Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн албаны тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ талаараа АН, МАН-ын дарга болон тэдгээр намын УИХ дахь булгийн удирдлагуудад өнгөрсөн долдугаар сард танилцуулга ч хийсэн билээ.
Гэвч уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс нь холбогдох Байнгын хороо хойшлуулаад байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорөоны лхагва гарагийн хуралдаанаар цаг сунган хэлэлцсэн, Хэр чамбай хуулийн төсөл болсон хэмээн үзэж байгаа вэ?
-Энэхүү хуулийн төсөл хүлээлтэд ороод удаж байна. Төслийг баталбал чамгүй олон дэвшил авчирна гэж бодож байгаа. Хэлэлцүүлгийн шатанд Ажлын хэсэг илүү чамбайруулах хэрэгтэй хэмээн үзсэн. Зарим үзэл баримтлалын асуудалд Ажлын хэсэг нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Тиймээс анхны хэлэлцүүлгийг хойшлуулсан байгаа.
-Төслийг өргөн мэдүүлсэн хэлбэрээс нь яаж шинэчлэхээр төлөвлөж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар төрийн албанд тулгамдаад буй хэд хэдэн асуудал бий. Тодруулбал, төрийн алба гэж ямар алба байх ёстойг илүү тодорхой болгох хэрэгтэй. Улс төрөөс ангид, тогтвортой, мерит зарчимд суурилсан чадварлаг төрийн албатай болохыг зорьж хуулийн төслийг боловсруулсан. Дээрх гурван зарчим өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд бий. Хэрэгжиж чадахгүй байгаа шалтгаан нь зарчмаа тунхагласан боловч үйл ажиллагааны нарийн зохицуулалтаа хийж чадаагүй байгаатай холбоотой. Хуулийн заалтууд нь хэрэгждэггүй, эсвэл түүн байгаа цоорхойг ашиглаад байна. Төрийн албаны тогтвортой байдал алдагдаж, сонгуулийн дараа бүтцийн өөрчлөлт орж, төрийн албан хаагчид олноороо ажлаасаа халагддаг.
Уг нь үүнийг хуулиараа хориглосон. Гэвч өнөөдрийн байдлаар хуулийн цоорхой ашиглаад энэхүү заалт хэрэгжихгүй байна. Бүтцийн өөрчлөлтөөр төрийн алоан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж болно гэсэн хуулийн цоорхой бий. Агентлагийн нэр солигдох, яамны бүтцийг багахан хэмжээнд өөрчлөөд төрийн албан хаагчдыг олноор нь халдаг. Хууль зөрчсөн үү гэхэд бүтцийн өөрчлөлт хийсэн байдаг. Энэ мэт хуулийн цоорхой Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр засагдана.
-Өөр ямар шинэчлэл хийхээр тусгасан байгаа вэ?
-Төрийн албан хаагч шаталсан зарчмаар албан тушаал ахиж ажиллах зүйл заалт тусгагдсан байгаа. Энэ бол гол заалтуудын нэг. Тодруулбал, хэлтэс болон газрын даргаар ажиллах хүн ажилласан жилээрээ дээрх албан тушаалд томилогдоно гэсэн үг. Хэн нэгэн хүн шууд хэлтэс болон газрын даргаар томилогдохгүй. Хуулийг батлаад, хэрэгжүүлээд эхлэхээр тодорхой хугацааны дараа төрийн алба тогтворжино.
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийг илүү чамбайруулахаар болсон гэсэн. Чамбайруулах шаардлага байгаа гэсэн үг үү?
-Төрийн албаны зөвлөл ямар чиг үүрэгтэй байгууллага байх асуудалд Ажлын хэсгийн гишүүд санал нэгдэж чадаагүй. Ажлын хэсгийн зарим гишүүд Төрийн албаны зөвлөлийг хүчтэй байгууллага байх ёстой хэмээн үзэж байна. Хуулийн төсөлд Төрийн албаны зөвлөлийг өргөн эрх мэдэлтэй байхаар тусгасан байгаа. Тухайлбал, хууль санаачлах хэмжээний эрх мэдэл, захиргааны шийдвэрийг хүчингүй болгох, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах эрхийг өгөхөөр төсөлд тусгажээ. Гэтэл хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах эрх гэдэг нь Засгийн газрын чиг үүрэг шүү дээ. Энэ мэтчилэн заалтууд байгаа учир Ажлын хэсгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин нөгөө бүлэг хүмүүс нь Төрийн албаны зөвлөл хэтэрхий өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахаар тусгасан байна хэмээн шүүмжилсэн.
-Ингэж үзэх шалтгаан нь юу байсан юм бол?
-Тухайлбал, УИХ болон Засгийн газрын чиг үүргийн давхардлыг арилгахаар ярилцаж байхад дахиад нэг байгууллагад ийм их эрх мэдэл өгөх нь буруу хэмээн үзэж байгаа. Тэд Төрийн албаны зөвлөлийг тодорхой хэдэн чиг үүрэгтэй байх ёстой хэмээн үзсэн. Тухайлбал, Төрийн албанд ажиллах сонирхолтой хүмүүсээс шалгалт авдаг, тэнцсэн хүмүүсээс хүний нөөцийг бүрдүүлдэг, сонгон шалгаруулалт явуулахад арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгдөг, төрийн албан хаагчийн хууль ёсны эрхийг хамгаалдаг зэрэг чиг үүрэгтэй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, хүний нөөцөө л хариуцдаг бодлоготой, хяналт тавьдаг гол байгууллага байх ёстой гэж үзэж байгаа юм. Байгууллагын чиг үүрэг дээр нэгдсэн байр сууринд хүрээгүй учир анхны хэлэлцүүлгийг хойшлуулсан.
Үүнээс гадна 1990 оноос хойш буюу сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн албанд халаа сэлгээ их хийгдсэн. Энэхүү халаа сэлгээг багасгая гэж ярихын хажуугаар хэн ч огт хөдөлгөж болохгүй хууль баталчихвий гэж зарим гишүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, амьдралд хэрэгжих боломжгүй хууль батлахаас болгоомжилж байгаа юм. Дэлхийн бусад орнуудад огт хөдөлдөггүй хуулиар хамгаалагдсан төрийн албан тушаалтан гэж байдаг. Ээлжит сонгуулийн дараа өргөдлөө өгдөг болон шинээр томилогдсон сайд нь хамтран ажиллах боломжтой хэмээн үзвэл үргэлжлүүлэн ажилладаг соёл дэлхийн улс орнуудад бий.
Тиймээс яамны цөөн тооны албан хаагчид ээлжит сонгуулийн дараа өргөдлөө өгөх ёстой. Ямар албан хаагч энэхүү ангилалд багтахыг хэлэлцүүлгийн үеэр шийднэ. Энэ асуудалд ч нэгдсэн байр сууринд хүрээгүй байна. Хуулийн төсөлд сайдын зөвлөх, туслах, нарийн бичиг, хэвлэлийн төлөөлөгч байхаар тусгасан байсан. Өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгдвөл тухайн хүн хүний нөөцөд бүртгүүлээд дараа нь дахин сонгогдон ажиллах юм.
-Төсөлд Монгол төрийн бодлогын залгамж халааг хэрхэн хангахаар тусгасан байгаа вэ?
-Залгамж чанар хоёр үндсэн зүйлээр дамжиж хадгалагдана. Нэгдүгээрт, байгууллагынх нь бодлогын бүтэц, судалгааны байгууллага, ажил нь институц талаасаа тогтвортой байх асуудал. Хоёрдугаарт, төрийн албан хаагч тогтвор суурыиилтай байхаар төрийн залгамж халаа хангагдана. Тэгэхээр Төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх нь төрийн албаны залгамж чанар хадгалагдах, төр тогтвортой байх суурь гэж харж байгаа. Мөн Засгийн газрын бүтцийн тухай хуулиар дамжуулаад бодлогын залгамж чанарыг хангах асуудал яригдах ёстой. Үүнээс гадна улс төрийн тогтвортой байдал төрийн залгамж чанар хадгалагдахад чухал. Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахыг зорьж байгаа.
-Хуулийн төслийг хаврын чуулганаар амжиж баталж чадах уу?
-Батлахын төлөө ажиллаж байна. Төрийн албаны тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг байнга ярьж байгаа. Энэ гурван хуулийн өөрчлөлтийг хийхгүй бол өнөөдөр үүсээд байгаа олон асуудал, бэрхшээл өөрчлөгдөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд цаг хугацаа шаардлагатай учраас хойш нь тавихаас өөр аргагүй байсан. Харин Төрийн албаны тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн төслийг энэ удаагийн парламент баталбал дараагийн дөрвөн жилд төрд үүсэх гажуудлыг засах боломжтой болно. Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг баталснаар шууд үр дүнгээ өгч, гажуудал засагдахгүй. Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл хийсэн орнуудын туршлагаас харахад 10 жилийн дараа л үр дүнгээ өгсөн байдаг. Иймд 10 жилийн дараа үр дүн гаргая гэж бодож байгаа бол УИХ өнөөдөр дээрх хуулийн төслийг батлах ёстой. Хэрэв баталж чадахгүй бол төрд үүсээд байгаа олон бэрхшээлийг засахад хугацаа их алдана.
ЭХ СУРВАЛЖ: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН