“Ломбардад зохицуулалт алга”

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

“Ломбардад зохицуулалт алга”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 69.6 хувийн саналаар дэмжин “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Уянга санаачлан өргөн мэдүүлсэн байна.

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа буюу ломбардын үйл ажиллагаа нь иргэдийн мөнгөний хэрэгцээг хангах зорилгоор тодорхой эд хөрөнгийг барьцаалан зээл олгож, хүүгийн орлого олдог зээлийн үйл ажиллагааны хэлбэр юм. Барьцаалан зээлдүүлэх  үйл ажиллагааны онцлог нь иргэдэд богино хугацааны, бага хэмжээтэй санхүүгийн эх үүсвэр шаардлагатай үед түргэн шуурхай, зардал чирэгдэл багатайгаар зээл олгох харилцаанд суурилсан үйлчилгээ юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 2015 оны арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн 8233 хуулийн этгээд байгаагаас Улаанбаатар хотод 6800, орон нутагт 1433 хуулийн этгээд бүртгэлтэй аж. Гэвч барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо байхгүйгээс эдгээр хуулийн этгээдийн хэд нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаархи мэдээлэл огт байдаггүй байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 3 дугаар улирлын статистик мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд 560 гаруй аж ахуйн нэгж, иргэн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Эдгээр нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын дагуу тухайн дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтэст хүсэлтээ гарган зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлдэг аж.  

Гэвч сүүлийн жилүүдэд иргэдээс ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийн талаархи гомдлыг ихээр гаргах болсон байна. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны талаар Хүний эрхийн Үндэсний комисс, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг байгууллагуудад гаргасан гомдлоос үзэхэд ломбардууд иргэдийн хөрөнгийг үндэслэлгүй бага үнээр үнэлж барьцаанд авдаг, барьцаалсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй, барьцаалж байгаа эд хөрөнгийн төрлөөс шалтгаалаад хүү болон хугацааг өөр өөрөөр тогтоодог. Зээлдэгч зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон тохиолдолд барьцаалагдсан эд хөрөнгийг худалдан борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй, эсхүл хэт бага үнээр худалддаг гэсэн гомдлууд ихээхэн гардаг байна.

Өөрөөр хэлбэл, энэ нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт хангалтгүй,  үйл ажиллагаа эрхлэгчидэд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоогоогүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэгчдийн хөрөнгө, олгож буй нийт зээлийн хэмжээ тодорхойгүй,  уг үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих тогтолцоо байхгүйгээс энэ талаархи төрийн байгууллагуудын мэдээлэл зөрүүтэй, зээлийн үйл ажиллагааны улмаас эргэлдэж байгаа хөрөнгийн хэмжээг тодорхой бус байгаа бөгөөд энэ нь ломбардаар үйлчлүүлсэн иргэдийн эрх ашгийг хохироох, ломбардын үйл ажиллагаа эрхлэгчид татвар төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.

Иймээс УИХ-ын гишүүн Г.Уянга Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслүүдийг санаачлан өргөн мэдүүлжээ. Мөн Засгийн газрын зүгээс Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Г.Уянгын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Процессын шинжтэй хууль болсон учраас үүнийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулаад явах боломжтой” гэсэн санал хэлэв.

Үүнд төсөл санаачлагч Г.Уянга “Хараа хяналтгүй явж ирсэн салбар нь ломбард болсон. Иргэдээс маш их гомдол ирдэг энэ талаар. Ломбардынхны төсөвт төлсөн татварын хэмжээ нь  2010 онд 1.1 тэрбум байсан бол 2014 онд 4.3 тэрбум болсон байгаа. Тэгсэн хэрнээ зохицуулалтгүй. Тийм учраас Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийг УИХ-аас батлах зайлшгүй шаардлага бий” гэлээ.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ хуулийг дэмжиж байгаа. Мөнгө хүүлэлт гэдэг зүйл Монголын дундаж давхаргыг ядуу давхарга руу оруулж баллаж байгаа. Хүний эд хөрөнгийг шууд өөрийн болгож аваад байна гэсэн гомдол иргэдээс маш их ирдэг. Иргэний хуулиар ломбардын эзэн давуу эрх эдэлдэг, үл маргах журмаар тухайн байгууллага нь гэрээгээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр эд хөрөнгийг нь авдаг. Зохицуулалтгүйгээс гадна хяналт байдаггүй, дээр нь хүүний зохицуулалт байдаггүй. Гэрээ хоёр талынх байх ёстой. Гэтэл нэг загварын гэрээг тулган хүлээлгэдэг. Ломбардад ямар хүмүүс ханддаг вэ гэхээр санхүүгийн хүнд байдалд орсон хүмүүс зээл шуурхай гарна гэдэг байдлаар ханддаг. Ганц ломбард гэхгүй банк бус санхүүгийн байгууллага хүүнээс хүүнд шулан мөлжөөд явж байгаа.

Тулган хүлээлгээд мөнгөө төлөөгүй гэж хэлээд хүүнээс хүүнд өрөнд ороод хүүнээс нь болоод залилангийн гэмт хэрэгтэн болсон хүмүүс ч бий. Ийм байдлаар 700-800 сая төгрөгийн өртэй хүмүүс бий, цагдаа нь залилангийн хэрэг гээд тодорхойлчихдог.  Энэ хуулийг боловсронгуй болгоод батлах ёстой. Тийм учраас дэмжиж байна.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Процессын гэж нэрлээд байгаа хуулийг дэмжих ёстой. Санхүүгийн зохицуулах хороо боловсруулж байгаа хуулийн төслөө өргөн барьчихвал барьцаалан зээлдэх үйлчилгээг төрийн ямар байгууллага хариуцах ёстой юм гэдэг нь тодорхой болчихно.

Г.Уянгын санаачилсан хууль, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг хамтад нь хэлэлцээд явах нь зөв болов уу. Ингэж байж бүрэн дүүрэн зохицуулалттай хууль гарна гэсэн юм.

Үүний дараа Барилгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж