Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн тавдахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.09.17) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн Аки башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон билээ.
Зүүнийг манлайлж буй озэки Асанояама башёгийн тавдахь өдөр Тамаваши Мөнх-Оргилтой барилдаж Аки башёгийн хоёрдахь ялалтаа авлаа. Энэ удаагийн башёд түрүүлэх магадлал өндөр гэгдэж байсан озэки Асанояама хоёр даваа, гурван унаатай явж байна. Харин өнгөрөгч башёгийн түрүү бөх Тэрүнофүжи Ган-Эрдэнэ сэкивакэ Дайэйшотой тааран барилдаж башёгийн гуравдахь даваагаа авлаа. Тэрүнофүжи Ган-Эрдэнэ башёг гурван даваа, хоёр унаатай үргэлжлүүлж байгаа бол Дайэйшо нэг унаа, дөрвөн унаатай явна.
Барууны манлайд бичигдэж буй озэки Такакэйшо башёгийн тавдахь өдөр маэгаширагийн гуравт эрэмбэлэгдэж буй Мёогирюүтой тааран барилдаж, ээлжит ялалтаа авлаа. Монгол бөхчүүдээс Ичиножо Ичинноров Кайсэйг давж дөрвөн даваа, нэг унаатай, Хошорюү Бямбасүрэн Нишикигиг давж гурван даваа, хоёр унаатай тус тус башёг үргэлжлүүлж байна. Нэг унаа, гурван даваатай байсан Кирибаяама Лхагвасүрэн Такарафүжитай тааран барилдсан ч өвдөг шороодож, башёгийн хоёрдахь ялагдлаа амслаа.
Одоогийн байдлаар Оношо нэг ч унаагүй таван даваатай башёг ганцаараа тэргүүлж яваа бол түүний араас дөрвөн даваа, нэг унаатай долоон бөх бичигдэж байна.