Төсвийн сахилга батыг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Төсвийн сахилга батыг тогтоолоо

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр                  Төрийн ордон                  Улаанбаатар хот    

  

        Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталлаа. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай хууль 11 байна.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай, Хамтын тэтгэврийн тухай, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай, Сонгуулийн тухай, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай зэрэг бие даасан чухал хуулиудыг баталлаа.

Хувь хүний орлогын албан татварын тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулжээ. 

2016 оны Улсын төсвийн тухай хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 25.4 хувь, нийт зарлагыг 28.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 3.4 хувь болж төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнээс 0.6 хувиар бага байхаар баталлаа. Ингэснээр, Улсын Их Хурал олон жил томоохон алдагдалтай явж ирснийг залруулан, төсвийн сахилга бат тогтоосон төсвийг баталж чадсанаараа эдийн засгийн бодит байдалд нийцсэн, үр ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ. 

Сонгуулийн хуулийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой харилцааг нэг хуулиар зохицуулж, эдгээр сонгуулийг нэг ижил хугацаанд явуулж байхаар тогтоож, үндсэн зарчим, журмыг нэг мөр тодорхойлж өглөө.

Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах, шударга ёсыг тогтооход голлох үүрэг гүйцэтгэдэг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг олон улсын гэрээ, конвенцийн заалтад нийцүүлж, ялын хатуу хайрцагласан бодлогыг шинээр авч үзэн, уян хатан болгож, ялыг сонгон хэрэглэх боломжийг нэмэгдүүллээ. Түүнчлэн, ялтай байдал, гэмт хэргийн ангилал, урьд ял шийтгэгдсэн, давтан үйлдсэн зэрэг хүний эрх зүйн байдлыг дордуулж байсан зохицуулалтыг халж, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял нь гарцаагүй, үр нөлөөтэй байх зарчмыг тусгаж, зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүйгээр захиргааны хариуцлага хүлээлгэхээр тогтоосон нь чухал ач холбогдолтой шинэчлэл боллоо. 

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, онц аюултай гэмт хэрэгтэн, онц хүнд болон хүнд, албан тушаалын зэрэг 33 гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлж, хорих газраас 1,253 ялтан суллагдаж, 338 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Өршөөлийн хуульд нийтдээ 4,340 хүн хамрагдаж, төрийн хүнлэг энэрэнгүй ёсны зарчмыг хэрэгжүүлж, хорих газрын болон мөрдөн байцаах байгууллага, шүүхийн ачаалал зохих хэмжээгээр хөнгөрсөн байна.

Зөрчлийн тухай хуулийг баталж, захиргааны зөрчил гаргасан хүнд салбарын 210 гаруй хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг халж, нэгдсэн нэг хуулиар зохицуулах боломжийг бүрдүүлж, захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг бие даасан хуулиар зохицуулахаар боллоо. Ингэснээр, захиргааны зөрчил болон түүнийг шалган шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх асуудлаар хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх боломж бүрдлээ. Иймд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох процессийн болон байгууллагын хуулиудыг нэн яаралтай баталж мөрдүүлснээр хуулийн байгууллагын үйл ажиллагаанд зарчмын шинжтэй өөрчлөлт гарна гэж үзэж байна.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсанаар бодлогын баримт бичгүүдийг цэгцлэн, үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдааг хангах, хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой, нэгдсэн  зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. Мөн энэ хуулийн хүрээнд боловсруулсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал (2016-2030) батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар бүх шатны сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын тогтвортой хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулах бөгөөд хэрэгжилтийг нь Үндэсний Аудитын газар хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргэж байхаар хуульчлагдлаа.

Аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэх талаар сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого чамлахааргүй түвшинд үр дүнгээ өгч байна. Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого амжилттай хэрэгжиж байна. Жишээлбэл, барилгын материалын үйлдвэрлэл, түүний дотор цементийн үйлдвэрлэл өргөжиж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспорт хийж эхэлсэн байна. Цаашид боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг түлхүү дэмжиж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг өсгөх тал дээр үргэжлүүлэн анхаарах шаардлагатай.

2015 оны эдийн засгийн тоо мэдээнээс үзвэл 11 дүгээр сараас ажил эрхлэлт нэмэгдэж эхэлсэн нь сүүлийн 2 жилд гарч буй эерэг дүр зураг юм. Тухайлбал, бүртгэлтэй ажилгүй иргэдээс мөнхүү хугацаанд ажилд орсон хүний тоо улсын хэмжээнд мэдэгдэхүйц өсөж байна. Энэ үзэгдэл зүүн бүсээс бусад бүх бүс нутагт нийтлэг ажиглагдаж байна. Энэ бол үйлдвэржилтийг дэмжсэн бодлогын эхний үр дүн гарч буйн илрэл гэж үзэж байна.

Монгол Улс хүн амынхаа орон сууцжилтын түвшнээр олон улсын тавцанд хойгуур байр эзэлдэг. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо манай хүн амын амьжиргааны чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Харамсалтай нь, Үндсэн хуулийн цэцийн ташаа шийдвэрээс улбаалан энэхүү харилцаа гацаанд орж, зогссон тул Улсын Их Хурал яаралтай арга хэмжээ авч, 01 сарын 19-ний өдөр Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталснаар ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүллээ. Хууль баталснаас хойших хоёрхон долоо хоногт нийт 379 зээлдэгч 23.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлд хамрагджээ. Зөвхөн “Буянт Ухаа–2” төсөл дээр гэхэд 200 айл зээлийн гэрээ байгуулж, цагаан сарын баяраас өмнө шинэ орон сууцандаа орж амжсан байна. Цаана нь ойрын хугацаанд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 18.000 орчим өрх байна.

Хүн ардаа тохилог аюулгүй орчин, орон сууц, чанартай хүнс зэрэг амьдралын наад захын хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлж өгөх нь төрийн анхдагч үүрэг мөн. Ипотекийн зээл бол хөдөлмөрийн зах зээл нь боловсорч гүйцээгүй манай орны хувьд ажиллах хүчний урам зоригийг сэргээж, тогтвортой ажиллах нэг хөшүүрэг болж,  ажил эрхлэлтийг хүчтэй дэмжих ач холбогдолтой юм. Ипотек нь ажил эрхлэгч төдийгүй ажил олгогчдыг ч дэмжин урамшуулж, нийгэмд урт хугацаанд үр ашгаа өгөх тогтолцоо гэж харж байгаа. Түүнээс гадна, энэ тогтолцоо манай хөдөлмөрийн зах зээлд томоохон байр эзэлдэг барилга угсралтын салбарын бизнесийн сүлжээг тогтвортой дэмжиж байгаа. Тиймээс Монгол Улсын төрөөс энэ асуудалд нухацтай хандах учиртай. Ипотекийн зээлийн хүүг бууруулж 5 хувь болгох талаар Монголбанк болон холбогдох байгууллагууд судалгаа хийж, зохих бэлтгэлийг хангахаар ажиллаж байна. Энэ талаар Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах нь зүйтэй.

Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Улсын Их Хурлын тогтоолоор баталж Тариалангийн тухай хуулийг баталлаа. Манай нийт өрхийн гуравны нэг нь, хүн амын тэн хагас нь хөдөө аж ахуйн салбарт хамаардаг тул энэ салбарын хөгжилд бид онцгой анхаарал тавих ёстой. Улсын Их Хурлын тогтоолд 2025 он гэхэд хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 жилийн дундаж өсөлтийг 20 хувьд хүргэх, улсын төсөвт хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийг 4-өөс доошгүй болгох, нийт сүрэгт үхрийн эзлэх хувийг 10-д хүргэж, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээг 200,000 тоннд, нийт сүү үйлдвэрлэлд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүг 50 хувьд, 1 га-с авах буудайн ургацын хэмжээг 20 центнерт, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, малын тэжээл үйлдвэрлэлд бүрэн найрлагат тэжээлийн эзлэх хэмжээг 10 хувьд хүргэх зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлэн тавьсан байна.

Хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбарын хөгжил голлох байр суурь эзэлнэ. Монголын мал аж ахуй нь үндсэндээ өрхийн аж ахуйд суурилан явагддаг тул бид малчин өрхүүдийн эдийн засгийн хөгжилд онцгой анхаарал тавих ёстой. Энэ оны 02 дугаар сарын 4-нд Засгийн газраас Малчдыг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчдад олгох зээлийн хүүг 10 хувь болгох, мөн малчдын хэрэглээний зээлийг хөнгөлөх зорилгоор Төрийн банкны малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулахаар шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, мал сүргээ эрүүл байлгах нөхцөлийг хангахаар ажиллаж буй малчдад бага хүүтэй зээл олгосноор мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортийг өсгөж, малчдын орлогыг тууштай нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэ бүхэн нь мал аж ахуйг тойрсон үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, худалдаа, тээвэр, газар тариалангийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлнэ.

Хэдхэн хоногийн дараа XVII жарны модон хонин жил шувтарч, мичин жил урган гарах гэж байна. Өвлөө өнтэй давсан малчин түмэн маань хавраа тавтай сайхан угтах болтугай. Нийт монголчууд Та бүхэндээ сар шинээ сайхан угтахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

        Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж