Дулааны байгууламж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, "Тавантолгой түлш" компанийн төлөөллүүд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа асуудлуудын талаар өнөөдөр (2020.09.17) мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.ГАНТӨМӨР:
-Нийслэлийн есөн дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна. Тавдугаар сарын 15-наас дулаанаа хаагаад, өвөлжилтийн бэлтгэл ажилдаа бэлтгэсэн. Хөрөнгө мөнгөнийхөө бололцоонд тааруулаад нийт 1356 арга хэмжээ төлөвлөсөн. Нийслэлд 9,3 сая мкв замын зорчих хэсгийн талбай бий. Үүнд зориулан давс, бодис, дайргуудыг бэлддэг. Энэ жилийн хувьд 1457 тонн бодис, давсны нөөц байна. 3900 тонныг бэлдчихсэн байхад өвлийг өнөтэй давдаг. Одоогоор 1000 тонн ирээд хуваарилагдаад байна. Үлдсэн 1000 тонн нь ОХУ-аас ирж байгаа. Зуны их орсон борооны улмаас үүссэн замын эвдрэлийн засварын ажил 70 гаруй хувьтай байна.
Замын сангаас 2.8 тэрбум төгрөгөөр төвийн зургаан дүүргийн гол болон туслах замуудын эвдрэлийн нөхөөс, тэмдэг тэмдэглэгээг сэргээн засч байна. Есдүгээр сарын 15-наас эхлэн нийслэлд тусгай зөвшөөрөлгүй 100-гаас дээш кв хүчин чадалтай уурын зуухуудад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засаг даргын захирамж гарсан. Одоогоор тусгай зөвшөөрөлтэй 22 байгууллагын 212 уурын зуух 53 мянган тонн түүхий нүүрсийг шүүлтүүртэй түлнэ. Харин бусад бүх тусгай зөвшөөрөлгүй газрууд түүхий нүүрс түлэхгүй.
Сэлбэ дэд төвийн 28 мегаваттын дулааны станц бий. Энэхүү дулааны станцын ажлын явц 80 орчим хувьтай байна. Ирэх аравдугаар сарын 1-нээс эхний ээлжийн 7 мегаваттын хүчин чадалтай тогоог ажилд оруулахаар ажиллаж байна.
2018-2019 оны хооронд дөрвөн мянган тонн бэлдэж, мах хомсдолд орсон. Харин өнгөрсөн өвөл 12 мянган тонн мах бэлдэж, 400 гаруй борлуулагч борлуулсан. Энэ жилийн хувьд 20 мянган тонн бэлтгэх ажлыг хангаад байна. Өвлийн засварын үнэ өртөг зуныхаас үнэтэй байдаг учир бид зуны улиралд засвар үйлчилгээний ажлаа хийдэг. Есдүгээр сарын 15-наас эхлэн нийт орон сууцны 80 гаруй хувь нь дулаанд холбогдоод байна. Тодорхой газруудад засварын ажил хийгдэж байна. 2016 оноос эхлэн 303 жижиг дунд оврын халаалтын зуухуудыг ашиглалтад оруулж, 434 орон сууц, байгууламжийг халааж байна. Станцын засварууд дуусч байна. Төв шугамын ажил бүрэн дууссан.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.ХЭРЛЭН: -2016-2017 оны өвлийн улиралд сургууль цэцэрлэгт 12 удаагийн аваар, осол гарсан байдаг юм. 2017 онд 1,2 тэрбум төгрөг, 2019 онд 873 сая төгрөгийг засварт төсөвлөж байсан. Харин 2020 онд 723 сая төгрөгийг төсөвлөж, 14 сургуульд засвар хийж байна. Одоогоор засварын ажил 50 хувьтай явж байна. Есдүгээр сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ өвлөөс эхлэн 115 аж ахуйн нэгж, 9596 орон сууц сайжруулсан түлш хэрэглэх болж байна. Нийслэлд байгаа бүх зуух сайжруулсан түлш хэрэглэхээр техникийн шийдлийг нь хийсэн. Сургуулийн цэцэрлэгийн дулааны засварын ажлууд есдүгээр сарын 5-наас 15-ны өдрүүдэд бүрэн дууссан.
Угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан айлуудаар нэг бүрчлэн орж заавар зөвлөгөө өгч байна. Одоогоор хоёр удаа айл өрхүүдээр яваад байна.
"Тавантолгой түлш" компанийн хэвлэлийн төлөөлөгч Ш.БАТСУУРЬ:
-Одоогоор 80 мянга орчим тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Энэ жилийн 1000 гаруй борлуулалтын төв нээхээр ажиллаж байна. Одоогоор 100 гаруй борлуулалтын цэг ажиллаж байна. Тавантолгой компанийн дөрвөн үйлдвэр хэвийн ажиллаж байгаа. Аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд зүүн бүсийн үйлдвэрээ ажиллагаанд оруулна. Өнгөрсөн жил түүхий нүүрс хэрэглэж байсан аж ахуйн нэгжүүд энэ жилээс сайжруулсан түлш хэрэглэх болно.