Төр, үйлдвэрлэгч хамтарч хөрөнгө оруулалтаа өсгөнө

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Төр, үйлдвэрлэгч хамтарч хөрөнгө оруулалтаа өсгөнө

Уул уурхай дагасан гадаадын хөрөнгө оруулалт татарч, таатай үзүүлэлт эдийн засагт харагдахгүй болсон энэ үед дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд байдал эсрэгээрээ эргэж эхэлжээ.

Тухайлбал, өнгөрсөн онд дотоодын үйлдвэрлэгчдийн гүйцэтгэж буй ажил нь 6.2 их наяд төгрөгт хүрч улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээнд очжээ. Энэ нь Монгол Улсын хувьд уул уурхай дагасан хөрөнгө оруулалт багассан хэдий ч олон салбарт шингэсэн дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж буйн жишээ хэмээн өнөөдөр болсон “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үндэсний үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” дээр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцлон дурдлаа. Энэ ажилд төрийн байгууллагууд оролцож, салбарынхаа хэрэгцээтэй зүйлсийг дотоодын үйлдвэрлэгчдээс авч эхэлсэн нь ахиц гарахад нөлөөлсөн хэмээн онцолж байна.

Өнгөрсөн оны хувьд салбарын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс хангахаар Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамдын зүгээс Аж үйлдвэрийн яамтай санамж бичиг байгуулж байв. Тэгвэл энэ хүрээнд Батлан хамгаалах яам:

  1. Нормын хувцас, зөөлөн эдлэл 3.9 тэрбум төгрөгт
  2. Хүнсний бүтээгдэхүүн 3.2 тэрбум төгрөгт
  3. Эм, ороох боох материал 426,4 сая төгрөгт тус тус дотоодын үйлдвэрүүдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авсан байна.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хувьд эхний ээлжид сурагчдын дүрэмт хувцсыг дотоодын үйлдвэрлэгчдээс хангасан. Мөн шинээр ашиглалтад орох Ерөнхий боловсролын сургуулийн тавилгыг дотоодоос худалдан авсан. Харин дараагийн ээлжид сургуулийн ширээ, сандлыг дотоодын үйлдвэрлэгчдээс авахаар санамж бичиг байгуулаад байгаа юм.

Нийслэлээс ч мөн дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэмжих эхлэл тавигдсаныг онцлов. Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгчийн бүтээсэн “Эко” автобусыг худалдан авч үйлчилгээнд нэвтрүүлсэн том жишээ бий.

Тэгвэл Сангийн яамнаас энэ онд дараах гурван салбарын тоног төхөөрөмжийг үндэсний үйлдвэрлэгчдээс авах боломжтой хэмээн тооцоолжээ.

  1. Боловсролын салбар 9 500 00 төгрөг
  2. Хөдөлмөрийн салбар 2 000 00 төгрөг
  3. Эрүүл мэндийн салбар 8 430 60 төгрөг

Ийнхүү дотоодын үйлдвэрлэгчдэд нэн тэргүүнд тулгамддаг борлуулалтын асуудалд төрөөс тодорхой бодлогоор дэмжлэг үзүүлж ажиллахаар өнөөдөр ийнхүү хэлэлцэж байна. Харин дотоодын үйлдвэр эрхлэгчдийн зүгээс дараах асуудлыг ярьж байна. Ялангуяа сүүлийн гурван жилд эдийн засгийн нөхцөл тааруухан болсон үеэс худалдан авалт буурсан. Борлуулалтын нэгдсэн сүлжээ, орчин дутмаг байдгаас хүндрэл үүсдэг хэмээн нэг хэсэг нь ярьж байна. Харин нөгөө хэсэг нь бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах гэхээр хил, гаалийн асуудал хүндрэл болдог гэлээ. Энэ мэт нийтлэг тулгамдсан асуудлыг ч давхар шийдэж өгөхийг энэ үеэр уламжилж байв.

Мөн энэ үеэр Аж үйлдвэрийн сайд “Цаашид дотоодын үйлдвэрлэл эх орны зах зээлийг хангаж чадах бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн импортын бараанд гаалийн тарифын зохицуулалт хийнэ” гэсэн нь үйлдвэрлэгчдийн таашаалыг хүртэж байв. Худалдан авагчдын зүгээс дотоодын үйлдвэрлэлээ дэмжих гэхээр хэт өндөр үнэтэй гэх хариулт хэлдэг. Ялангуяа ноос ноолууран бүтээгдэхүүний өртөг өндөр байдаг нь бэрхшээлтэй байдаг нь “Хэмнэлттэй, үр ашигтай” байх зарчимд нийцдэггүй хэмээн тайлбарлаж байна. Тиймээс өнөөдөр дотоодын үйлдвэрлэлд тулгамддаг нийтлэг асуудлуудыг хэлэлцэж, төрөөс дэмжиж болох бүх хэлбэрээр туслаж, хамтран ажиллан үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхээр болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж