Онгоцны осолд хамаатай Оросын диспетчерүүдийг баривчлах шийдвэрийг Польш гаргалаа

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Онгоцны осолд хамаатай Оросын диспетчерүүдийг баривчлах шийдвэрийг Польш гаргалаа

Онгоцны осолд хамаатай Оросын диспетчерүүдийг баривчлах шийдвэрийг Польш гаргалаа

2010 онд Польшийн Ерөнхийлөгч Лех Качинтскийн сууж явсан Ту-154М онгоц Оросын Смоленск хавьд осолдсон. Энэ хэрэгт холбогдуулан Смоленск-Северный онгоцны буудлын гурван диспетчерийг буруутай гэж үзэн баривчлах зөвшөөрөл өгөх хүсэлтийг Польшийн прокурорын байгууллага шүүхэд гаргасан байна. Энэ тухай Польшийн Прокурорын албаны хэвлэлийн төлөөлөгч Эва Бялик сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Прокурорын хүсэлтийг Варшав хотын Мокотов дүүргийн шүүх хүлээн авч баривчлах зөвшөөрөл өгвөл гурван диспетчерийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй этгээдээр зарлаж, Оросын талаас Польшийн талд эдгээр диспетчерийг шилжүүлэн өгөхийг шаардах ажээ.

Олон хүний амийг авч одсон онгоцны осол гарах нөхцөлийг санаатай бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр Оросын гурван диспетчерийг буруутгаж байгааг Эва Бялик хэллээ.

2010 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Ту-154 онгоц Смоленск хотын Смоленск-Северный онгоцны буудалд газардах үеэрээ осолдсон. Онгоцонд зорчиж явсан 88 зорчигч, багийн найман гишүүн бүгд амь үрэгдсэн юм. Польшуудыг хоморголон устгасан Катыны эмгэнэлт явдлыг дурсах арга хэмжээнд оролцохоор Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский тэргүүтэй өндөр албан тушаалын хүмүүс уг онгоцонд явж байсан юм.

Хоёр улсын төлөөлөл орсон Засгийн газар хоорондын комисс уг ослын шалтгааныг 2011 онд нислэгийн аюулгүй байдлыг хангаагүй, нисэх багийн бэлэн биш байдал, нөөц зурваст буулгах зааврыг хүлээн зөвшөөрөөгүй нь ослын шалтгаан болсон хэмээн зарласан. Мөн Польшийн Дотоод хэргийн сайд Ежи Миллерийн ахалсан Польшийн талын комисс өтгөн манантай үед газардахдаа зөвшөөрөгдөх өндрөөс доош орсон нь ослын шалтгаан хэмээн дүгнэсэн.

Гэвч Польшийн одоогийн удирдлага ослын дээрх шалтгаануудын алийг нь ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дахин хоёр дахь комисс байгуулсан юм. Хоёр дахь комисс ослын шалтгаан байж болох хэд хэдэн үндэслэлийг тавьж байгаагийн нэг нь Оросын диспетчерүүдийн санаатай үйлдэл гэж үзэж байгаа юм.

Оросын талаас Польшууд ослыг дахин шалгаж байгаа нь улс төрийн сэдэлтэй хэмээн нэг биш удаа мэдэгдэж байсан.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж