Нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

Нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

Нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн ИТХ ээлжит болон ээлжит бус хуралдаанаа 42 удаа хуралдуулж, 109 тогтоол баталжээ. Мөн энэ хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна.

2016-2020 онд сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан Нийслэлийн ИТХ нь жил бүрийн төсвийн зарцуулалтыг оновчтой, хэмнэлттэй, үр өгөөжтэй хуваарилахын зэрэгцээ газар зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулж, өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Үүний зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын хөгжлийг хурдасгаж, оршин суугчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл, эрүүл мэндийн болон боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хотын цаашдын хөгжлийг зөв голдиролд оруулах, авто зам болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гарган ажилласан юм.

Энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын МАН-аас 34, АН-аас 11 төлөөлөгч сонгогдон ажилласан. 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаандаа  Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал болох утааг багасгах бодлого, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад учирч байсан саад бэрхшээл хийгээд шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, хангамжийн бүхий л асуудлыг бид удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан. Үүний үр дүнд   агаарын бохирдлыг  50 гаруй хувиар буурууллаа.

Хүндэтгэлийн хуралдааныг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дарга нээн үг хэллээ. Тэрбээр "2019 онд  Налайх, Сонсголон, Баянзүрх болон Олимпын  шинэ гүүр, замын томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн нь нийслэлийн өнөө болон ирээдүйн хөгжилд  хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалт болсон билээ. Нийслэлийн иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх хийгээд эрүүл мэнд, боловсролын салбарт бодит бүтээн байгуулалт өрнүүллээ. Заримаас нь дурдвал, 2016-2020 онд Улаанбаатар хотод 77 цэцэрлэг, 33 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн 12 цогцолбор барьж, ашиглалтад орууллаа. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр эмнэлгийн долоон барилга шинээр ашиглалтад оруулж,  Өрхийн эрүүл мэндийн 112 төвд шинэчлэл хийжээ. Үүний зэрэгцээ нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангав. Нийтдээ тусгай зориулалтын 48 автомашин олгох зэргээр чадавхийг нь бэхжүүлэв. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд онцгойлон анхаарч, цагдаагийн байгууллагад 200 орчим автомашинаар парк шинэчлэлт хийж, цагдаа, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналтын газар зэрэг хууль сахиулах байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлж, чадавхийг нь бэхжүүлсэнээр Улаанбаатар хотод сүүлийн хоёр жилд гэмт хэрэг, зөрчлийн гаралт сүүлийн 40 орчим жилд байгаагүйгээр буурсан. Мөн эдгээр ажлын үр дүнд гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт 20 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Түүчнлэн Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг баталсан. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд Хонхтой цэцэрлэгт хүрээлэн, "Блью скай" барилгын зүүн талбай, Маршлын гүүрний орчим гээд нийт 63 байршилд ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулсан" гэв.

Эдгээрээс гадна Нийслэлийн ИТХ-аас иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах бодлогын баримт бичгүүдийг баталсан. “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” болон орон сууцны төслийн 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг түрээслээд өмчлөх, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулах бодлогын шийдвэр гаргасан нь энэ юм. Өнөөдрийн байдлаар энэхүү бодлогын баримт бичгүүдийн дагуу  Буянт-Ухаа болон бусад байршилд орлогод нийцсэн орон сууц төслийг хэрэгжүүлж байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд төр, хувийн хэвшил, иргэдийн гурван талт гэрээний үндсэн дээр 2016-2019 онд  514  айлын газрыг чөлөөлж, энэ хүрээнд 6613 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Дээрх ажлын хүрээнд Улс, Нийслэлийн төсвөөс нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий дэд бүтцийн шугам сүлжээ татсан байна. 2020 онд энэхүү төслийн хүрээнд 2052 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулж, нийгмийн болон хотын үйлчилгээг жигд хүртээмжтэй болгох зайлшгүй шаардлагатай. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Нийт есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг чадавхжуулах зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын бүсэд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга зэрэг зургаан дэд төв шинээр байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлсэн.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж