Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанууд өчигдөр (2020.09.16) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн Аки башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон билээ.
Зүүнийг манлайлж буй озэки Асанояама башёгийн дөрөв дэх Хокүтофүжитой барилдаж8 Аки башёгийн анхны ялалтаа авлаа. Энэ удаагийн башёд түрүүлэх магадлал өндөр гэгдэж байсан озэки Асанояама башёгийн эхний гурван өдрийн барилдаанд дараалан өвдөг шороодоод байсан юм. Харин өнгөрөгч башёгийн түрүү бөх Тэрүнофүжи Ган-Эрдэнэ сэкивакэ Шодайтай тааран барилдаж башёгийн хоёр дахь даваагаа авлаа. Тэрүнофүжи Ган-Эрдэнэ башёг хоёр даваа, хоёр унаатай үргэлжлүүлж байгаа бол Шодай гурван даваа, нэг унаатай явна.
Барууны манлайд бичигдэж буй озэки Такакэйшо дөрөв дэх өдөр маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдэж буй Тамаваши Мөнх-Оргилтой тааран барилдаж, ээлжит ялалтаа авлаа. Монгол бөхчүүдээс Ичиножо Ичинноров Икиойг давж гурван даваа, нэг унаатай, Хошорюү Бямбасүрэн Шохозаныг давж хоёр даваа, хоёр унаатай тус тус башёг үргэлжлүүлж байна. Нэг ч унаагүй, гурван даваатай байсан Кирибаяама Лхагвасүрэн Такаяасүтай тааран барилдсан ч өвдөг шороодож, башёгийн анхны ялагдлаа амслаа.
Холбоотой мэдээ