Шатрын спортын Их мастер С.Билгүүнтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
–News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Сумъяагийн Билгүүн гэдэг, 23 настай. Монгол Улсаас төрсөн шатрын тавдахь их мастер. Мөн энэ цолонд хүрсэн хамгийн залуу тамирчнаар тодроод байгаа. 16 дахь жилдээ шатрын спортоор хичээллэж буй "Алдар" спорт хорооны тамирчин байна.
–Саяхан зохион байгуулагдсан шатрын онлайн олимпиадынхаа талаар яриач. Цар тахлын үетэй давхацсан тул олимпиад онлайнаар зохион байгуулагдсан нь онцлог байлаа шүү дээ?
-Цар тахалтай холбогдуулан дэлхийн даяар тэмцээн уралдаан цуцлагдаж хойшлогдож байна л даа. Уг нь 2020 онд хоёр жилд ганц удаа зохион байгуулагддаг дэлхийн шатрын олимпиад зохион байгуулагдах байсан юм. Шатрын спортын олимп гэж хэлж болно. Даанч энэ тэмцээн маань нэг жилээр хойшлогдчихсон. Үүнтэй холбогдуулан FIDE буюу Олон улсын шатрын холбооноос онлайн тэмцээн хийх боломжтой юм байна гэж үзэн “Дэлхийн шатрын анхдугаар онлайн олимпиад”-ыг зохион байгууллаа. Нийт 165 орон оролцсон их том тэмцээнийг зохион байгуулсан. Монгол улсын хувьд хоёр жилийн өмнөх дэлхийн шатрын олимпиадад үзүүлсэн амжилтаас шалтгаалан А бүс буюу тэмцээний нэгдүгээр хэсэгт хуваарилагдсан. Тэмцээний зохион байгуулалтын хувьд гэвэл нийт 5 хэсэг бий. Хэсэг тус бүрээс шалгарсан эхний гурван баг плей-оффын буюу хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болох байсан. Манай улс дээр есөн баг нэмэгдэн нийт 10 баг А хэсэгт өрсөлдсөн. Хэсгээс цааш шалгарахад жоохон аз дутаад тавдугаар байрт шалгарсан. Чамлахааргүй амжилт гэж харж байгаа.
-Хэсгийн тоглолтуудаа аль аль улсын багуудтай хийв. Хамгийн хэцүү өрсөлдөгчид аль улсын шигшээ баг байсан бэ?
-Онлайн гэдэг утгаараа олон улсын шатрын холбооноос баг тамирчдыг цагийн зөрүүнээс шалтгаалан нэг хэсэгт оруулсан гэж хэлж болно. Тиймээс манай хэсэгт ихэвчлэн Азийн багууд багтсан. Жишээлбэл, шатрын багийн төрлөөрөө дэлхийн номер нэг болоод буй Хятадын шигшээ баг энэ тэмцээнд түрүүлсэн Энэтхэгийн шигшээ баг мөн Азийн хүчирхэг төлөөлөл Вьетнам, Индонези, Европын шилдгүүд болох Герман, Гүржийн шигшээ багууд манай хэсэгт тоглосон. Ерөнхийдөө энэ тэмцээний үхлийн хэсэг байсан гэж ойлгож болно. Манай багийн хувьд энэ тэмцээний турш Энэтхэгийн шигшээ багтай 3:3 харьцаатай тэнцсэн цорын ганц баг болсон. Бусад улсуудын баг Энэтхэгт хожигдсон л доо. Гэхдээ Орос, Энэтхэгийн шигшээ тоглолтын үеэр тэмцээнийг зохион байгуулж байсан сервер доголдоод олон улсын шатрын холбооноос хоёуланг нь аварга болгосон. Тэрнээс биш Энэтхэг улстай хамгийн хүчтэй өрсөлдөөнийг Монголын баг үзүүлсэн. Мөн эхний өдрийн тоглолтууд бид биеэ бариад тааруу тоглосон гэж бодож байна. Нийт есөн багтай гурван өдөр тоглох ёстой. Нэг өдөрт гурван улсын шигшээ багтай тоглоно. Эхний өдрийн тоглолтондоо Вьетнамын шигшээ баг хожигдоод, дараа нь Гүржийн шигшээ багтай тэнцэн, Германы шигшээ багт хожигдчихсон. Уг нь эн тэнцүү тоглолтыг үзүүлж, хожно гэж бодож байсан багууд л даа. Үүний улмаас бидний даалгавар хүндэрсэн. Дараа нь Энэтхэг, Хятад гээд дэлхийн топ түвшний хоёр багтай тоглосон. Хятадын шигшээ багтай тун ойролцоо тоглолтыг үзүүлж 3.5:2.5 гэсэн ойрхон харьцаатай хожигдсон. Ганц өрөг дээр л хожигдсон гэсэн үг л дээ.
-Дэлхийн шатрын анхдугаар онлайн олимпиадад оролцсон Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулаач?
-Энэхүү тэмцээний удирдамж долдугаар сард гарснаар Монголын шатрын холбоо IT парктай хамтран шигшээ багийн сонгон шалгаруулах тэмцээнийг эхлүүлсэн. Тэрхүү тэмцээнээс яг зургаан тамирчин шалгараад түүн дээр зургаан сэлгээний тамирчин нэмэгдсэн. Миний хувьд сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлээд Монгол улсаа төлөөлөн нэгдүгээр ширээнд тоглох болсон бол Их мастер Г.Мөнхгал хоёрдугаар ширээнд, эмэгтэй тамирчдаас Их мастер Б.Мөнгөнтуул нэгдүгээр ширээнд, Их мастер Т.Батчимэг хоёрдугаар ширээнд тоглох болсон. Харин үлдсэн тав, зургадугаар ширээнд 20 хүртэлх насны тамирчид суух байсан юм. Үүнд олон улсын мастер Д.Батсүрэн, Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер Х.Баясгалан гээд манай өсөх ирээдүйтэй тамирчид шалгарсан.
–Бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаав?
-Манай холбооноос энэхүү тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч бэлтгэл сургуулилтыг хийлгэсэн. Хоёр удаа нийт 10 хоногийн бэлтгэлд баг хамт олноороо гарсан. Говь ресорт гээд манай шигшээ багтай хамтарч ажилладаг газар бий. Тэнд хийсэн бэлтгэл үр өгөөжтэй байсан. Онлайн гэсэн ч ердийн шатраа тоглож, бэлтгэлээ хийнэ. Тэмцээн явагдах цахим хуудсан дээрээ дадлагжих бэлтгэл сургуулилт тоглолтыг хийсэн.
-Нүүр нүүрээ харж тоглох, компьютерийн араас тоглох хэр ялгаатай байсан бэ?
-Их ялгаатай юм байна лээ. Онлайнаар бол зөвхөн шатраа тоглоно гэсэн үг л дээ. Харин нүүр нүүрээ хараад нэг ширээн дээр тоглохоор өрсөлдөгчийнхөө сэтгэл зүй, царай төрхийг, гаргаж буй реакцыг нь, тэр хүнээс гарч буй аураг нь сайн мэдэрч тухай нөхцөл байдалдаа тохируулан тоглодог. Гэвч саяны онлайн тэмцээнд зөвхөн шатраа л тоглолоо. Өөрөө өөрийнхөө шатрын мэдлэгийг л сорилоо.
-Энэ жил цар тахлаас болж, тэмцээн уралдаан ихээхэн хойшилсон талаар сая ярилаа. Энэ жил саяны онлайн олимпиадаас гадна тэмцээн уралдаанд оролцов уу?
-Би нэгдүгээр сард Гибралтар улсад зохион байгуулагддаг дэлхийн томоохон нээлттэй тэмцээнд оролцоод амжсан. Замдаа ОХУ-д зохион байгуулагддаг Аэрофлот нээлттэй тэмцээнд оролцсон. Энэ жилийн хувьд ийм л хоёр тэмцээнд оролцоод байгаа. Бараг л хил хаахтай зэрэгцээд сүүлийн онгоцоор Монголдоо ирсэн. Нэгдүгээр сард хоёр тэмцээнд оролцсоныг эс тооцвол энэ жил тэмцээнд оролцоогүй. Харин онлайн тэмцээний хүрээнд Монголын шатрын холбоо дотоодын лигээ зохион байгуулсан. Олон улсын ч гэсэн онлайн тэмцээнүүдэд эхэндээ идэвхитэй оролцож байсан ч сүүлийн үед эрч буураад л байна.
-Одоо цаашдаа ямар тэмцээн уралдаан таныг хүлээж байна. Дахин онлайн олон улсын тэмцээн бий юу?
-Мэдээж цар тахлыг анхааралтай ажиглаж байна. Европын зарим улсад цар тахлын тохиолдлууд буурч байгаатай холбогдуулан тэмцээн уралдаанаа зохион байгуулаад эхэлчихсэн байна. Даанч эндээс тийшээ явах нөхцөл бололцоо алга. Одоохондоо бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд дараагийн боломжит тэмцээнийг л хүлээж байна даа.
-Энэ жил таны хувьд Их мастер цолоо хүртсэн. Монголоос төрсөн тавдахь их мастер болсон. Энэ талаараа яриач. Ямар шаардлага, нөхцлийг хангасан бэ?
-2019 оны хоёрдугаар сар гэхэд ерөнхийдөө би Их мастер цолыг хүртэх бүх болзлыг биелүүлчихсэн байсан. Гэвч өөрийнхөө хайнга байдлаас болж наймдугаар сард зохион байгуулагдсан олон улсын шатрын холбооны их хуралд бичиг баримтаа бүрдүүлж өгч амжаагүй. Миний рейтинг ч жоохон асуудалтай байсан болохоор болзол нь бүрдсэн гэдгийг мэдээгүй. Харин энэ оны Дубайд явагдсан олон улсын шатрын холбооны их хурлаар орж, Их мастер цолыг хүртсэн. Энэ цолыг авахын тулд цолны гурван нормыг биелүүлж, рейтингээ 2500-аас дээш байлгах ёстой. Миний хувьд 2018 оны наймдугаар сард Швейцарь улсад зохион байгуулагдсан "Biel" тэмцээнд оролцон рейтинг буюу чансаагаа 2500-д хүргэсэн. Харин 2019 оны хоёрдугаар сард сүүлийнхээ Их мастер цолны нормыг биелүүлсэн.
-С.Билгүүн гэдэг хүн анх хэрхэн шатрын спорттой холбогдсон бэ. Гэр бүлд тань шатар тоглодог хүн бий юу?
-Манай өвөө, аав, хамаатнууд маань шатрын спортод дуртай, бүр хоорондоо тэмцээн зохиодог хүмүүс байдаг л даа. Тав, зургаан настайгаасаа л эхлэн шатар гэдэг спортыг ерөнхийд нь мэддэг байсан. Хүмүүсийн тоглож байгааг хажуунаас нь хараад, анзаараад нүүдэл сурчихсан. Анх нэгдүгээр ангид орохдоо үеийн хүүхдүүдээсээ түрүүлээд үсэг, тоогоо үзчихсэн учир чөлөөт цаг ихтэй байсан. Тэр үед хүүхдүүд цагаа хий дэмий өнгөрөөж, PC тоглодог үе байлаа. Аав л тэр үед хүүгээ ямар нэг спортоор хичээллүүлэх хэрэгтэй юм байна гэж бодон намайг шатрын дугуйланд оруулсан юм даа. Тэр цагаас хойш л өдийг хүртэл шатрын спортоос нэг ч өдөр завсарласангүй. Тэр үед найман настайдаа шатар тоглож эхэлнэ гэхээр хожуу юм шиг санагдсан. Хүүхдүүд дөрөв, таван настайдаа л шатар тоглож эхэлдэг үе байв. Гэхдээ чанартай, амбиц өндөртэй, нэг жилийн шаргуу бэлтгэлийн хүчинд үеийн хүүхдүүдэд гүйцээд оччихсон л доо.
-Шатрын спортын анхны багш тань хэн бэ. Ямар томоохон амжилтыг үзүүлж байв?
-Анх П.Мягмардорж багшийн "Манлай говь" клубт элсэн орж байлаа. Дөнгөж клубт найман настайдаа ороод л тав, зургаан сарын дараа мини шатрын тэмцээнд оролцсон. Тэр тэмцээнээс л анхны медалиа хүртсэн дээ. Мөн тухайн оныхоо Азийн аваргад найман настайдаа оролцож, давгүй амжилтыг үзүүлсэн. Арванхоёрдугаар сард бэлтгэл сургуулилт ч сайн байсан тул өсвөрийн УАШТ-д түрүүлж, хамгийн том амжилтаа гаргасан.
–Шатрын спортын тактик, арга барилыг хэрхэн сурсан бэ?
-Багадаа их л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Зан чанар маань ч үүнтэйгээ адилхан, тоглолт маань ч хурц байлаа. Мэдээж нас ахиад, туршлага суугаад ирэхээр хурц тоглох үедээ хурц тоглолтыг үзүүлж, стратеги голчлон олон талт тоглолтыг үзүүлж эхэлсэн. Одоо бол өрсөлдөгч болон байрлалаасаа шалтгаалан хамгийн сайнаараа нүүхийг хичээдэг болсон.
-Танд үлгэр дуурайлал авдаг, хүндэлдэг тамирчин, хувь хүн бий юу?
-Манай багийн ахлагч байсан Их мастер Б.Гүндаваа ахаасаа их үлгэр дуурайлал авдаг. Багаасаа л хүндэлж, өөрийнхөө роль модель болгосон гэж хэлж болно. Шатар дээр үзүүлсэн амжилтыг нь дагаж, бусад үед биеэ авч яваа байдлыг нь хардаг. Миний хуурай ах шиг болчихсон хүн дээ.
-Таны санаанаас ер гардаггүй дурсамжтай тэмцээн байгаа юу?
-14 настайдаа дэлхийн шатрын холбооны мастер цол авч байхдаа сонирхогчийн ДАШТ-д түрүүлж байлаа. Тэр тэмцээний сүүлийн өрөг санаанаас гардаггүй юм. Нэгдүгээр ширээн дээр тоглож байсан хоёр тамирчны аль нэг нь хожчихсон бол би өрөө хоёрдугаар ширээн дээр хожоод ч нэмэргүй байлаа. Харин аз тохиож тэр хоёр тамирчин найзан дундаа тоглосоор байгаад тэнцчихсэн. Хэдий би нөгөө ширээн дээр нь тоглож байсан ч тэр хоёрыг тэнцсэнийг дуулаад түрүүлчихлээ гэдгээ мэдэрчихсэн. Тэгээд л сонирхогчдын ДАШТ-д түрүүлж байлаа.
-Хэдэн настайдаа гадаадын тэмцээн уралдаанд оролцож байв. Гадны тамирчидтай анх удаагаа тоглож байхад хэр санагдсан бэ?
-Түрүүн хэлсэнчлэн найман настайдаа Энэтхэг улсад зохион байгуулагдсан Азийн аваргад оролцож байлаа. Тэр үед гадаад хүүхдүүд ямар тоглолттой, ямар царай зүстэйг ч сайн мэддэггүй байсан. Энэтхэгчүүд чинь ерөнхийдөө бор, хар хүмүүс шүү дээ. Африкийн хүүхдүүдтэй л тоглож байна гэж бодоод байсан чинь энэтхэгчүүд байсныг сүүлд нь мэдсэн. Анхны олон улсын тэмцээнд оролцоход энэ нь л сонирхолтой байсан даа.
–Та гадаад дотоодын олон тэмцээнд оролцлоо. Тамирчин хүнд ч гэсэн сайн өрсөлдөгч гэж бий. Энэ олон тэмцээн уралдаанд оролцоход хамгийн шилдэг өрсөлдөгч тань хэн байв?
-Өсвөр насандаа үеийнхээ олон сайн тамирчидтай тоглож байлаа. Дурдвал, дэлхийн шатрын холбооны мастер Ц.Лхагвасүрэн, Э.Энхнар зэрэг тамирчид бий. Харин сүүлийн үед арай мэргэжлийн тал руугаа ороод Б.Гүндаваа, Г.Мөнхгал, У.Насанжаргал, Ц.Батчулуун гээд их мастеруудтайгаа өрсөлдөх болсон. Олон улсын тэмцээнд бол нэг тамирчинтайгаа олон өрөг таарч тоглоод байдаггүй. Нэг жилд нэг тамирчинтай нэг, хоёр л таарна.
–Жилд дундажаар хэдэн тэмцээнд оролцдог вэ?
-Мэргэжлийн шатрын тамирчин хүн жилдээ 60-120 өрөг тоглодог. Нэг тэмцээнд л 9-10 өрөг тоглодог гэхээр 6-10 тэмцээнд жилдээ тогтмол оролцохыг эрмэлздэг. Хүн тоглолтоос аягүй их зүйлийг сурдаг учир аль болох олон тэмцээнд оролцохыг хүсдэг. 18 нас хүртлээ би тэмцээн уралдаанд идэвхитэй оролцдоггүй байлаа. Харин 2018 онд дүүгийнхээ хамтаар зуны гурван сар Европоор тойрч, цуврал тэмцээнүүдэд оролцсон. Боломж байвал өвөл ч тэмцээнд оролцохыг хүсдэг.
-Гадаад улсад олон сараар, гэрээсээ хол тэмцээнд оролцох үед шантрах тохиолдол цөөнгүй гарна биз?
-Байлгүй яах вэ. Бараг гурван сар гаруй хугацаанд гэрээсээ хол байхаар их зүйл тохиолдоно. Эхний ээлжинд санхүүгийн асуудал гарч ирнэ. Дараа нь газар газрын онцлогт дасан зохицно гэдэг их бэрхшээлтэй. Шатрын спорт өөрөө биеийн хүч гэхээсээ илүү тархины ачаалал аягүй их авдаг учраас эхний гурван тэмцээний дараагаар их л ядралт авч, жоохон стрестэж эхэлдэг. Ялангуяа хүндхэн тэмцээний дараа нойрны асуудалд орж байгаа тал ажиглагддаг.
-Хүнд тоглолтууд, тэмцээний дараа бие болон тархиа хэрхэн амрааж, алжаалаа тайлдаг вэ?
-Тэмцээн уралдааны дараа Монголдоо ирээд найз нөхөдтэйгөө уулзаад, спорт зааланд хөлсөө гаргах сайхан. Английн Премьер лиг, Аваргуудын лигийн тоглолтуудыг шимтэн үздэг. Харин тэмцээний өмнө аль болох тайван байхыг хичээдэг. Би өөрөө хаа очиж сэтгэлзүйгээрээ их өөдрөг хүн.
-Монголын шатрын спортыг дэмждэг, ойлгодог ивээн тэтгэгч байгууллагууд, түншүүд хэр их байдаг вэ. Таныг гадаад дотоодын олон тэмцээнд оролцдог учир энэ талаар асуухгүй байж чадсангүй.
-Ерөнхийдөө олимпийн бус, үзэгч багатай учир компаниудын зүгээс дэмжлэг туслалцаа бага байдаг. Шатрын спортыг ойлгодог, өөрсдөө тоглодог хувь хүмүүсийн дэмжлэг сайн шүү. Би 19 нас хүрээд олон улсын мастер цол хүртэхэд "Сүлд" спорт хорооны тамирчин болох боломж олдсон л доо. Сүлд спорт хорооны тамирчнаар гурван жил явахдаа тус хорооноос цалинжаад, том туслалцааг авсан. Харин энэ жилээс Их мастер цол хүртсний дараа "Алдар" спорт хорооноос санал ирээд тус хорооны тамирчин болоод явж байна. Сар болгон тогтмол цалин авдаг учир надад маш их дэм болдог. Мөн Чингис гээд "Ривер гарден"-д байрлах шатрын клубын Б.Баяраа захирал Америкаас ирээд би Монголын тамирчдаас анх удаа мэргэжлийн тамирчны гэрээ байгуулан хоёр жил гаруй тодорхой тэтгэлэг аваад, явж байлаа.
-Таны энгийн үедээ хийдэг бэлтгэл болон чухал тэмцээний өмнөх бэлтгэл хоёрт ялгаа бий юу?
-Ер нь бол ялгаатай. Ялангуяа тэмцээний өмнөх өдөр тоглох тамирчдын маань нэрс ил гардаг учир өрсөлдөгчөө судалж, нэг хүн дээр төвлөрөн бэлтгэлээ хийдэг. Энгийн үед бол аль болох өдөр бүр бэлтгэл хийхийг зорьдог. Их ч биш, бага ч биш өдөр 2-3 цагийг бэлтгэлдээ зориулдаг. Харин тэмцээн ойртох тусам 4-5 цагийн бэлтгэл хийдэг.
–Монголын шатрын тамирчдын гаргаж буй амжилтууд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдлээ. Манай шатрын хөгжил олон улстай харьцуулахад ямархуу шатандаа явж байна гэж та хардаг вэ?
-Манай өсвөрийн тамирчдын амжилтыг харахад Монгол дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болчихсон. Монгол хүүхдүүд аягүй авьяастай аливаа зүйлийг багаасаа хурдан ойлгодог, сурдаг. Шатрын найм, арав, 12 насныхан бол дэлхийд дандаа өндөр амжилт үзүүлдэг. Харин эдгээр наснуудаас ахиад ирэхээр гадны тамирчдад гүйцэгдээд ирдэг. Мэргэжлийн бэлтгэл дутмаг, тэмцээн уралдаанд оролцох санхүү мөнгөний бололцоо муу гэх мэт хүчин зүйлүүд байна. 15 наснаас дээшлээд ирэхээр л дэлхийн түвшнээс хоцрогдож байгаа нь мэдрэгддэг. Тоон үзүүлэлтийг л харахад дэлхийн номер нэг шатрын тамирчин Магнус Карлсены рейтинг 2850. Гэтэл манай тамирчдын рейтинг 2500 л хүрдэг. Үүнээс жоохон дээшээ гардаг. Уг нь улс орноос шат дараалалтай дэмжээд мөн байнгын ивээн тэтгэгчтэй болоод, гаднаас мэргэжлийн багш дасгалжуулагчдыг урьж авчраад байвал монголын тамирчдад потенциаль нь байгаа.
-Таны хувьд Их мастер цол авснаар ямар нэгэн давуу эрх, урамшуулал хүртэх үү?
-Шатрын спортын хамгийн өндөр цол учир тэмцээн уралдаанд урилгаар оролцдог. Арга ядаж л хоолны, карманы мөнгө тэмцээн зохион байгуулагчдын зүгээс өгдөг, тэмцээний хураамжаас чөлөөлдөг гэх мэт давуу эрхүүд бий.
-Та манай уншигчдад зөвлөгөө өгөөч. Хүүхдийг ер нь хэдэн наснаас нь эхлүүлэн шатрын спортоор хичээллүүлвэл зүгээр вэ?
-Миний өмнө уншсанаар хүүхдийн тархи долоон нас хүртэл маш хурдацтай хөгждөг гэсэн. Тэгэхээр дөрөв, таван настайгаас нь эхлэн шатраар гэлтгүй аливаа спорт, урлагаар хичээллүүлвэл зүгээр байх. Зарим хүмүүсийн хувьд манай хүүхэд долоон найман нас хүрчихлээ, оройтчихлоо гэж ярьдаг даа. Тэдэнтэй санал нийлдэггүй. Би өөрөө найман насандаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Яг тодорхой нас заахыг хүсэхгүй байгаа ч 11, 12 нас гэхээр бас оройтох байх. Гэхдээ хүүхэд бага наснаасаа хүнд зүйлээр оролдохоор амархан уйддаг, шууд дургүй болдог тал ажиглагддаг.
-Эцэг эхчүүдэд хандаж зөвлөхөд шатрын спортоор хүүхэд хичээлвэл ямар ямар давуу талтай болох вэ?
-Шатрын спорт бол оюун ухааны биеийн тамир. Оюунлаг 21-р зуун эхэлж байгаа учир оюун ухаанаа багаасаа хөгжүүлж, ирээдүйд амжилт гаргах боломжоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна шатрын нэг өрөг удаан үргэлжилдэг тул хүүхэд тэвчээртэй болж, аливаад хүлээцтэй ханддаг. Хүн тэвчээртэй болоод ирэхээр юмсыг эерэг талаас нь, зөв өнцгөөс харж, гаргалгаа шийдлийг хялбар олдог. Ирээдүйд аль ч салбарт гарсан энэ чадварууд давуу тал болно.
-Шатрын спортоор хичээллэж, сонирхож буй хүмүүст Их мастер хүнийхээ хувьд зөвлөгөө өгөөч. Яг юун дээрээ анхаарах хэрэгтэй вэ?
-Ер нь шатрын спорт хүнээс золиос шаарддаг хүнд спорт. Үнэхээр энэ спортоор амжилт гаргахыг зорьж байгаа бол анхаарлаа бүрэн төвлөрүүлээрэй. Өөр муу зуршлуудаас хол байгаарай. Мөн арван жилийн академик боловсролоо сайн эзэмших хэрэгтэй. Хүний тархи хязгааргүй багтаамжтай учир зөвхөн шатрын спорт гэлтгүй өөр бусад оюун ухаан шаардсан зүйлсийг туршиж, шинжлэх ухааны мэдлэгийг хуримтлуулах нь зүйтэй.
-Бидний урилгыг хүлээн аван ярилцсанд баярлалаа.
Гэрэл зургийг Д.Бүжин
Холбоотой мэдээ