"Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирлаар монгол хүн томилогдож магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

"Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирлаар монгол хүн томилогдож магадгүй

"Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирлаар монгол хүн томилогдож магадгүй

"Рио Тинто" группын гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак нь Австралийн уугуул буюу аборгенчуудын түүхэн дурсгалт газрыг дэлбэлснээсээ болж, огцрохоор болсон тул шинэ гүйцэтгэх захирлын эрэлд гарчээ.


"Рио Тинто" өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Ж.Жак болон өөр хоёр өндөр албан тушаалтан 46 мянган жилийн түүхтэй дурсгалт газрыг тавдугаар сард дэлбэлж сүйтгэснийхээ төлөө албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсныг зарласан билээ. Компанийн зүгээс буруутай этгээдүүдэд торгуулийн арга хэмжээ авахаар төлөвлөж байсан ч хөрөнгө оруулагчид болон идэвхтэн иргэдийн эсэргүүцэл улам ширүүссэн учир дээрх шийдвэрийг гаргасан аж.

“Тэдний хувиа хичээсэн зангийн уршгаар үнэлж баршгүй хохирол учирлаа. Тиймээс тэд одоо нутгийн иргэдийн итгэлийг эргүүлэн олж авах зайлшгүй хүнд даалгавартай тулгараад байна” хэмээн Рио тинтогийн хувьцаа эзэмшигч, 563 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг Авердин Стандарт компанийн Сидней хот дахь хөрөнгө оруулалтын менежер Камилла Симеон ярьжээ.

Лондонд төвтэй, дэлхийн хоёрдогч хамгийн том олборлогч болох "Рио Тинто"-гийн тэргүүн Саймон Томпсон өнгөрсөн долоо хоногт “Компанид үүсээд буй хэцүү байдлыг ухаалгаар зохицуулах чадвартай шинэ удирдагч сонгох ажлыг нэн чухалчлан хэрэгжүүлж, дотроос болон гаднаас байж болох бүх боломжийг судалж байна. Нэр дэвшигчдэд нэн тэргүүнд тавьж байгаа хамгийн гол шаардлага бол хэдэн жилийн турш биш юм гэхэд ядаж ойрын хэдэн сардаа үүсээд буй нөхцөл байдалд зөв хандаж, олон нийтийн итгэлийг эргүүлэн олж авах, цаашлаад дахин түүхийн үнэт өвтэй зөв харьцах чадвар юм” хэмээн утсаар ярилцлага өгчээ.

Хөрөнгө оруулагчид болон ажиглагчдын үзэж буйгаар шинэ гүйцэтгэх захирал болох хамгийн магадлалтай байгаа нэр дэвшигчдийг танилцуулж байна.

РИО ТИНТО БААТАРЫН БОЛД:

Баатарын Болдыг ажиглагчид гүйцэтгэх захирлын орон тоонд хамгийн сайн тохирох нэр дэвшигчдийн нэгээр нэрлэж буй. Монгол Улсын иргэн тэрбээр өмнө нь "JPMorgan Chase & Co" хөрөнгө оруулалтын банкны захирлын албан тушаалыг хашиж байгаад 2016 оноос "Рио Тинто"-д ажиллаж эхэлсэн гэнэ. Б.Болд өдгөө Рио Тинтогийн эрчим хүч, эрдсийн бизнесийг удирддаг төдийгүй компанийн ирээдүйд чухам аль түүхий эд хамгийн өндөр ач холбогдолтой болох талаар төлөвлөдөг, чухал стратегийн бодлого боловсруулагч аж. Б.Болдыг монголчууд "Newcom" группийн үүсгэн байгуулагч гэдгээр нь илүү сайн таних бөгөөд тэрбээр өмнө нь Рио Тинтод Зэсийн салбарын Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм. Тэрбээр,  1994 онд ШУТИС-ийн КТМС-ийг үйлдвэрлэлийн менежер мэргэжлээр төгссөн. Азийн Хөгжлийн Банкны төсөлд хоёр жил ажиллаад 1996 онд АНУ-ын Коннектикат мужийн Бриж пордын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.


НЬЮМОНТ КОРПОРАЦИ ТОМ ПАЛМЕР:

Өдгөө Ньюмонт корпорацийн гүйцэтгэх захирал тэрбээр "Рио Тинто"-д дэлхийн хамгийн том алт олборлогчдын нэг болохоос нь өмнө хорин жил ажиллаж байсан аж. Тиймээс ч Рио Тинтогийн ТУЗ түүнийг өндрөөр үнэлдэг. Өдгөө 52 настай тэрбээр Австрали хүн бөгөөд Мелбурн хотод боловсрол эзэмшсэн.

Палмер өмнө нь "Рио Тинто"-д төмрийн хүдрийн бизнесийг хариуцсан удирдагч байсан. Түүний ажиллаж байсан салбар бол Рио Тинтогийн гол орлогын эх үүсвэрүүдийн нэг төдийгүй Ж.Жакын огцрох болсон шалтгаан салбар билээ.


BHP ГРУП ПИТЕР БИВЕН:

"Рио Тинто"-гийн хамгийн том өрсөлдөгчдийн нэг BHP группын санхүүгийн асуудал хариуцсан дарга тэрбээр энэ оны сүүлээр ажлаа хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа билээ. Бивен BHP группын гүйцэтгэх захирлын орон тоонд хамгийн тохиромжтой хэмээгдэж байсан хүмүүсийн нэг боловч энэ оны эхээр түүний өрсөлдөгч Майк Хенри гүйцэтгэх захирлын суудалд суухаар болсон юм. Тэрбээр Португалд төрж, өмнөд Африк зэрэг олон газруудад өсч том болсон нэгэн. Нягтлан бодогч мэргэжилтэй тэрбээр 2014 оноос хойш BHP группын хоёр дахь хамгийн чухал үүргийг гүйцэтгэсээр ирсэн байна. BHP групп бол Австралийн өрнөдөд төмрийн хүдэр олборлодог тул Бивен Австрали дахь Рио Тинтогийн асуудлыг хэнээс ч илүү мэдэж буй. Түүнээс гадна Австралид олон улс төрч, хөрөнгө оруулагчдын танил гэдэг нь түүний маш том давуу тал юм.


 

НЬЮКРЕСТ МАЙНИНГ САНДИП БИСВАС:

Бисвас бол Австралийн хамгийн том алт олборлогч компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг зургаан жилийн турш хашсан хүн. Мөн тэрбээр Палмертай ижил, "Рио Тинто"-д удаан хугацаанд ажилаж байсан нэгэн.

Тэрбээр "Рио Тинто"-гийн Австрали, Канадын бизнест чухал үүрэг гүйцэтгэж байжээ.


СОУТ32 ГРАХАМ КЕРР:

Керрийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж буй Соут32 компани нь 2015 онд BHP группээс өрх тусгаарласан компани юм. Австралийн иргэн тэрбээр өрх тусгаарласан компанийн гүйцэтгэх захирлаар сонгогдохоосоо өмнө BHP группийн санхүү хариуцсан дарга байсан аж.

Мөн Керр бол "Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирлын албан тушаалд хамгийн тохиромжтой хүмүүсийн тоонд эртнээс багтаж ирсэн хүн. Тэрбээр өдгөө Рио Тинтогийн төмрийн хүдрийн бизнес төвлөрч буй Австралийн Перт хотод аж төрж байна.


РИО ТИНТОГИЙН БУСАД АЖИЛТНУУД

Эдгээрээс гадна "Рио Тинто"-гийн ажилтнууд болох өмнө нь газрын тосны салбарыг тэргүүлж байгаад одоо хөнгөн цагааны салбарт ажиллаж буй Альф Барриос, зэс болон очир эрдэнийн салбарын дарга Арнуд Сойрат, 2018 онд далайн тээврийн аварга Моллер Мирск компаниас орж ирээд өдгөө санхүүгийн асуудал хариуцсан захирлаар ажиллаж буй Жэкоб Стушолм нар гүйцэтгэх захирлын орон тоонд тохирох нэр дэвшигчид юм.

Өдгөө 48 настай Ж.Жакын орон тоог залгамжлагчийг "Рио Тинто" ийнхүү маш их анхаарал хандуулан сонгож буй нь засаг захиргаа, уур амьсгалын өөрчлөлтөөс болсон хувьцаа эзэмшигчдийн шүүмжлэл ихэсч байгаа хэцүү цаг үед уул уурхайн салбарт тэргүүлэх байр сууриа хадгалж үлдэх эрмэлзэлтэй шууд холбоотой юм. Зөвхөн "Рио Тинто" ч бус бусад компаниуд ч дээрх асуудлаас шалтгаалж удирдагчаа сольж байгаа билээ. Жишээ нь BHP групп дээр дурдсанчлан энэ оны эхээр гүйцэтгэх захирлаа сольсон бол Anglo American Plc, Glenore Plc нар ойрын ирээдүйд гүйцэтгэх захирлаа солихоор төлөвлөж байна.

“Хөрөнгө оруулагчид, ард олон, засгийн газар гэх мэт эргэн тойронд буй нийгмийн хүлээлтийг мэдэрдэг байх зайлшгүй шаардлага тулгараад байна. Тиймээс би BHP групп энэ бүхнийг мэдэрч, нийцэж, хөл нийлүүлэн алхаасай хэмээн хүсч байна” хэмээн Хенри өнгөрсөн долоо хоногт ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж