СЗХ: 22 компани иргэдэд ногдол ашиг олгоод байна

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

СЗХ: 22 компани иргэдэд ногдол ашиг олгоод байна

СЗХ: 22 компани иргэдэд ногдол ашиг олгоод байна

Санхүүгийн зохицуулах хороо, “Нээлттэй нийгэм форум” хамтарч “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлгийн үеэр СЗХ-ноос хувьцаат компанийн засаглалыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын шинэчлэл, хувьцаат компаниудын хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээсэн үүргийн нийцэл, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдлын талаар мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх бодлого болон шийдвэрийг таницууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт Цаасны газрын дарга С.ЦЭРЭНДАШ:

Бид хэлэлцүүлгийн хүрээнд хувьцаат компаний засаглалтай холбоотой чухал асуудлыг хэлэлцэж байна. Хөрөнгийн зах зээл дээрх гол бүтээгдэхүүн болох хувьцаа чанартай, хөрөнгө оруулагчдын итгэл даах хэмжээнд байснаар төдийчинээ ашигтай ажиллана. Мөн тухайн хувьцаат компаний засаглалыг үүгээр тодорхойлох, жижиг хувьцаа эзэмшигчдээ хэрхэн дэмжиж байгааг хэмжих боломжтой. Компани засаглал сайтай байх нь ТУЗ-ийн гишүүдийн эрх үүрэг давхцахгүй байх, зах зээл дээрх хувьцааны үнэлгээ өсөхөд нөлөөлдөг зүйл. Манай улсын ард иргэдийн хувьд банкны хэт хөгжсөн тогтолцооны талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байдаг хэдий ч хөрөнгийн зах дээрх бонд, хувьцаа, Засгийн газрын бонд зэрэг бүтээгдэхүүний талаар мэдлэг дутмаг байдаг. СЗХ-ноос нийгэмд хийх гол ажлуудын нэг бол олон нийтэд боловсрол, мэдээлэл олгох сургалтын хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэхдээ бидний хувьд нийтэд зөвхөн лекц уншиж, сургалт олгоод мэдлэг олгоно гэдэг өрөөсгөл ойлголт мэт санагддаг. Харин үүний оронд энгийн бүтэцтэй бүтээгдэхүүнээр дамжуулан иргэд арилжаанд оролцсоноор хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх, эрсдэлийг таньж мэдэх боломжтой.

ҮЦТХТХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.БАЙГАЛМАА:

СЗХ-ноос гаргасан шийдвэрийн дагуу компани заавал ҮЦТХТ-өөр дамжуулан хувьцааны ногдол ашгийг тараах шийдвэр гарсан. Одоогийн байдлаар ҮЦТХТ-д албан ёсоор бүртгэлтэй байгаа 316 компанийн 14.7 тэрбум төгрөгийн хувьцаа байна. Хувьцаа эзэмшигчид эрхээ төдийлөн мэддэггүй учир оролцоо бага байдаг мэт санагддаг. Хэрэв бидэнд хүсэлт гаргавал нийгэмд нээлттэй танилцуулах боломжтой хувь хүн, байгууллагын нууцаас бусад бүх мэдээллийн жагсаалтыг боловсруулж өгөх боломжтой байгаа. 2020 оны эхний хагас жилийн байдлаар СЗХ-нд 31 хувьцаат компани ногдол ашиг олгох хүсэлтээ өгсөн. Тэдгээрээс есдүгээр сарын байдлаар 22 компани иргэдэд ногдол ашгаа олгоод байна. Үүний нэг жишээ бол “Эрдэнэс Тавантолгой” ХК юм. Энэ долоо хоногийн байдлаар гурван удаагийн олголтоор нийт нэг сая 526 мянган иргэн хувьцааны ногдол ашгаа авсан. Ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гаригт үлдсэн иргэдийн ногдол ашгийг олгоно. Иргэдийн хувьд ногдол ашгийн мөнгө дуусчих вий дээ гэсэн болгоомжлол байгаагаас ачаалал ихтэй байна. Иргэдийн дансанд байршсан мөнгө тухайн хүнийг авах хүртэл буцаж, татагдана гэсэн зүйл байхгүй учир санаа зовох шаардлагагүй.

Санхүүгийн зохицуулах хорооны хэлтсийн дарга А.АВИР:

-Өнөөдрийн хэлэлцүүлэг бол компани, хувьцаа эзэмшигчид төдийгүй олон нийтэд нээлттэй мэдээллийг танилцуулахад зориулсан гэдгээрээ онцлогтой байна. Тухайлбал, хувьцаат компанийн мэдээлэл, тайлагналын ил тод байдал гэдэг тухайн компани урт хугацаанд үйл ажиллагаа явуулах, тогтвортой хөгжих, зах зээл дээр байр суурь эзлэх, хадгалж үлдэх гол баталгаа болдог. Компанийн засаглалын бүтэц, үйл ажиллагааг хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөл, оролцогчид буюу төр, олон нийт, бүтээгдэхүүн үйлчилгээ авч буй харилцагч нарт нээлттэй мэдээллээр танилцуулна гэдэг нь нэг талаар тус компанид итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломж олгодог. Нөгөө талаар хөрөнгийн зах зээлд хувьцаа худалдаж авах, шударга өрсөлдөөн бий болгож байгаа юм.

 

“Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдэвт хэлэлцүүлэг нь:

  • Хувьцаат компанийн комплайнсын хэрэгжилт /Компанийн засаглалын хяналтын тогтолцооны нэг хэсэг буюу тухайн аж ахуйн нэгж, байгууллагын зүгээс бодлого, төлөвлөгөө, дагаж мөрдөх стандарт, аргачлал болон хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах хяналтын тогтолцоо/-ны тухай
  • Хувьцаат компанийн мэдээлэл, тайлагналын ил тод байдал хэмээх үндсэн хоёр сэдвийн хүрээнд болж байна.
Хэлэлцүүлэг эдгээр сэдвийн хүрээнд болон хувьцаа эзэмшигчдийн хурлын зохион байгуулалтад хийгдсэн үнэлгээний тайлан, хувьцаат компанийн мэдээлэл, тайлагналын ил тод байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар хувьцаат компани, үнэт цаасны мэргэжлийн байгууллага, судлаачидтай ярилцаж, цаашид хийх ажлын хүрээнд хэд хэдэн шийдэл, арга замыг хэлэлцэж байгаагаараа онцлог болж байна.
С.УНДАРМАА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж