Үлэг гүрвэлийн маш ховор зүйлийг нээжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн маш ховор зүйлийг нээжээ

Үлэг гүрвэлийн маш ховор зүйлийг нээжээ

Шинжлэх ухааны академиас 2020 онд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа голлох үр дүнг цувралаар танилцуулж эхэллээ. Энэ удаа Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын онцлох судалгааны үр дүнг танилцуулав.

BEG TSE ҮЛЭГ ГҮРВЭЛ ОДООГООС 113-94 САЯ ЖИЛИЙН ӨМНӨ АМЬДАРЧ БАЙЖЭЭ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутгаас палеонтологийн шинжлэх ухаанд өмнө нь мэдэгдэж байгаагүй, үлэг гүрвэлийн маш ховор зүйлийг нээжээ. Энэхүү судалгааны үр дүн олон улсын “ Nature-Communications Biology” сэтгүүлд 2020 оны есдүгээр сарын 10-ны дугаарт хэвлэгдсэн байна.

Энэхүү амьтныг Beg tse хэмээн нэрлэсэн бөгөөд эртний Буддын дайны бурхан болох Beg-tse (Бэгз)-ийн хуягтай тус үлэг гүрвэлийн хацрын ясан дээрх гүвдрүү маягийн анатомийн шинж нь ижилхэн харагддаг байна.

Beg tse үлэг гүрвэл нь одоогоос 113-94 сая жилийн өмнө амьдарч байжээ. Тус үлэг гүрвэл нь ойролцоогоор 80 см орчим урттай, өвсөн идэшт үлэг гүрвэл бөгөөд Баянзаг, Төгрөгөн ширээ зэрэг олдворт газраас түгээмэл олддог Protoceratops хэмээх эвэрт үлэг гүрвэлийн өвөг болж таарч байгаа аж.

Энэхүү судалгаанд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач нар болох доктор З.Бадамхатан болон доктор Ц.Чинзориг нар ажилласан байна. Энэхүү ховор олдворыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Америкийн Байгалийн Түүхийн Музейн хамтарсан хээрийн экспедицийн судалгаагаар 2015 онд анх олсон байдаг. Энэхүү олдвор нь таван жилийн турш судлагдан, өнөөдөр үр дүн нь хэвлэгдэн гарч байгаа ажээ.

410 ОРЧИМ САЯ ЖИЛИЙН ӨМНӨ АМЬДАРЧ БАЙСАН ЭРТНИЙ ЗАГАСНЫ ШИНЭ ТӨРӨЛ, ЗҮЙЛИЙГ ИЛРҮҮЛЭВ

Одоогоос 410 орчим сая жилийн өмнө амьдарч байсан эртний загасны шинэ төрөл, зүйлийг илрүүлэн судалж Nature-Ecology & Evolution сэтгүүлийн 2020 оны есдүгээр сарын 7-ны дугаарт хэвлүүлжээ. Тус эртний загасны олдворыг Увс аймгийн нутаг дахь Түргэний тусгай хамгаалалттай газраас олсон бөгөөд Монголын шилдэг геологич нарын нэг асан Ч.Минжин болон олсон газрын нэрээр Minjinia turgenensis хэмээн шинжлэх ухаанд нэршүүлжээ. Энэхүү судалгаа нь ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Английн Империал Коллежийн хамтын ажиллагааны үр дүн хийгджээ. Тус эрдэм шинжилгээний бүтээлд Палеонтологийн хүрээлэнгийн судлаач Э.Зориг болон Байгалийн түүхийн музейн судлаач доктор Я.Ариунчимэг нар оролцжээ.

Эх сурвалж: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж