Нийслэлийн боловсролын газар (НБГ)-аас өнөөдөр (2020.09.17) хоёр настай хүүхдийн цэцэрлэгийн элсэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.ГАНТУЛГА:
–Долдугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэгүүдийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулж, хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байх шийдвэр гаргасан. Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гарсан. Маргааш (2020.09.18) 09.00 цагаас эхлэн 21-ний өдрийн 14.00 цагт цахим бүртгэл хаагдах бөгөөд мөн өдрийн 16.00 цагаас цахим элсэлт явагдана.
Цахим бүртгэлд зөвхөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс, арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүй.
www.tsetserleg.ulaanbaatar.mn сайт руу нэвтрэн, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах товчийг дарснаар хамран сургах тойргийнх нь харгалзах цэцэрлэг, хэдэн хүүхэд бүртгүүлсэн зэрэг тоон мэдээлэл нь гарч ирнэ. Эцэг, эхчүүд мэдээлэл авах утасны дугаараа оруулахад утсан дээр нь зургаан оронтой тоо ирнэ. Энэхүү тоог бүртгэлийн дугаарын хэсэгт бичиж, бүртгэлээ баталгаажуулна. Элсэлтийн үр дүнг эцэг эхчүүдэд утсаар холбогдон эргэж мэдэгдэнэ. Мөн системд хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг эхчүүд тухайн хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх боломжтой. Цэцэрлэг бүрт иргэдэд бүртгэл хийхэд туслах ажилтнууд байна.
Нийслэлийн цэцэрлэгүүдээс хяналтын тоог авахад хоёр настай 10 мянга гаруй хүүхдийг хамруулах боломжтой гэсэн.
Энэ жилийн хувьд 10 мянга гэдэг нь мэдээж бага тоо. Учир нь есдүгээр сарын 1-нээс сургалтын үйл ажиллагаа эхлэхдээ хоёр настай хүүхэд авах орон зай дээрээ 3, 4, 5 настай хүүхдүүдийг авсан. Тэгэхээр эдгээр хүүхдүүдээ буцаагаад бүлгийн зохион байгуулалтаас ангийн зохион байгуулалтад шилжүүлэхэд 10 мянга гаруй хүүхэд авах урьдчилсан тооцоо гарсан. Цахим бүртгэлээр хоёр настай хүүхдүүдийн 80 орчим хувийг авах бол үлдсэн хувьд нь зорилтот бүлэг болон багш ажилчдын хүүхдийг авна. Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас бидэнд чиглэл өгөхдөө нэг бүлэгт 25 хүүхдээс хэтрүүлэхгүй байх, бүлэг дүүргэлтийг зохистой түвшинд барьж, хяналтын тоогоо ав гэсэн чиглэл өгсөн.
2-4 цөөхөн бүлэгтэй зарим цэцэрлэгт 3, 4, 5 настай хүүхдээ түлхүү элсүүлчхээр эргээд хоёр настай хүүхдүүдийн бүлэг үүсгэх боломжгүй байгаа. Тиймээс холимог бүлэг үүсгэх талаар яригдаж байна.
БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД 1800 ОРЧИМ ХҮҮХЭД ХАМРАГДАНА
Нийслэлийн хэмжээнд 400 орчим хүүхэд харах үйлчилгээ бий. Хүүхэд харах тусгай зөвшөөрлийг нь дүүргийн засаг дарга нар олгодог. БШУЯ-наас жил бүр хэдэн хүүхдийг хүүхэд хамруулах үйлчилгээнд хамруулах квотоо баталдаг. Энэ квотынхоо дагуу дүүрэг бүрт хүүхэд харах үйлчилгээний тусгай зөвшөөрөл нэмэх эсэхийг шийддэг. Энэ жилийн хувьд 2-3 насны 1800 орчим хүүхэд тус үйлчилгээнд хамрагдана.
БШУЯ-ны сайдын тушаал гарснаар хүүхэд харах үйлчилгээ ирэх Даваа гаригаас үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Иргэд хүүхэд харах үйлчилгээг аль аль дүүрэгт байгааг харахын тулд дүүргийн боловсролын хэлтсийн сайтаар нэвтрэн харж болно. Мөн хороо дүүргээсээ авч болно.
Бүртгэл өнөөдрөөс эхлэн маргааш хүртэл үргэлжилж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн шинжилгээний бичигтэй очиж бүртгүүлнэ. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээ энэ долоо хоног хүүхдүүдээ элсүүлэх бэлтгэл ажлаа бүрэн хангаад, ирэх Даваа гаригаас үйл ажиллагаа нь жигдэрнэ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ