Оюуны өмчийг хамгаалахаар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Оюуны өмчийг хамгаалахаар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Оюуны өмчийг хамгаалахаар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монголын олон суваг дамжуулагчдын холбоо өнөөдөр (2020.09.18) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, Монголын олон суваг дамжуулагчдын холбоо (МОСДХ)-ны тэргүүн Ж.Золбат нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн дамжуулж буй телевиз, сувгуудын үйл ажиллагаанд оюуны өмчийг дээдлэх, оюуны өмчийн мэдлэг мэдээлэл түгээх, зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах юм байна.

Мөн талууд өргөн нэвтрүүлгийн телевиз болон сувгийн нэвтрүүлж буй контентуудад хяналт тавьж, оюуны өмчийн зөрчил, дутагдал илэрвэл Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зөрчил гаргасан телевизүүдийн эфирийг дамжуулахгүй байх, үйлчилгээний хөлс төлөхгүй байх зэрэг хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг хамтран явуулахаар тогтов.

Монголын олон суваг дамжуулагчдын холбоо нь Оюуны өмчийн газартай:

-Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн видео санд байршуулсан бүх төрлийн контентыг хамгаалах, тэдгээртэй холбогдсон үйл ажиллагааг хуулиар хамгаалах чиглэлээр хамтран ажиллах,

-Оюуны өмчийн сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг МОСДХ-ноос бүх талаар дэмжин ажиллах, хамтарсан сургалт, хурал зөвлөгөөн зохион байгуулах,

-Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь телевизийн сувгуудтай гэрээ байгуулахдаа оюуны өмчтэй холбоотой зүйл заалт заавал оруулах, мөн оюуны өмчтэй холбоотой зөрчил гарсан тохиолдолд сувгийг дамжуулахгүй байх зэрэг асуудлаар хамтран ажиллах юм байна.

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ҮЕД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Оюуны өмчийн газрын дарга Б.ЭНХСҮХ:

-Монголд олон сувгийн дамжуулалт үзүүлж буй телевиз, сувгуудын үйл ажиллагаанд оюуны өмчийг дээдлэх, Оюуны өмчийн хуулийг сурталчлах, гол нь зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байхад санамж бичгийн зорилго оршино гэж тодорхойлсон. Энэ дашрамд хэлэхэд, Оюуны өмчийн тухай хууль батлагдаад, энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль хэрэгжиж эхлэх үед хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Оюуны өмчийн бүтээл хулгайд алдагдах явдал гарсаар байна. Бид эрх зүйн орчноо илүү тодорхой болгох, ялангуяа хэрэгжиж эхлэх Оюуны өмчийн тухай хуулийн дагалдан гарч буй журмуудаа бас тодорхой болгож, энэ хүрээнд үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх, олон төрийн бус байгууллагатай хамтран ажилласнаар дээрх зөрчлүүдийг арилгаж чадна.

ХОЛБОО НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРЖ, ОЮУНЫ ӨМЧТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛУУДЫГ ХӨНДӨЖ БАЙНА

 МОСДХолбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.ПҮРЭВНЯМ:

-Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар ямар үр дүнд хүрэх вэ? 

-Олон сувгийн дамжуулагчийн үйлчилгээ эрхлэгчид, контент үйлдвэрлэгчид, телевизүүдийн хооронд явагдаж буй үйл ажиллагааны явцад оюуны өмчийг хамгаалах, оюуны өмчтэй холбоотой асуудлууд дээр нэгдсэн бодлого барих байр суурьтайгаар Олон суваг дамжуулагчдын холбооны ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Хэрвээ телевизүүд оюуны өмчийн зөвшөөрөлгүй контентууд дамжуулвал арга хэмжээ авах юм. Мөн Оюуны өмчийн газар, Олон суваг дамжуулагчид маань хэрэглэгчдэд оюуны өмчийн талаарх ойлголтууд өгөх сургалт, танин мэдэхүйн үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулна.

-МОСДХ-нд хичнээн байгууллага хамрагдан үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг найман байгууллага бий. Улс даяар 20 гаруй олон сувгийн дамжуулагчийн үйл ажиллагаа эрхлэгч байдаг. Холбоонд зургаан байгууллага харъяалагддаг.

-Түгээмэл зөрчлүүдийг арилгана гэж санамж бичгийн зорилгод дурджээ. Түүнд ямар ямар зөрчлүүд багтаж байна вэ?

-Оюуны өмчийн зөвшөөрөлгүй контентууд дамжуулах асуудал цөөнгүй гарч байна. Энэ асуудал дээр хамтарч ажиллана. Тухайлбал, телевизээр зохиогчийн эрхгүйгээр контент дамжуулдаг. Урд нь энэ асуудлуудаар тодорхой ажлууд хийгдэж байсан.

-МОСДХ хэзээ байгуулагдсан бэ?

-Холбоо 2019 онд байгуулагдсан. 2020 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ жилээс нэгдсэн зохион байгуулалтад орж, оюуны өмчтэй холбоотой асуудлуудыг хөндөж байгаа юм.

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН

Оюуны өмчийн газрын Хяналтын хэлстийн газрын Д.БАТ-ЭРДЭНЭ:  

-Санамж бичгийн хүрээнд хоёр ямар ямар үүрэг хүлээж байна вэ?

-МОСДХ зөрчил гаргаж байгаа телевизүүдийн нэвтрүүлгийг дамжуулахгүй байх, ОӨГ-ын хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан тогтоолын дагуу, оюуны өмчийн байцаагчийн гаргасан дүгнэлтийг зөрчиж буй талаар мэдээлэх үүрэг хүлээж байна. Мөн оюуны өмчийн талаар сургалт, сурталчилгаа явуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гол зорилготой санамж бичиг юм. ОСДХ нийт зургаан гишүүнтэй, цаашид үйл ажиллагаа нь өргөжиж, бүх олон суваг дамжуулагчийг хамруулна гэдэг утгаар санамж бичиг байгуулж байгаа юм.

-Зохиогчийн эрхийн зөрчил гарсан ямар арга хэмжээ авах вэ?

-2020 оны долдугаар сарын 1-нээс Өргөн нэвтрүүлгийн тухай хууль үйлчилж эхэлсэн. Мөн Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль гэж бий. Энэ хоёр хуулийн хүрээнд зохиогчийн эрхийн зөрчил, ялангуяа телевизүүдтэй холбоотой зохиогчийн эрхийн харилцааг зохицуулна. Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн зохиогчийн эрхийн зөрчил гаргаж байгаа телевизүүдийн эрхийг түдгэлзүүлж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохоор заасан.

-Саяхан хэд хэдэн телевизийн эрхийг түдгэлзүүлсэн. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос оюуны өмчийн байцаагчийн дүгнэлтийн дагуу тогтоол гарсан. Жишээлбэл, Оюуны өмчийн хяналтын хэлтсээс өнгөрсөн долдугаар сард зүүн гурван аймаг буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт шалгалт хийсэн. Шалгалтад хамрагдсан 10 телевизийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол гарсан. Олон сувгийн дамжуулагчид энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс эрх нь түдгэлзсэн эфирүүдийг дамжуулахгүй, гаргахгүй байх арга хэмжээ авах юм. Тийм учраас энэ арга хэмжээг түргэвчлэх, Олон сувгийн дамжуулагчдын холбоо, Оюуны өмчийн хороо харилцан ойлголцох үүднээс энэхүү санамж бичгийг байгуулж байна.

Монголын олон суваг дамжуулагчдын холбоо нь дотоодын болон гадаадын сувгуудыг орчин үеийн технологийн бүхий л шийдлийг ашиглан орон даяар дамжуулан түгээж буй олон сувгийн дамжуулагч үйлчилгээ эрхлэгч компаниуд нэгдсэн төрийн бус байгууллага юм.

Өнөөдрийн байдлаар дээрх компаниудаар дамжуулан улсын хэмжээнд 780 гаруй мянган өрх дотоод, гадаадын контентыг хүлээн авч үйлчлүүлж авч байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж