"Коронавирусийг БНХАУ-ын эрдэмтэд Ухань хотын лабораторид гаргаж авсан" хэмээн зарласан хятад эрдэмтэн АНУ руу дүрвэж, твиттер нь устжээ.
Доктор Ли Мен Ян Хонгконгийн Эрүүл мэндийн их сургуулийн судлаач билээ. Түүний твиттер хаяг 60 мянга гаруй дагагчтай байсан аж. Доктор Ли өөрийн хуудас дээр коронавирусийг бүтээх ажилд БНХАУ-ын засгийн газар оролцсон талаар баталгаа бий хэмээн жиргэснээсээ болж асуудалд орон АНУ руу дүрвэж, өдгөө Лос Анжелест нуугдаж байгаа аж. Түүний твиттерийг энэ долоо хоногийн эхээр устгажээ.
Твиттер энэ оны тавдугаар сард коронавирусийн талаар батлагдаагүй мэдээлэл нийтэлсэн хаягийг хэрхэх талаар шинэ дүрэмтэй болсон билээ. Тиймээс шинэ дүрмийнхээ дагуу твиттерийн зүгээс доктор Лигийн мэдээллийг тэр даруй устгаж, удалгүй хаягийг нь хаажээ.
Доктор Ли коронавирусийн үүсэл гарлын тухай мэдээллээ твиттерээс өөр гурван ч сүлжээнд байршуулсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. Тэрбээр “Олонхын итгэж буй коронавирус байгальд үүссэн хэмээх онолыг нотлох баримт тун хангалтгүй. Гэвч вирусийг лабораторийн аргаар гаргаж авсан гэх таамгийг эрдэмтэд зохион байгуулалттайгаар үгүйсгэсээр байна” хэмээн ярьсан байна.
Түүнтэй ижил бодолтой олон эрдэмтэн байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус таамгийн тухай яриулахгүй, тун хаалттай хэвээр байгаа билээ. Жишээ нь Хонгконгийн их сургуулиас “Лигийн мэдээлэл бидний мэдэхээр баталгаа багатай. Шинжлэх ухааны талаас бараг боломжгүй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн мэдээлсэн байна.
Доктор Ли энэ долоо хоногт телевизийн ярилцлагад орохдоо “Коронавирусийг хүний гараар бүтээсэн нь үнэн. Надад тэд үүнийг хийх боломжтой, хэрхэн хийсэн, юу бүтээсэн талаар баталгаа бий. Гэвч дэлхийн шинжлэх ухаан дуугаа хураасан хэвээр байна. Тэд бүгд Хятадын коммунист намын талд орж байна. Тэд хүмүүст үнэнийг мэдүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс л миний амыг "барьж", дарамталж байна. Би одоо БНХАУ-ын Коммунист намын устгахыг хүсч байгаа бай болсон” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: INDEPENDENT
Холбоотой мэдээ