Гэр хорооллын 40 өрхөд 18 сая хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын 40 өрхөд 18 сая хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

"Монголын банkны холбоо"-ноос "Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц санхүүжүүлэх туршилтын төсөл"-ийг танилцууллаа. Уг төслийн хүрээнд барилгын норм дүрмээс 20 хувь болон түүнээс илүү өндөр эрчим хүчний хэмнэлттэй, дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууцыг иргэдэд зээлээр олгох юм байна. Тодруулбал, зураг төсөл нь бэлэн 60м2 хүртэл талбайтай, 70 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй 13 загвар сууцаас сонголтоо хийж, улмаар банк болон гүйцэтгэгч барилгын компанитай гэрээ байгуулах аж. Энэхүү төслийн хүрээнд дээд тал нь 40 өрхөд амины орон сууцны үнийн дүнгийн 30 хувьд буюу 18 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх юм байна. Иргэд төсөлд хамрагдсан тохиолдолд банкны 8-12 хувийн бага хүүтэй, 15 жилийн урт хугацаатай зээлд хамрагдах боломжтой ажээ.

Ямар шалгуураар тус төсөлд хамрагдах вэ?

  • Гэр хороололд байнга оршин суудаг, газраа өмчилсөн, эсвэл зээл авах хугацаанд эзэмших эрхтэй байх
  • Байшингийн үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах чадвартай байх
  • Орон сууцны бусад төслүүдэд хамрагдаагүй байх зэрэг шаардлагыг хангаснаар уг төсөлд хамрагдах боломжтой аж.

Эрчим хүчний хэмнэлттэй байшин нь эрчим хүч, эдийн засагт хэмнэлттэй төдийгүй агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэргээр байгальд ээлтэй гэдгийг төслийн багийнхан онцлов. Энэхүү төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Банкны Холбоо, ТоС Холбоо хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.

ЖИЛД ХАМГИЙН БАГАДАА 500.000 ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ХЭМНЭНЭ

Монголын тогтвортой санхүүгийн холбооны гүйцэтгэх захирал Э.НОМИНДАРЬ:

-Эрчим хүчний хэмнэлттэй байшин гэдэг нь эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацаандаа эдийн засгийн хэмнэлт үүсгэх байшин гэж ойлгож болно. Бид энгийн, дулан алдагдал ихтэй байшингуудыг төслийн хүрээнд батлагдсан эрчим хүчний хэмнэлттэй байшингуудтай харьцуулахад эдийн засгийн хэмнэлт нь хамгийн багадаа жилдээ 500,000 төгрөг байна. Гэр хорооллын зуух ашигладаг айлуудын хувьд өвөл өдөртөө 4-5 удаа галлах шаардлагатай байдаг. Харин манай төслийн байшин цахилгаанаар халаадаг тогтвортой температуртай байх нь хүний эрүүл мэндийн хувьд маш том хувь нэмэр оруулна. Түүнээс гадна нүүрс түлэхгүй учраас цэвэр ая тухтай орчин бүрдүүлнэ. Манай эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хамгийн том давуу тал нь бохирын шийдлийг тооцоолж, барилгын төсөвт оруулан, зээлийн дүнд багтаасан болно.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж