Зэсийн үнэ худалдааны дайны өмнөх үеийн түвшинд хүрч өслөө | News.MN

Зэсийн үнэ худалдааны дайны өмнөх үеийн түвшинд хүрч өслөө

Зэсийн үнэ худалдааны дайны өмнөх үеийн түвшинд хүрч өслөө

Зэсийн үнэ худалдааны дайны өмнөх үеийн түвшинд хүрч өслөө

2020 оны эхэнд шинжээчид дэлхийн улс орнууд хямралаас зайлсхийж чадсанаар металлуудын үнэ өсөх таамаг дэвшүүлж байсан билээ. Манай улсын эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлж байдаг зэсийн үнэ өснө гэсэн таамаглал бодит биелэлээ олж, дэлхий дээр зэсийн үнэ худалдааны дайны өмнөх үеийн түвшинд хүрч өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл эрэлтээ дагаад зэсийн үнэ ийн өсчээ.

Өнгөрсөн онд зэсийн үнэ унасан нь эрэлт нийлүүлэлт гэхээсээ илүүтэй Хятад, Америк хоёр орны худалдааны маргаанаас үүдэлтэй байсныг шинжээчид онцолж байв. Энэ оны эхний сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын шадар сайд Лю Хэ нар худалдааны дайн дууссаныг зарласны дараа зэсийн үнэ 2,83 доллар/фунт болж өссөн.

Чилийн Уул уурхайн сайд Бальдо Прокурика Хятад, АНУ хоёр тохиролцоогоо мөрдөж, хоёр дахь шатны хэлэлцээрт гарын үсэг зурах аваас цаашдаа нэг тонн зэсийн үнэ 6600 доллар давна гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаагаа мэдэгдэж байв.

Хөрөнгө оруулалтын “Морган Стэнли” банкны шинжээч Сюзан Бэйтс “Мутанда уурхай хаагдсан, Хятадын агуулахууд дахь металлын нөөц 122 мянган тонноор багассан зэрэг шалгаанаар зэсийн үнэ 2020 онд 6450 доллар/тн болж өснө” гэж мэдэгдсэн билээ.

Уоллстрит дэх гол банкууд болох Goldman Sachs, Morgan Stanley, Bank of America, Citigroup болон Jefferies "Энэ онд нөөц багасч, нийлүүлэлт буурч, эрэлт өссөнөөр “зэсийн жил” болно" хэмээн онцолж байв. Түүнчлэн “International Wrought Copper Council” олон улсын байгууллагын таамаглалаар, энэ онд зэсийн дэлхийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж, эрэлт 24,2 сая тоннд хүрч 1,2 хувиар өсөх бол олборлолт 24,19 сая тонн болно гэсэн таамаглал хийснээ мэдээлсэн билээ.

Дүн шинжилгээний Capital Economics компанийн төсөөлснөөр, 2020 онд алт, цагаан алт зэрэг үнэт металлуудын үнэ төдийлөн өсөхгүй, зэсийн эрэлт эрс нэмэгдэж, 2021 онд үнэ 7500 долларт хүрч, улмаар Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орох үед буюу 2025 онд 10 мянган долларт хүрнэ гэсэн “хэт өөдрөг” таамаглал дэвшүүлсэн удаатай.

Энэ сард “Fitch Solutions” агентлаг 2020 оны зэсийн үнийн таамгаа шинэчлэн тогтоов. Тус агентлаг өмнө нь зэсийн үнэ энэ оны үлдсэн хугацаанд тонн нь 5900 ам.доллар байна гэж тооцоолж байснаа 6000 ам.доллар болгон нэмжээ. Ийнхүү зэсийн үнийн таамгаа нэмсэн шалтгаанаа БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэг эрэлтийг өдөөхийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаа эргэн сэргэнэ хэмээн тооцоолж байгаагааг тайлбарласан байна. БНХАУ-ын зэсийн хэрэглээ он гарснаас хойш 24.1 хувиар өссөн нь үүнд нөлөөлсөн байна.

Өнгөрсөн Даваа гаригийн байдлаар Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ тонн нь 6796 ам.доллар хүрчээ. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт БНХАУ хаягдал зэсийн импортоо 50 орчим хувиар бууруулж магадгүй гэсэн мэдээллийн дараа зэсийн үнэ огцом өссөн байна. Тиймээс дээд түвшиндээ хүрээд буй зэсийн баяжмалын импортоо нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.

Даваа гаригийн байдлаар тонн зэсийн фьючерс үнэ 6739 ам.доллар орчимд байгаа нь сүүлийн хоёр жилийн дээд түвшин болсныг Bloomberg агентлаг онцлов. Дэлхийн зэсийн хэрэглээний талаас дээш хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ-ын хувьд зэсийн хоёрдогч түүхий эдийн импорт энэ онд хоёр дахин буурч магадгүй байгаа талаар тус улсын Өнгөт металл үйлдвэрлэлийн холбооноос мэдээлжээ.

Хятад улс гадаадаас хог хаягдал импортлохоо болих зорилгоор хатуу квот тогтоож, зэсийн бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх зорилгоор зэсийн баяжмал ихээр импортолж байгаа ч одоогийн хэрэглээнд нь хангалтгүй байгаа аж.

Манай улсын гол экспортын бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ “Ковид-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны байдлаар үнэ нь 4609 ам.долларт хүрч буурсан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшин байв. Харин дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг дангаар бүрдүүлдэг БНХАУ-ын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, тус улсын зэсийн импорт огцом өссөнтэй холбоотойгоор өнгөрсөн долдугаар сараас зэсийн үнэ аажмаар буцаж сэргэн, 5500 ам.долларын түвшинг давсан билээ. Нөгөө талд, зэсийн гол нийлүүлэгч Перу, Чили зэрэг улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй нь зэсийн үнэ эргэж өсөхөд нөлөө үзүүлсээр байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-09-17 49.0.212.4

Худлаа шааж байгаа юм, бүх үйлдвэрлэл үйлчилгээ сөнөчихөөд байхад ямар элэнцэгнийх нь аж үйлдвэрийн металын ханш, шаал худлаа, МАН-ын сонгуулийн тархи угаалт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж