АН айлын хатавч бараадахаар Ардчиллын ордондоо төвхнөх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

АН айлын хатавч бараадахаар Ардчиллын ордондоо төвхнөх хэрэгтэй

АН айлын хатавч бараадахаар Ардчиллын ордондоо төвхнөх хэрэгтэй

УИХ-ын дараалсан хоёр сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан нам мөнгө ч үгүй, байр ч үгүй болсон. Тус намын даргаар С.Эрдэнийг сонгосноос хойш өнгөрсөн дөрвөн жил “Шонхор тауэр”-т байрлаж байсан. Харин С.Эрдэнэ тамгаа тушаасны дараа “Шонхор тауэр”-ээс жийгдсэн үү, эсвэл тус намын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан С.Эрдэнийн  хаяанд байхаас жийрхсэн үү, “Бодь цамхаг”-ийн хатавчинд төвхнөжээ. Тус барилга нь УИХ-ын гишүүн асан Лу.Болдын дүү Л.Болдхуягийнх гэгддэг. Эндээс харахад Ардчилсан нам ШИНЭ намын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх Лу.Болдын хатавчийг бараадах болжээ.

Ардчилсан нам УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын “мэдэлд” нэг мөр очсон гэхэд болно. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөх Лу.Болдынхоо хатавчинд АН-ыг аваачиж байхаар Ардчиллын ордонг нь өгчихвөл тус намын гишүүд дэмжигчид талархах ч биз.

Анх 1990 онд СТӨ-ний “хүзүүвч” гэж нэрийдсэн уг барилгыг Социал демократ намд төрөөс олгосон байдаг. Мөн Төв шуудангийн урд талд, С.Зоригийн хөшөөний ард байрлах ногоон байшинг Шинэ дэвшил холбоонд, Хөгжим бүжгийн коллежийн зүүн талд байрлах, одоо Ардчиллын ордон болсон уг барилгыг Монголын ардчилсан холбоонд тус тус олгосон байна.

Гэвч СТӨ-ны “хүзүүвч”-инд байрлах намынхаа байрыг Н.Алтанхуяг намын дарга байхдаа зарчихсан гэгддэг. Тодруулбал, Ардчилсан намын даргаар Н.Алтанхуяг  ажиллаж байхдаа уг барилгыг долоон тэрбумаар зарсан гэж Ардчилсан намын жирийн гишүүд буруутгах нь бий.

Хөгжим бүсгийн коллежийн зүүн талд XI хороололд байдаг Ардчилсан холбооны том байрыг хүн бүр мэднэ. Уг барилга МоАХ гэх төрийн бус байгууллагын нэр дээр байдаг. Өдгөө уг барилгыг МоАХ энд тэндхийн аж ахуйн нэгж компаниудад  түрээсэлж ашиг олдог аж. МоАХ-г Ерөнхийлөгч Х.Баттулга удирдаад 10-аад жил болж буй. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч МоАХ-ны тамгаа бусдад шилжүүлээгүй яваа билээ.

Ардчиллын ордон гэх уг барилгыг бусдад түрээсэлж, ашиг хонжоо хайж суухаар орох оронгүй болсон Ардчилсан намд өгчихвөл, ядаж айл, айлын хаяа бараадаж, байнгын нүүдэл, суудал болохгүй, нөгөө талаар чөлөөтэй орж гарч байх байртай байхсан гэж тус намын жирийн гишүүд дэмжигчид үзэж байгаа аж. Тэгэхээр Ардчилсан намын удирдлагууд Ардчиллын ордоноо авах талаар анхаарал хандуулах хэрэгтэй болов уу.

Ийнхүү Ардчилсан нам өнөөдөр наашаа гэсэн нэгнийг бараадаж, ядарч явахад Ардын нам татвар төлөгчийн 11 тэрбумаар Тусгаар тогтнолын ордон гэх тансаг сайхан байртай болсон. Түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн долдугаар сарын 1 гэх хэргийн дараа байраа шатаалгасан МАН нийтдээ 14.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Тусгаар тогтнолын ордон гэх сүрлэг, том барилга барьсан бөгөөд үүний 11 тэрбумыг нь төсвөөс гаргаж, нэг тэрбумыг нь Н.Номтойбаяр, нэг тэрбумыг Ш.Сайхансамбуу өгсөн гэх яриа байдаг.

Татвар төлөгчдийн 11 тэрбумаар баригдсан МАН-ын ордонг төр хурааж авах ёстой гэж АН-ын гишүүд шаардаж байсан удаатай.

Ардчилсан намын шинэ байрны шав тавих ёслол 2018 онд болсон. Яармагийн дэнжид баригдаж буй уг барилгын ажлын гүйцэтгэгч "Хөрш заан" компани. "Хөрш заан" нь УИХ-ын гишүүн асан Д.Батбаярынх. Ардчилсан намын шинэ байр нийтдээ гурван блокоос бүрдэх бөгөөд арван давхар оффисын байр болон хурлын танхим, спорт заалнаас бүрдэнэ гэж шав тавих үедээ тус намын экс дарга С.Эрдэнэ хэлж байжээ. Барилгыг 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаа УИХ-ын гишүүн Д.Батбаяр амлаж байсан ч АН бусдын гэрт толгой хоргодсон хэвээр байна.

А.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж