Миннеаполис хотын цагдаагийн газрын ажилтнууд хар арьст иргэн Жорж Флойдыг баривчилж байхдаа амийг нь бүрэлгэсэн явдлаас үүдсэн ялгаварлан гадуурхалтын эсрэг жагсаал, хөдөлгөөнд сүйдсэн барилга байгууламж, хөрөнгө хоёр тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэнэ хэмээн даатгалын компаниуд мэдээлжээ.
Үймсэн иргэдийн хөлд үрэгдсэн барилга байгууламж, хөшөө дурсгал, эд хогшил, айл өрхүүдийн хохирол дор хаяж хоёр тэрбум ам.доллар болно хэмээн Даатгалын мэдээллийн хүрээлэн энэ долоо хоногт тооцоолсон байна. Гэвч энэ тооцоолол нь зөвхөн тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 8-ны хооронд болсон үймээн самууны хохирлын хэмжээ аж. Тиймээс түүнээс хойш болсон олон хот, тэр дундаа Портлэнд, Кенөша хотуудын хохирлыг тооцвол дээрх тоо хэд дахин үржигдэнэ гэсэн үг юм.
Энэ нь одоогийн байдлаар түүхэндээ хамгийн их хохирол учруулсан жагсаал болон тэмдэглэгдэж байна. Харьцуулж үзэхэд өмнө нь хамгийн их хохирлыг хар салхи, үер зэрэг байгалийн гамшгууд л учруулдаг байсан аж. Гэхдээ байгалийн гамшгаас учирсан хохирол нь нэг тэрбум ам.доллараар хэмжигддэг байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөн АНУ-ын нийт 140 хотод болж, олон долоо хоногоор үргэлжилсэн билээ. Үүнээс өмнө болж байсан хамгийн их хохиролтой эсэргүүцэл, жагсаал бол 1992 оны жагсаал юм. Тус жагсаалын үеэр нийт 25 сая ам.долларын хохирол учирч байжээ.
Эх сурвалж: RT