НҮБ-аас 10 жилийн өмнө гаргасан дэлхийг аврах 20 аргын аль нь ч өнөөдөр хэрэгжсэнгүй. Уг нь Айчи шим ертөнцийн төлөвлөгөө хэмээх тус 20 арга, төлөвлөгөөг 196 орон гарын үсэг зуран баталж байсан аж.
Төлөвлөгөө дараах таван шатандаа бүтэлгүйтжээ.
А: Шим ертөнцийг доройтуулж буй шалтгааныг засгийн газрууд болон нийгмээс олж тогтоох
Б: Шим ертөнцөд учруулах дарамтыг багасгаж, аль болох байгальд ээлтэй хэрэглээг нэвтрүүлэх
В: Экосистем, амьтдын аймаг, генийг идэвхтэй хамгаалж, шим ертөнцийн байдлыг дэмжих
Г: Шим ертөнц болон экосистемд шаардлагатай байгаа бүх арга хэмжээг хэрэгжүүлэх
Д: Хот төлөвлөлт, мэдээ мэдээлэл, барилгуудын багтаамжуудыг сайжруулах
Төлөвлөгөөг олон улс санал нэгтэйгээр баталснаас хойш арван жил өнгөрөхөд хэн ч дорвитой арга хэмжээ аваагүй байна. Тухайлбал, нийт 20 ажлаас зургаад нь л бага зэрэг өөрчлөлт гарчээ. Уг нь төлөвлөгөөнд багтсан 20 ажил бүгд 2020 он гэхэд дууссан байх ёстой. Бага зэрэг дэвшилт гарсан зургаан ажлыг тоочвол устаж буй амьтдыг хамгаалах, дархан цаазтай газруудыг хамгаалах, генетикийн нөөц, биологийн олон янз байдлын стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг хоорондоо хуваалцах,мэдээлэл солилцох, нөөц бололцоог хэрэглэх зэрэг юм.
Энэ жил хугацаа нь дуусч байгаа дээрх төлөвлөгөөний талаар НҮБ энэ долоо хоногт тайлан гаргаж, танилцуулсан байна. Түүнээс харахад төлөвлөгдсөн зарим ажилд ахиц гарах байтугай байдал улам ч дордсон байна. Жишээ нь, цэвэр усны нөөцийг хамгаалах, ус бохирдуулахыг багасгах ажил огт хэрэгжээгүй бөгөөд байдал өдгөө улам дорджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес “2011-2020 онд хэрэгжих ёстой байсан төлөвлөгөөний дагуу олон улс шим ертөнцийн доройтуулж буй хүчин зүйлүүдийг тодорхойлсон хэдий ч түүнээс цааш дорвитой зүйл хийсэнгүй. Бидэнд илүү том амбиц хэрэгтэй байна. Тиймээс бид удахгүй 2050 он хүртэлх нарийвчилсан төлөвлөгөө гаргах болно. Тэрхүү төлөвлөгөөгөөрөө бид цаг уурын өөрчлөлт, шим ертөнцийн доройтол гэх хоёр тулгамдсан асуудалтай тэмцэх болно” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ