Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 58 дахь улирлын тоглолтоо аравдугаар сарын 3-нд “Учиртай гурван толгой” дууриар нээх ажээ. Учир нь энэ жил тус театрын 70 жилийн ой тохиож буй юм.
Тэртээ 1950 оны арванхоёрдугаар сарын 30-нд тус театрын барилга ашиглалтад орж, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй.
“Учиртай гурван толгой” дуурийн гол дүр болох Нансалмаад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Хоролмаад Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд Соёлын тэргүүнйи ажилтан Э.Бумхүү, Юндэнд гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар нар тоглох ажээ.
Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьсан түүхтэй.
Үндэсний бахархалт бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг хөгшид залуус, хүүхэд багачууд бүгд үзэх дуртай билээ. Тиймээс ч Юндэн, Нансалмаа, Балганы түүхийг сонсоогүй нэг ч монгол хүн байхгүй байх. Эртнээс Монголын сайхан эрийн шинжийг Юндэнгээр, сайхан эмэгтэйн шинжийг Нансалмаагаар төлөөлж ирсэн. “Учиртай гурван толгой” дууриа та энэ улиралд алдалгүй үзээрэй.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ