Япон нислэгийн чиглэлээ өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Япон нислэгийн чиглэлээ өөрчилнө

 

Хойд Солонгос энэ хоёрдугаар сарын 8-25-ны хооронд сансрын хиймэл дагуул хөөргөхтэй холбоотойгоор Японы агаарын тээврийн компаниуд зарим нислэгийн чиглэлд өөрчлөлт оруулжээ. Японы “All Nippon Airways” болон “Japan Airlines” компани Филиппиний эрэг дагуух нислэгийн чиглэлд өөрчлөлт оруулах гэнэ.

 

“All Nippon Airways” компани Филиппиний Манила хот явах, ирэх нислэг болон Индонезийн Жакарта хотоос Токио хүрэх нислэгийн чиглэлийг өөрчилж байгаа аж. “Japan Airlines” компанийн хувьд Жакарта хотоос Токио, Токиогоос Манила хүрэх нислэгийн чиглэлийг өөрчлөх гэнэ. Чиглэл өөрчлөгдсөнөөс онгоцны нислэг 5-40 минутаар саатаж болохыг авиа компаниуд анхааруулжээ.

 

Хойд Солонгос өнгөрсөн сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийснээр олон улсын анхаарлыг татсан юм. Түүнчлэн хиймэл дагуул хөөргөхөө зарласнаар Азийн хөрш орнуудад түгшүүрт байдал үүсгэжээ. Хойд Солонгосын хиймэл дагуулын пуужин Япон болон БНСУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрвэл даруй устгахаа Сөүл болон Токиогийн батлан хамгаалахын сайд нар мэдэгджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж