АНУ-ын өмнөд эргийн нутгаар “Салли” нэртэй далайн шуурга дайрснаас нэг хүн амь үрэгдэж, хагас сая оршин суугч гэрэл цахилгаангүй болжээ. Тухайлбал, Алабама муж улсад 253 мянган хэрэглэгч, Флоридад 290 мянга орчим хүн гэрэл цахилгаангүй болсон аж. Шуурганы улмаас үргэлжлэн орсон аадар бороо үерийн гамшиг дагуулж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлэхээр аврагчид ажиллаж байна. Цаг уурын агентлагаас мэдээлснээр шуурганы үеэр дөрвөн сарын хугацаанд орох хэмжээний хур тунадас дөрвөн цагт орж, үер болжээ.
Шуурганы хүч бага зэрэг суларч Флорида, Алабама муж улсыг дайрчээ. Алабама муж улсад нэг хүн нас барж, өөр нэг хүн сураггүй болсон аж. Мөн тус муж улсад хөрсний нуралт үүсч, том моддыг үндсээр нь булга татжээ. Шуурганы үеэр салхины хүч цагт 169 км хүрснээр “хар шуурганы хоёрдугаар” зэрэгт хүрчээ.
Атлантын далайд хүчтэй хар шуурга үүсэх нь нэмэгдсэн гэж цаг уурчид мэдэгдсэн ба энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж дүгнэжээ. 2018 оны “Nature” сэтгүүлийн судалгаагаар 1949-2016 оны хооронд далайн шуурганы давтамж 10 хувиар нэмэгджээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ