"Эрх баригчид аз жаргалгүй хот бий болголоо"

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

"Эрх баригчид аз жаргалгүй хот бий болголоо"

"Эрх баригчид аз жаргалгүй хот бий болголоо"

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр (2020.09.17) “Хангарьд” ордны хурлын танхимд болж байна.

 Энэ удаагийн НИТХ-д Монгол ардын намаас 34, Ардчилсан намаас 11 төлөөлөгч сонгогдон ажилласан. Эрх баригч намын зүгээс “Аз жаргалтай Улаанбаатар” хотын мөрийн хөтөлбөрийн биелэлт 94.8 хувьтай байна гэж дүгнэсэнд сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Ардчилсан намын төлөөлөгчдийн дүгнэж буйгаар энэ мөрийн хөтөлбөр 30-40 хувьтай хэрэгжсэн гэсэн байр суурь илэрхийлсэн юм.


“НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ 50 ХУВЬ БУУРУУЛСАН ГЭДЭГТ ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДДАГ”

Нийслэлийн Ардчилсан намын хорооны дарга Д.БАТТУЛГА:

-Өнөөдөр 2016-2020 онд ажилласан НИТХ сүүлчийн хүндэтгэлийн хурлаа хийж байна. Бид зүгээр нэг хүндэтгэлийн хурал хийх бус өнгөрсөн дөрвөн жилд Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэр ажиллаж, Улаанбаатар хотод маань юу болж өнгөрөв гэдгийг дүгнэх ёстой. Нийслэлчүүдээс нэг л зүйлийг асууя. Та бүхэн 2016 онд сонголтоо хийхдээ МАН-аас дэвшүүлсэн аз жаргалтай хот болгох мөрийн хөтөлбөрийг сонгосон. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот маань аз жаргалтай хот болж чадсан уу гэдгийг дүгнээд үзээрэй.

Өнгөрсөн 2016-2020 онд Ардчилсан намаас олон ажил эхлүүлж байсан. Үүнд, гэр хорооллын дахин төлөвлөлт, агаар, хөрсний бохирдол, хот тохижилт, нийтийн тээврийн шинэчлэл зэрэг ажил багтана. Бид томоохон ажлыг эхлүүлэхдээ үргэлж хотын иргэдээсээ санал хүсэлтийг нь асууж, шийдвэрлэдэг байсан. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан бол энэ жил 80 болгох талаар ярьж байна.

Бид бол сөрөг хүчин. Хардах эрхтэй. Нийслэлчүүдийнхээ өмнөөс асуудлыг ил тавьж, хэлэх үүрэгтэй. Хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэдэгт шүүмжлэлтэй ханддаг. Хэдийгээр нүдэнд харагдах агаарын бохирдол буурсан ч үүний цаана маш олон иргэн угаартаж, эрүүл мэндээрээ хохирсон. Нийслэлийн бүх айл өрхөд угаар мэдрэгч тараасан нь угаарын хэмжээ эрс ихэссэнийг хүлээн зөвшөөрч буй явдал. Тиймээс угаарын хийн хэмжээг тогтоохоор олон улсын бие даасан лабораторийн мэргэжилтнүүдээр шинжлүүлэх хэрэгтэй. Энэ бол Улаанбаатар хотод амьдарч буй хүн бүрийн эрүүл мэндийн эрхийн асуудал.

“НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ 200 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАСАРСАН”

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга М.ТУЛГАТ:

-Энэ жил нийслэлийн төсөв 200 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан. Уг тасарсан төсвийн алдагдлаа эрх баригч намын төлөөлөгчид яаж шийдэх гээд байгаа юм бэ? Төсвийнхөө тодотголыг хийгээч гэдэг саналыг хавраас хойш хэллээ. Улсын их хурал төсвөө тодотгочихлоо. Одоогоор нийслэл төсвөө тодотгоогүй байна. Энэ намар дутсан төсвөөрөө яаж ажилчдын цалин хөлс, хийх ёстой бүтээн байгуулалтын ажлаа гүйцээх гэж байгаа юм. Бодит байдал ийм байхад өнөөдөр хаалтын хүндэтгэлийн чуулган гээд баяр ёслолын хурал хийж байна.

Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчид “Аз жаргалтай Улаанбаатар” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, хотоо удирдлаа. Тэд өнөөдөр энэ мөрийн хөтөлбөр 94.8 хувьтай биелсэн гэж дүгнэжээ. Анхнаасаа амьдралгүй, хийсвэр мөрийн хөтөлбөр дэвшүүлж, түүндээ бантсан дөрвөн жил байлаа. Өнөөдөр Улаанбаатар хотын амьдрал нэг хэсэг нь тансаг, үнэтэй хауст амьдарч байхад нөгөө хэсэг нь нүхэн жорлон, модон хашаанд амьдарч байна. Бид өнгөрсөн дөрвөн жилд яг энэ орхигдсон хэсэг рүүгээ анхаарал тавьж ажилласан. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын замын түгжрэл дээд цэгтээ хүрлээ. Ардчилсан намаас 2009 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж, 400 автобус оруулж ирсэн бол одоо огт ажил хийлгүй, зургаа долоон автобус авч, эргэж буцсан шийдвэрүүд олноор гаргалаа.

“АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР” МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХАНГАЛТТАЙ БИЕЛЭЭГҮЙ”

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгч гишүүн Т.БАТЦОГТ:

-Эрх баригч намын зүгээс 2016 оны сонгуулиар “Аз жаргалтай Улаанбаатар” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтөлбөрөө өөрсдөө 94.8 хувьтай биелсэн гэж дүгнэсэн. Харин Ардчилсан намын төлөөлөгчдийн зүгээс энэ мөрийн хөтөлбөр 30-40 хувьтай, хангалттай биелээгүй гэж үзэж байна. Өнөөдрийн нөхцөл байдалд сургууль, цэцэрлэг, замын түгжрэл, төсвийн хуваарилалт үр ашиггүй байж, аз жаргалгүй хот бий болголоо.

Цөөнхийн зүгээс хуралдаан болгон дээр өөрсдийн байр суурийг илэрхийлж ирсэн. Ингэхдээ нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, авто замын түгжрэлийг бууруулах санал гаргасан ч өнөөдөр нэг ч санал хүлээн авсангүй. Мөн жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-нд хөрсний бохирдлоос хамгаалах өдрийг санаачилж байсан. Энэ чиглэлээр нийслэл хотод тодорхой ажлууд хийх гэсэн боловч дэмжигдээгүй.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж