Түлш олдохгүйгээс гэр хорооллынхон зутарч эхлэв

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Түлш олдохгүйгээс гэр хорооллынхон зутарч эхлэв

Түлш олдохгүйгээс гэр хорооллынхон зутарч эхлэв

Сэрүү унаж, шөнөдөө хасах градустай жиндүүхэн хонодог болжээ. Өвлийн бэлтгэл  ажил эхэлж, дарга нар энд тэнд очиж ажилтай байдалтай танилцсан мэдээлэл ч хөвөрсөөр.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. “Тавантолгой  түлш” компани шахмал түлш үйлдвэрлэн гэр хорооллын иргэдийг хангаад багагүй хугацааг үдэж байна. Гэвч, өнөөдрийг хүртэл нийслэлчүүдийг түлшээр хангах үйл ажиллагаа нь жигдрээгүй л бололтой. Жигдрээгүй гэж тодотгож буй шалтгаан нь сайжруулсан түлшний хангалт муу, нийлүүлэлт бага, олдоц ховор байгаа талаар  гэр хорооллын иргэд шүүмжилж байна. Тиймээс нийслэлийн гэр хорооллынхны өвлийн бэлтгэх хэр байгааг, сайжруулах түлшний эрэлт, нийлүүлэлтийг сурвалжлахаар  нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийг зорилоо.

Өвөлдөө хамгийн их агаарын бохирдолтой Баянхошууны Хөтлийн буудалд “Тавантолгой  түлш” ХХК-ны сайжруулсан түлш борлуулах ганцхан цэг бий. Тус цэгт өчигдөр /2020.09.17/ 16.00 цагийн үед очиход таван  тонн шахмал түлш  нэг цагийн дотор борлуулагдаж дууссан байлаа.  

ӨДӨРТ ТАВАН ТОНН ТҮЛШЭЭС ИЛҮҮ ЗАХИАЛГА АВАХГҮЙ БАЙНА

Борлуулагч залуугийн хэлснээр  Шахмал түлшний захиалгаа “Тавантолгой  түлш” ХХК-д өмнөх өдрөө өгдөг. Өчигдөр таван тонн түлш захиалсан ч хараахан ирээгүй байна. Орой 20.00 цагт ирэх байх. Ирсэн хойноо иргэдэд хүрэлцдэггүй. Зарим үед “Зургаан шуудай авах хүнд гурвыг өгөөд үлдсэнийг нь маргааш авчих. Дараагийн хүмүүсээ бодолцож, байгаа түлшээ хуваагаад авъя” гэж учирлаад хэлдэг.

Тавантолгой  түлш”  компани нэг цэгт хамгийн  дээд тал нь таван тонн түлшээс илүү захиалга авахгүй байгаа болохоор гэр хорооллынхон түлэх түлшгүй болоод байна. Цаг агаар хүйтрээгүй гэсэн шалтгаанаар ийм бага квот тогтоосон гэсэн.

Нийлүүлэлтээ нэмэгдүүлэхгүй бол шөнөдөө хүйтэн хонож байгаа учраас иргэд зутарч байгаа байх. Түлш хайж, иргэд хаа байсан Дарь-Эх, Долоон буудал, Хайлаастаас хүртэл манайх руу ирдэг. Үнэхээр хүрэлцээ муу байхад яалтай билээ. Хүрэлцээ муу байгаагаас болж иргэдийн зүгээс хэрүүл тасрахаа больсон” гэв.

Урьд өмнөх жилүүдэтэй харьцуулахад агаарын бохирдол багассан нь сайн хэрэг. Гэхдээ сайжруулсан түлшний  хангалт, нийлүүлэлт муу байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Шөнө, оройн цагаар усны тэрэг түрээд түлшний цэг рүү очтол, түлш дууссан гэх үгийг сонсоод хэн, хүнгүй уурлаж, бухимдахаас аргагүй. Ингээд аргаа барахдаа машинтай нь машинаараа, машингүй нь такси хөлслөн дүүргээс дүүрэг дамжин сайжруулсан түлшний эрэлд гарч байна. 

Тус цэгээс шахмал түлш сураглаж ирэх хүмүүсийн хөл хөдөлгөөн татрахгүй аж. Гэвч түлш байхгүй  учраас ихэнх нь 2-3 шуудай түлээ худалдан  авч байв.  Тэдний зарим нь Хөтөл орчимд оршин суудаг бол нөгөө хэсэг нь хотын захад  аж төрж буй.  Ерөнхийдөө гэрээ дулаацуулъя гэвч түлш нь эрээд олддоггүй “эрдэнэ” болсон учраас илч муутай ч гэсэн түлээ авч буйгаа учирлах иргэд олон байсан юм.

ТАВАН ТОНН ТҮЛШ 33-ХАН  АЙЛЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ БАЙНА

 Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах  2-3 цэгээр ороход борлуулагчид нь  бүгд түлшний хүрэлцээ муу байгаа талаар адилхан зовлон тоочлоо.

“Тавантолгой  түлш”  компани шахмал түлш борлуулж буй цэг тус бүрт таван тонн түлш өгч буй. Энэ нь 200 шуудай түлш  бөгөөд нэг өрх  зургаан шуудай түлш авлаа гэхэд ердөө 33-хан  айлын хэрэгцээг хангаж байгаа юм.  

Нэр болон зургаа нууцлахыг хүссэн борлуулагч “Хүмүүс бусдаасаа урьтаж түлш авахын тулд  түлш ирэхээс өмнө мөнгө болон картаа  захиад үлдээдэг. Тэр байтугай усны тэргээ хүртэл үлдээгээд явдаг. Тэгэхээр өнөөдөр орой 20.00 цагт  манай цэг дээр ирэх таван тонн түлш буюу 200 шуудай түлшний тал нь захиалгатай гэсэн үг.  Түлшээ машинаас буулгах хооронд мөнгөө өгөөд, картаа үлдээсэн хүмүүс 100 шуудай түлшээ аваад явчихна.  Түлшээ буулгаж байх хооронд машинууд ар, араасаа дугаарлаад  үлдсэн 100 шуудай түлш 30 минутын дотор дуусдаг.

Бусад айлуудыг бодвол өндөрлөг газарт амьдарч байгаа айлууд түлшний машин ирэхийг андаж харж байгаад усны тэргээ түрээд гүйгээд ирдэг. Мэдээж хүмүүсийн эрэлт хэрэгцээ ийм их байхад таван тонн түлш хаанаа ч хүрэхгүй. “Тавантолгой  түлш”  компани есдүгээр сарыг дуустал таван тонноос илүү захиалга  авахгүй. Аравдугаар сарын 1-ээс нийлүүлэлтийн тоог нэмнэ гэсэн” гэлээ.

АРАВДУГААР САРЫН 1-ЭЭС  ТҮГЭЭЛТ ЖИГДЭРНЭ

Түлшний нийлүүлэлт нийслэлийн гэр хорооллынхны эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа талаар  “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас тайлбар, мэдээлэл авах гэж хэдэнтээ оролдсон ч бүтээгүй юм. Тиймээс тус компанийн иргэдийн гомдол, санал хүлээж авах  70119400 утас руу залгахад “ Шахмал түлш борлуулах шинэ цэг байгуулахын тулд таван тонн түлшээс илүүг олгохгүй байгаа. Гэхдээ нөөц хангалттай байгаа. Одоогоор 80 мянга орчим тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Энэ жилийн 1000 гаруй борлуулалтын цэг  нээхээр ажиллаж байна. Ирэх долоо хоногоос шат дараатайгаар  цэгүүдийг нэмнэ. Ерөнхийдөө аравдугаар сарын 1-нээс  түгээлт жигдрээд ирэхээр түлшний хомсдол үүсэхгүй” гэх хариуг өглөө.

Ингээд иргэдийн байр суурийг хүргэе.

ОДООХОНДОО МОДООР Л АРГАЦААЖ БАЙНА

Иргэн Л.Наранбат:

-Түлшний олдоц үнэхээр муу байна. Одоохондоо модоор л аргацааж байна. Гадуур надтай адил түлшний эрэлд гарсан хүмүүс олон бий. Хувьдаа машингүй, такси хөлсөлж түлшээ авах тохиолдол энүүхэнд. Зургаан шуудай түлш 22.500 төгрөг, дээрээс нь таксины хөлс нэмэхээр нэг удаа түлшиндээ явахдаа 30 орчим мянган төгрөг зарцуулдаг. Ингээд бодохоор хувьдаа машингүй иргэн сард 24 шуудай түлш авахын тулд 120 мянга орчим төгрөг зарцуулах нь. Тиймээс түүхий нүүрсийг нийслэлийн хэрэглээнээс бүрмөсөн халъя гэвэл шахмал түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүл, цэгээ олшруул. Зургаан шуудай биш нэг удаагийн авалтаар нэг тонн түлш авдаг болвол иргэд долоо хоног бүр түлшний мөнгөнөөс гадна такси, шатахууны мөнгөөр шатахгүй.

ТҮЛШЭЭ ШУУДАЙГААР НЬ  АВЧ БАЙХААР ТОННООР АВЧИХВАЛ  ИЛҮҮ АМАР

Иргэн н. Ганбаяр:

-Түлш үнэндээ хүрэлцэхгүй байна. Түлш байхгүй болохоор хар модоор л галаа түлж байна. Ер нь зургаан шуудай бол хаана ч хүрэхгүй, хүрэлцээ муу байгаа гэдгийг хэлмээр байна. Манайх өвөлдөө өдөрт хоёроос гурван шуудай түлш хэрэглэдэг. Яагаад гэвэл 380 мкв-т байшин болохоор тэр. Шахмал түлш хүрэлцэхгүй болохоор хажуу айлаасаа гуйж, нэг шуудайг илүүчилж хэрэглэдэг байсан.  Тиймээс том байшинтай, нам даралтаар халдаг айлуудад долоо хоногийн зургаан шуудай түлш хаанаа ч хүрэхгүй. Жишээлбэл, манайх өмнө нь түлшний олдоц их байх үед  зургаан шуудай түлшээ зөөхдөө арван мянгаар портер хөлсөлдөг. Ингэж байхаар тонноор авчихвал амар. Монгол гэртэй айлуудад зургаан шуудай түлш долоо хоногтоо хүрэх байх. Түлшний хэрэглээнд бол  бид дассан түлж сураад байгаа. Уг нь утаа багассан ч шуудай түлшнийхээ тоогоо ахиу болгох хэрэгтэй.

ШАХМАЛ ТҮЛШНИЙХЭЭ ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Нэрээ нууцлахыг хүссэн иргэн:

– Зарим өдрүүдэд түлш нь олдохгүй, хүүхдүүд даарснаасаа болж ханиад хүрэх боллоо. Дүн өвлийн хүйтэнд бол  түлшний хүртээмж ийм муу байвал  нэг хоног ч тэсэхгүй. Утааг багасгаж түүхий нүүрсийг хориглохоор шийдвэрлэсэн бол ядахдаа шахмал түлшнийхээ хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Түлш борлуулах цэгээс нэг тонноор авъя гэхэд өгөхгүй гэнэ. Тав зургаан шуудайгаар зөөж байснаас нэгмөсөн тонноор нь авчихвал амар шүү дээ.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж