өрийн дийлэнх хэсэг болон дунд хугацааны эргэн төлөлт бүхэлдээ олон улсын санхүүгийн зах зээлээс арилжааны нөхцөлтэй авсан өр төлбөрүүд байгааг эдийн засагчид хэлж байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Монгол Улсын нийт өр 30 тэрбум ам.долларт хүрсэн талаар саяхан Ерөнхий сайд тодорхой хэлсэн. Үүнээс ААН-үүдийн өр 18.2 тэрбум ам.доллар, үлдсэн нь Монголбанк, Засгийн газар, арилжааны банкуудын өр. ААН-үүдийн 18.2 тэрбум ам.долларын өрийн 11 тэрбум ам.доллар нь үндсэндээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын зээл. Үлдсэн 7.2 тэрбум ам.доллар бол бусад компанийн сүүлийн 30 жилийн хугацаанд авсан зээл гэж ойлгож болно. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид дөрвөн том хямралтай нүүр тулсан. Хамгийн сүүлийнх нь 2012-2016 оны хямрал, үүнээс өмнө 1997, 2009 оны хямрал. Тухайн үед эрх баригч намын хамгийн гол ажил нь дээрх зээл, хөрөнгө оруулалтыг өр болгохгүйн төлөө ажилладаг байсан. Одоогийн Ерөнхий сайдын үүрэг ч мөн адил 30 тэрбум ам.долларын зээлийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгахын төлөө ажиллах явдал юм. Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын өр хувийн хэвшлийн, эсвэл төрийнх гэж байхгүй. Монгол Улсын хэмжээнд асуудлыг харах хүн нь Ерөнхий сайд шүү дээ. Тийм учраас төр, хувийн хэвшлийн өр гэж ялгахгүйгээр төрийн бодлогын хүрээнд нийт гадаад өрийн удирдлагын стратеги боловсруулан хэрэгжүүлж байх нь чухал байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


НИЙСЛЭЛЧҮҮД 30 МИНУТ АЛХАХ ЗАЙД АВТОМАШИНТАЙ ТҮГЖИРЧ БАЙНА

Түгжрэлийг бууруулж, замын ачааллыг багасгах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.Чинзоригоос тодрууллаа.

-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш замын ачаалал эрс нэмэгдээд байна. Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар зохицуулалт хийж байна вэ?

-Цар тахлын нөлөөгөөр энэ жил нийслэлийн замын ачаалал харьцангуй буурсан. Өдөрт дунджаар 400-450 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, хотынхон түгжрэлийг хэсэг хугацаанд мартсан. Энэ тоо наадмын үеэр 300 мянга болон буурч, зам ачаалалгүй байлаа. Наадмын дараа иргэдийн амралт дуусч, ажил эхэлсэн төдийгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон тул замын ачаалал наймдугаар сараас эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй 600 мянган автомашин бий. Мөн орон нутгийн дугаартай 132 мянган автомашин өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


ОЙРЫН ӨДРҮҮДЭД БАГА ЗЭРЭГ ДУЛААРАХ Ч ДАХИН ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг тодрууллаа.

-Энэ жил цаг агаар эрт хүйтэрч байна. Есдүгээр сард хур тунадас ихтэй, эхнээсээ нойтон цас унаж эхэллээ. Ирэх сард хур тунадас ямар байх бол?

-Хугацааны дунд үеэс эхлэн өдөртөө бага зэрэг дулаарна. Энэ өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -4 хэм хүйтнээс нэг хэм дулаан хонож, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө шөнөдөө 7-12 хэм дулаан, өдөртөө 19-24 хэм дулаан байх төлөвтэй.

Өнгөрсөн жилийн есдүгээр сартай харьцуулахад энэ жил харьцангуй сэрүүхэн байгаа. Өнгөрсөн жилийн хувьд цаг агаар харьцангуй дулаан байсан. Гэхдээ олон жилийн дундажаар онцгой намрын сар бол биш. Есдүгээр сарын 21, 22, 23-ны өдрүүд болон аравдугаар сарын урьдчилсан төлвөөр газар тариалангийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дундажаар хүйтэн байх төлөвтэй. Харин хур тунадас нь олон жилийн дундажийн орчим байна. Одоогийн байдлаар цаг агаарын урьдчилсан төлөв ийм байна. Есдүгээр сарын сүүлчээр аравдугаар сарын цаг агаарын мэдээ шинэчлэгдэх болно.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


МАЛЧНЫ ХОТОН ДАХЬ БЯЦХАН НОМЫН САНЧ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Доржийн Дандийн нэрэмжит 12 жилийн ахлах сургуулийн тавдугаар ангийн сурагч Т.Лувсанчүлтэм багаасаа номонд шимтэн дурлажээ. Тэрбээр одоо 10 настай. Жирийн нэгэн малчин айлын хүү гэртээ 100 гаруй ном цуглуулж, номын сантай болжээ.  Хичээл сургуульдаа сайн, анги хамт олноо тэргүүлдэг түүний талаар ангийн багш Ш.Байгалмаа ярихдаа “ Т.Лувсанчүлтэм хүүг нэгдүгээр ангиас нь анги дааж авсан болохоор сайн мэднэ. Шавь маань номонд маш их дуртай. Ном унших хоббитой. Бүх хичээлдээ идэвхтэй сайн суралцаж, анги хамт олноо тэргүүлдэг” гэж магтсан юм. Бяцхан номын санч Т.Лувсанчүлтэмтэй ярилцсанаа хүргэе.

-Хэзээнээс номонд дуртай, шимтэн уншдаг болов?

-Би анх нэгдүгээр ангид сурч, уншиж эхэлснээсээ хойш номонд дуртай болсон. Намайг сургуульд орохоос өмнө аав минь үлгэр их уншиж өгдөг байсан нь их нөлөөлсөн гэж боддог . Би гэртээ номнуудаа хадгалдаг. Яг номынхоо тоог нь мэдэхгүй ч ойролцоогоо 100 гаруй ном байгаа байх. Манайх хоёр номын сантай. Номнууд маань том номын сандаа багтахгүй бол жижиг номын сандаа хийдэг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ӨДИЙГ ХҮРТЭЛ ШАТРЫН СПОРТООС ЗАВСАРЛАСАН ӨДӨР БАЙХГҮЙ"

Шатрын спортын Их мастер С.Билгүүнтэй ярилцлаа.

-Энэ жил таны хувьд Их мастер цолоо хүртсэн. Монголоос төрсөн тавдахь их мастер болсон. Энэ талаараа яриач. Ямар шаардлага, нөхцлийг хангасан бэ?

-2019 оны хоёрдугаар сар гэхэд ерөнхийдөө би Их мастер цолыг хүртэх бүх болзлыг биелүүлчихсэн байсан. Гэвч өөрийнхөө хайнга байдлаас болж наймдугаар сард зохион байгуулагдсан олон улсын шатрын холбооны их хуралд бичиг баримтаа бүрдүүлж өгч амжаагүй. Миний рейтинг ч жоохон асуудалтай байсан болохоор болзол нь бүрдсэн гэдгийг мэдээгүй. Харин энэ оны Дубайд явагдсан олон улсын шатрын холбооны их хурлаар орж, Их мастер цолыг хүртсэн. Энэ цолыг авахын тулд цолны гурван нормыг биелүүлж, рейтингээ 2500-аас дээш байлгах ёстой. Миний хувьд 2018 оны наймдугаар сард Швейцарь улсад зохион байгуулагдсан "Biel" тэмцээнд оролцон рейтинг буюу чансаагаа 2500-д хүргэсэн. Харин 2019 оны хоёрдугаар сард сүүлийнхээ Их мастер цолны нормыг биелүүлсэн.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"УЯН НАЛАРХАЙ, ШИЙДЭМГИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨР АННАГ ИЛЭРХИЙЛНЭ"

Алдарт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина" романыг Монголд анх удаа Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон толилуулах гэж буй. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа энэ гайхамшигтай жүжгийн хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр залуу дэглээч Д.Энхбаатар ажиллаж байгаа юм. Бэлтгэл сургуулилалтынх нь үеэр түүнтэй уулзаж, ярилцсанаа хүргэе.

-Жүжгийн нээлт болох хугацаа их ойртлоо. Хэр догдолж байна вэ?

-Нээлт болоход цөөн хоног үлдлээ. Манай театрын хамт олон жүжгийн бэлтгэл сургуулилтандаа анхаарч бүгд л их завгүй ажиллаж байна. Бас их догдолж байна.

Миний хувьд өмнө нь дан ганц бүжигчидтэй ажилладаг байсан бол энэ удаа жүжигчидтэй ажиллахаас гадна үйлдлийг хөдөлгөөнжүүлэх, хөдөлгөөнийг үйлдэлжүүлэх гэдэг дээр давхар суралцаад явж байна. Манай жүжигчид мэргэжлийн өндөр ур чадвартай учраас ажиллахад их урамтай байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"GERTEE БРЭНДЭЭ ИЛҮҮ ӨГӨӨЖТЭЙ БОЛГОХЫГ ХҮСЧ БАЙНА"

Амттай хоол, эерэг мэдрэмжийг нийтэд түгээдэг “Gertee” брэндийн үүсгэн байгуулагч, залуу үеийн төлөөлөл, манлайлагч, бизнес эрхлэгч гэрэл зурагчин, дизайнер Б.Энхгэрэлтэй түүний үүсгэн байгуулсан цахим хуудасны талаар болон өөрийн хүсэл, сонирхол, ирээдүйн зорилгыг нь хуваалцан ярилцлаа.

Яагаад заавал “Гэртээ” гэж нэрлэх болов. Мөн жоруудаа хэрхэн олон нийтэд хүртээмжтэй хүргэх шийдлийг олсон бэ?

-Брэндийн төдийгүй бүтээгдэхүүний нэр бүхэн өөр, өөрийн гэсэн утга, санааг илэрхийлдэг. Анх “Гэртээ хоол хийж идэцгээе” гэж нэрлэхээр шийдсэн. Гэхдээ хэтэрхий урт нэртэй болоод байсан учраас хасаад хэний ч чихэнд ойр сонсогдоно гэж бодоод “Гэртээ” болгосон. Хүмүүст хүрэхэд ойлгомжтой нэршилтэй байх хэрэгтэй шүү дээ. Харин цахим хуудаст нийтэлж байгаа жоруудаа аль болох нийтэд хүртээмжтэй түгээх үүднээс англи болон монгол хэл дээр контент боловсруулах шийдвэр гаргасан. Нэгэнт сурсан англи хэлээ ашиглах нь зүйтэй санагдсан. Бичлэгүүддээ байнга англи нэршлийг нь бичиж хүргэдэг. Хүмүүст ч гэсэн мэдэхгүй англи үгсээ мэдээд авахад их хэрэгтэй.  

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж