Шинэ ном 50 хувь хямдарч, ховор ном үнэ цэнээ хадгалав

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Шинэ ном 50 хувь хямдарч, ховор ном үнэ цэнээ хадгалав

Шинэ ном 50 хувь хямдарч, ховор ном үнэ цэнээ хадгалав

Сүхбаатарын талбайд Үндэсний номын баяр /2020.09.18/ өнөөдрөөс эхэллээ. Уламжлал ёсоор номын баярыг 28 дахь жилдээ нийтээрээ тэмдэглэж байгаа нь энэ билээ. Энэ жилийн тухайд цар тахлын онцгой нөхцөлд номын баяр тохиож буйгаар онцлог. Номын баярт жил бүр 30-40 мянга гаруй уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим  зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог. Энэ утгаараа  номын баяр өргөн дэлгэр болдог гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байв.

Намрын номын баярт 100 гаруй асар сүндэрлэж, шинэ ном 20-50 хувь хямдарчээ. "Интерном", "Азхур" зэрэг номын дэлгүүр ийм хямдрал зарласан бол бусад нь ч мөн адил 20 хувь хүртэл хямдралтай үнээр номоо худалдаалж байгаа юм.

Тухайлбал, уншигчдын гарт хүрсэн ч өнөөдрийг хүртэл бэстселлер байгаа Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” цуврал бүтээл 40 мянган төгрөг болж  20 хувь хямдарчээ. Харин хуучин номын үнэ буусангүй.

Хүмүүс картын бараатай үеийг санагдуулахуйцаар ном авахаар дугаарлаж, тор дүүрэн ном авч яваа нь  “залуус ном уншихаа больсон” гэх ойлголтыг үгүйсгэв.

Залуусын хувьд дэлхийн сонгодог зохиолоос илүү хувь хүний хөгжил, бизнесийн төрлийн болон гадаад хэл дээрх ном сонирхож байна. Харин хуучин ном сонирхогчид зохиол бүтээлээрээ олны сэтгэлд хоногшиж, хүндлэлийг хүлээсэн Төрийн хошоо шагналт, эрдэмтэн, зохиолч  Ч.Лодойдамба, Л.Түдэв, П.Бадарч нарын бүтээлийг “ ховор ном”-ын булангаас эрж байв.

Хуучин номын худалдаа буюу “Ховор ном”-ын буланд хамгийн үнэтэй ном 200 мянган төгрөг бол хамгийн хямд нь 1000 төгрөг. Дээр нэр дурдсан зохиолчдын ном 40-90 мянган төгрөгийн үнэтэй ба хамгийн эрэлттэй аж. Харин 1000 төгрөгийн ном хамгийн борлуулалт сайтай нь. Хүмүүс хямд учраас олзуурхаж бөөндөж авах нь түгээмэл гэнэ.

Мөн 1000 төгрөгийн үнэтэй номууд нь ихэвчлэн хэт хуучирсан зохиолчдын бүтээл аж. Номын баяраар хямдралтай номын худалдаанаас  илүүтэй  зохиолчид уншигчидтайгаа уулздагаараа онцлог. Энэ ч үүднээс хүмүүс хямдралтай номноос илүүтэй хүндэлдэг зохиолчийнхоо бүтээлийг гарын үсгийг нь зуруулж авахыг илүүд үздэг. Зохиолчтойгоо хамт зургаа авхуулж, номын тухай ярьж, гарын үсгийг нь дурсгал болгон авч үлдэх боломжийг номын баяр л олгодог гэхэд хилсдэхгүй.

НОМЫН БАЯР БОЛ НОМОНД ШУНАН ДУРЛАЖ БУЙ АРД ТҮМНИЙ ЗҮРХ СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.БАДАРЧ: 

-Ном бол ертөнцийг харах цонх юм гэж ахмадуудын хэлсэн үг бий. Энэ бол үнэн үг. Тийм учраас би номын баярт оролцдог. Жил бүрийн хавар, намар зохиогддог номын баярт оролцохдоо номтой танилцъя гэж сонирхдог юм. Номын баяр жилээс жилд өргөн цар хүрээтэй болж байгаа нь үнэхээр том наадам болж байгааг харуулж байна. Энэ бол номонд шунан дурлаж буй ард түмний зүрх сэтгэлийн илэрхийлэл юм.

ХҮМҮҮС НОМООР ЦАНГАСАН БАЙГАА НЬ БАЯРААС ХАРАГДАЖ БАЙНА

Төрийн соёрхолт яруу найрагч Ц.БАВУУДОРЖ: 

-Юуны өмнө news.mn сайтын уншигчдад номын баярын мэнд хүргэе. Миний хувьд сүүлийн жилүүдэд номын баярт оролцоогүй. Өнөөдөр номын баярт  зохиолч Г.Мэнд-Ооёо багштайгаа хамт оролцож байна. Номын баяраар  зохиолч, уншигчид маань баярт оролцож байгааг харахад баяртай байна. Энэ удаагийн номын баярт 1990-2000 онд бичсэн яруу найргийн түүврүүдээ уншигчдынхаа гарт хүргэж байгаа юм. Ер нь номын баярыг жилд нэг удаа биш өдөр бүр тэмдэглэж болохоор тийм л сайхан номын цагаан мөртэй ард түмэн шүү дээ. Уншигчдын хандлагыг харж байхад гарын үсэг, ерөөлийн үгтэй ном авахыг эрмэлзэж байгаа нь андашгүй байна. Номын баярт оролцож буй хүмүүсийг харж байхад хүмүүс номоор цангасан мэт санагдлаа.

АНХ УДАА НОМЫН БАЯРТ ОРОЛЦОЖ БАЙНА

Залуу зохиолч Б.СОДОНГОО:

Анх удаа номын баярт оролцож байгаадаа их догдолж байна. Би АШУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан. Гэхдээ зохиол бичих нь миний хообий. Энэ утгаараа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг “Гашуун кофе” анхны номоо өлгийдөн авч, уншигчдын гарт хүргээд байна. Кофе уухад гашуун ч чихэрлэг амттай санагддагийн адилаар амьдрал ч бас эрээнтэй бараантай. Тиймээс анхны бүтээлээ “Гашуун кофе” хэмээн нэрлэж хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэйд урам зориг, эрчүүдэд ухаарал, хүүхдийн нүдээр өнөөгийн нийгмийг харуулахыг зорьсон гэлээ.

Залуусын тухайд ном өмнөх жилүүдэд хямдраагүй бол энэ жил хямдрал зарлаж байна гэдэгт санал нэг байв. Номын баяр энэ сарын 20-н хүртэл үргэлжилнэ.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж