"Уян налархай, шийдэмгий хөдөлгөөнөөр Аннаг илэрхийлнэ"

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

"Уян налархай, шийдэмгий хөдөлгөөнөөр Аннаг илэрхийлнэ"

"Уян налархай, шийдэмгий хөдөлгөөнөөр Аннаг илэрхийлнэ"

Улсын драмын эрдмийн театрын үүдээр ормогц  19 зууны үеийн эрхэмсэг ноёд, хатагтай нар угтав. Тайзны араар зочилбол чив чимээгүй. Тайзнаа бэлтгэл сургуулилт хийж байв. Театрын уран бүтээлчид “Анна Каренина” жүжгийн гадаад хяналтад орохдоо бэлдэж байсан нь энэ.

Алдарт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина" романыг Монголд анх удаа Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон толилуулах гэж буй. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа энэ гайхамшигтай жүжгийн хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр залуу дэглээч Д.Энхбаатар ажиллаж байгаа юм. Бэлтгэл сургуулилалтынх нь үеэр түүнтэй уулзаж, ярилцсанаа хүргэе.


-Драмын театрын уран бүтээлийн хөдөлгөөний найруулагчаар Г.Ган-Очир ажилладаг байсан. Энэ удаагийн цоо шинэ уран бүтээлд хөдөлгөөний шинэ найруулагч ажиллаж байгаа гэж дууллаа. “Анна Каренина” жүжгийг хэрхэн хөдөлгөөнөөр илэрхийлж, дэглэсэн нь сонирхол татаж байна?

Миний хувьд Драмын театрт ороод нэг жил болох гэж байна. “Анна Каренина” жүжиг бол миний анхны хөдөлгөөний найруулагчаар ажиллаж байгаа хамгийн том хэмжээний уран бүтээл. Би өмнө нь Үндэсний хэмжээний дуулалт жүжиг болон гадаад дотоодын тайзны бүжиг дээр ажиллаж байсан ч драмын жүжигт хөдөлгөөний найруулагчаар ажиллаж байсангүй. Энэ том боломжийг олгосон театрынхаа уран бүтээлчдэд талархаад баршгүй. Тиймээс маш их хичээж, ажиллаж байгаа.

-Үндэсний урлагийн их театрт  ажиллаж байсан гэл үү?

-Тийм ээ. Би Хөгжим бүжгийн коллежийг 2007 онд бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Үргэлжлүүлэн Соёлын дээд сургуулийг бүжгийн дасгалжуулагч багш мэргэжлээр төгсч, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад бүжигчнээр ажилд орсон. Дараагаар нь 2009 онд ОХУ-ын Санкт-Петербургийн А.Я.Вагановийн нэрэмжит балетын академид суралцаж, 2013 онд төгссөн. Төгсч ирээд Үндэсний урлагийн их театрт бүжигчин  дэглээчээр ажилласан юм.

Үндэсний урлагийн их театр маань намайг бүжгийн урлагт өлгийдөн авч, маш олон зүйлийг зааж сургаж өгсөн. Өдий зэрэгтэй явж байгаа нь Ц.Сэвжидийн нэрэмжит Бүжиг ангийн хамт олон болон эрхэм багш нартай минь салшгүй холбоотой. Одоо би  Драмын театрт хөдөлгөөний найруулагч бүжиг дэглээчээр, Сити их сургуульд бүжгийн багшаар ажиллаж байна.

-Ер нь хэзээнээс Драмын театрт хөдөлгөөний найруулагчийн орон тоо бий болсон юм бэ?

-Улсын драмын эрдмийн театрт албан ёсны хөдөлгөөний найруулагчийн орон тоотой болоод гурван жил гаруй болж байна. Өмнө нь тухайн жүжиг дээр гадны дэглээч уран бүтээлчдийг урилгаар ажиллуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд хөдөлгөөний найруулагчийн орон тоотой болсон.

Миний хувьд алдарт Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог бүтээлд гар бие оролцон ажиллаж байгаадаа баяртай байна. Би өөрөө ОХУ-ын Санкт-Петербург хотод суралцаж байсан болохоор надад илүү ойр, сонирхолтой санагдаж байгаа.

-Жүжгийн нээлт болох хугацаа их ойртлоо. Хэр догдолж байна вэ?

-Нээлт болоход цөөн хоног үлдлээ. Манай театрын хамт олон жүжгийн бэлтгэл сургуулилтандаа анхаарч бүгд л их завгүй ажиллаж байна. Бас их догдолж байна.

Миний хувьд өмнө нь дан ганц бүжигчидтэй ажилладаг байсан бол энэ удаа жүжигчидтэй ажиллахаас гадна үйлдлийг хөдөлгөөнжүүлэх, хөдөлгөөнийг үйлдэлжүүлэх гэдэг дээр давхар суралцаад явж байна. Манай жүжигчид мэргэжлийн өндөр ур чадвартай учраас ажиллахад их урамтай байна.

-Гол дүрийн жүжигчдийн хөдөлгөөнд хэрхэн анхаарсан бэ? 

-Дүр болгон өөрийн гэсэн онцлогтой. Тухайн дүрийн дотоод ертөнцийг биеийн үйлдлээр илэрхийлэхийг зорьсон.

-Тэгэхээр жүжгийн үг, үйлдэл бүр нь утга учиртай байх нь ээ?

-Тийм. Дүрүүдийг тодотгоход хөдөлгөөн болон мизансцена маш чухал. Хоёр бүлэг 23 үзэгдэлтэй “Анна Каренина” жүжгийн 70 гаруй хувь нь массын хөдөлгөөнөөс бүрдэж буй. Тухайн нийгмийн хүмүүсийг юу эвддэг вэ гэхээр масс нийгэм өөрөө эвддэг. Өөрөөр хэлбэл, массаар тайз декораци хийж байгаа гэсэн үг. Хэт нүсэр тайзнаас аль болох татгалзах шийдлээр тавилтуудаа хийж буй.

Найруулагчийн даалгавраар утгыг хөдөлгөөнжүүлэх, хөдөлгөөнийг утгажуулна гэдэг дээр неокласик бүжгийн төрөл ба био механик хөдөлгөөний төрлийг энэ жүжигт оруулснаараа онцлог.

-Энэ жүжгийн хамгийн онцгой хөдөлгөөнтэй үзэгдэл гэвэл?

-Бүх үзэгдэл өөрийн онцлогтой. Тэр дундаас  Китигийн үдэшлэгийн хэсэгт хамгийн олон үйлдэл давхацсан буюу  тавдугаар үзэгдэл. Найруулагчийн хамгийн эхний захиалга байсан. Энэ хэсэгт ордны хэв маягийг орчин үетэй хослуулсан бүжиг ордог. Дараагаар нь вокзал, театрын хэсэг байна.

Жүжигчид дан ганц жүжиглэхээс гадна үйлдлээрээ харилцдаг хэсэг. Үзэгдэл болгоны холбоос ямар байх вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Ер нь найруулагчийн шинэлэг санаа, зураачийн тайз, хувцас гэрлийн өнгө, хөгжмийн зохиолчийн аялгуун дээр тулгуурлаж бүжиг тайзны хөдөлгөөн тавигдаж байгаа.

-Драмын жүжигт хөдөлгөөн хэр чухал вэ?

-Ер нь бүхий л зүйл хөдөлгөөн дээр оршдог. Драмын урлаг үгэн урлагт тулгуурлахаас гадна жүжгийн төрөл жанраас хамаараад утга агуулгад тохирсон бүжиг, хөдөлгөөнийг  хослуулдаг. Иймээс хөдөлгөөн чухал гэж боддог.

-Тэгвэл Анна Каренинаг илэрхийлэх хөдөлгөөн ямар байх ёстой вэ?

-Минийхээр Анна бол маш шударга, сэтгэлийн дотоод үзэл бодол, гаргаж буй үйлдэлдээ үнэнч, тэмцэгч, бүх гоо сайхан цогцолсон төгс бүсгүй. Гол дүрийн бүсгүйн зан чанарт тохирсон уян налархай шийдэмгий хөдөлгөөнөөр Аннаг илэрхийлнэ.

-Уран бүтээлийн дараагийн төлөвлөгөөнөөс хуваалцахгүй юу?

-Манай театрын 90 жилийн ой 2021 онд тохионо. Ирэх жил театрынхаа шинэ, хуучин жүжгүүд дээр болон Н.Наранбаатар найруулагчийн дараагийн шинэ уран бүтээл дээр хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

 Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж