Каратэгийн хар бүстэй дэлхийн анхны Ерөнхий сайд

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Каратэгийн хар бүстэй дэлхийн анхны Ерөнхий сайд

Каратэгийн хар бүстэй дэлхийн анхны Ерөнхий сайд

“News” агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Хүмүүс” буланг хүргэдэг билээ. Энэ удаагийн буландаа Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар сонгогдсон Сүга Ёшихидэг онцолж байна.


Япон улсыг хамгийн удаан удирдсан Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох гэнэтийн шийдвэр гаргаснаа наймдугаар сүүлчээр зарласан юм. Иймд тус улсыг цаашид хэн удирдаж явахыг эрх баригч Либерал ардчилсан нам дотооддоо сонгууль явуулж шийдэх ёстой болсон. Намын даргын сонгууль энэ сарын 14-нд болж олон жилийн турш Абэтэй хамт мөр зэрэгцэн ажилласан Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Сүга Ёшихидэ Либерал ардчилсан намын тэргүүнээр сонгогдсон юм. Хоёр хоногийн дараа буюу 16-ны Лхагва гаригт Ерөнхий сайд сонгох санал хураалт парламентын танхимд явагдаж, нийт 534 гишүүний 377 нь Сүгад саналаа өгч, тэр дэлхийн гурав дахь том эдийн засагтай Япон улсын дараагийн Ерөнхий сайдаар тодорсон билээ.

Тариалангийн талбайгаас Ерөнхий сайдын сэнтий хүртэл

Сүгагийн нийгмийн гарлын хувьд үе дамжин төр удирдаж ирсэн, элит гэр бүлээс гаралтай өмнөх Ерөнхий сайд Абэ Шинзогоос ялгаатай. Сүга Ёшихидэ нь 1948 оны арванхоёрдугаар сарын 6-нд одоогийн Акита мужийн Юзава хэмээх буйдхан хотод гүзээлзгэнийн аж ахуй эрхэлдэг тариачны гэр бүлд төржээ. Ахлах сургуулиа төгсөөд тэр нийслэл Токио руу нүүж, Хосей их сургуульд Хууль зүйн бакалаврын оройн ангид суралцаж, 1973 онд амжилттай төгссөн байна.

Түүнд Хосей их сургуулиас өөр хямд төлбөртэй сургууль олдоогүй учир энэ сургуулийг сонгосон бөгөөд сургалтын төлбөрөө төлөхийн тулд цаасан хайрцагны үйлдвэр, загасны зах дээр ажилладаг байжээ.

Сургуулиа төгсөөд парламентын дээд танхимын гишүүний сонгуулийн кампанит ажилд оролцож, улмаар одоогийн эрх баригч Либерал ардчилсан намын гишүүн Хикосабүро Оконогигийн нарийн бичгийн даргаар ажиллах болсон байна. Хикосабүро бол одоогийн парламентын гишүүн Хачиро Оконогигийн аав юм. Тэрбээр Хикосабүрогийн нарийн бичгээр 11 жил ажилласны дараа өөрөө улс төрд орохоор шийдэж, 1987 онд Ёкохама хотын зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн байна. Тэрбээр энэ л үед насныхаа ханьтай учирч, Хикосабүрогийн охин, одоогийн парламентын гишүүн Хачиро Оконогигийн эгч Марикотой хайр сэтгэлийн холбоотой болж, гэрлэж байжээ. Тэд одоо гурван хүүгийн эцэг, эх.

Дасгал хөдөлгөөнийг эрхэмлэдэг

Өдгөө 72 настай Сүга Ёшихидэ залуугаасаа спортоор хичээллэсэн бөгөөд одоо ч дасгал хөдөлгөөнийг эрхэмлэдэг нэгэн. Их сургуульд байхдаа сургуулийнхаа каратэгийн клубт явдаг байсан, каратэгийн хар бүстэй. Ингэснээр тэр каратэгийн хар бүстэй дэлхийн анхны Ерөнхий сайд болж байна.

Одоо ч тэр өглөө бүр 40 минут алхаж, өглөө оройдоо тогтмол 100 удаа гэдэсний таталт хийдэг аж. Тэрбээр хэдэн жилийн өмнө эмчийн зөвлөснөөр жингээ хасах шаардлагатай болсон ба дөрвөн сарын дотор 14 килограм жин хасч байжээ.

30 мянган айлаар явж, зургаан гутал элээсэн нь

Сүга сонгуулийн сурталчилгаа хийх хангалттай хэмжээний мөнгөгүй байсан тул өөрийн биеэр ард иргэдтэй уулзаж, өөрийгөө таниулахаар шийдэж, өдөрт л 300 орчим айлаар явж, өөрийн зорилго, хийх ажлаа танилцуулж байжээ. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд нийт 30 мянган айлд зочилж, зургаан хос гутал элээсэн байж. Ингэж их хичээж зүтгэснийхээ хариуд тэр зорилгодоо хүрч, тэр Ёкохама хотын зөвлөлд сонгогдож чадлаа.

Тэрбээр түм түжигнэж, бум бужигнасан галт тэрэгний буудлууд дээр самбараа байрлуулж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах санааг анх санаачилсан нь өдгөө Японы улстөрчид сонгуулийн сурталчилгаагаа хийх гол арга нь болжээ.

Үүний дараа 1996 онд Сүга Японы парламентын доод танхимд сонгогдож, есөн жилийн дараа Ерөнхий сайд асан Коизүми Жүничирогийн танхимд Дотоод хэрэг, харилцаа холбооны тэргүүн дэд сайд болсон юм. Коизүмигийн удирдлага дор Абэ Шинзо ч улс төрийн гараагаа эхэлж байсан билээ. 2006 онд Абэ Японы хамгийн залуу Ерөнхий сайдын нэг болоход Сүга Дотоод хэргийн сайдын албан тушаалд очсон юм. Гэвч ердөө нэг жилийн дараа Абэгийн биеийн байдал муудаж, ажлаа өгч байв. Ингээд дараагийн Ерөнхий сайд Ясүо Фүкүдагийн Засгийн газарт Сүгад сайдын албан тушаал ногдоогүй учир нам дотроо үйл ажиллагаа явуулж, Абэтэй хамтран ажиллаж байлаа.

Абэгийн баруун гар

Абэ 2012 онд намын даргын сонгуульд дахин өрсөлдөхөд түүнийг ятгасан хүн Сүгаг гэж ярьдаг. Ялалт байгуулсан Абэ Сүгаг Сайд нарын танхимын тэргүүн нарийн бичгийн даргын албан тушаалд томилов. Абэгийн хамгийн ойрын хүрээнд ажиллаж байсан түүнийг “Абэгийн баруун гар” гэж хочилдог.

Тэрбээр 2012 оноос өдийг хүртэл Абэгийн дэргэд ажилласан ч дэлхий нийт түүнийг анзаардаггүй байв. Түүний хариуцаж байсан гол ажлуудын нэг нь Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь буцаан авчрах асуудал байв.

Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард Эзэн хаан Нарүхито хаан ширээнээ заларч, Япон улсад “Рэйва” он тооллыг эхлүүлж, “Рэйва” гэх хүндтэй ханзыг олон нийтэд зарлах үүрэг түүнд ногдож, тэр дэлхий нийтийн анхаарлын төвд анх удаа орсон юм. Одоо түүнийг япончууд “Рэйвагийн өвөө” хэмээн нэрлэдэг. Ингээд 2019 оны эцсээр тэр АНУ-д айлчилж, тус улсын дэд ерөнхийлөгч Майк Пенстэй уулзсан нь Абэг залгамжлах хүн нэгэнт тодорхой болсныг илтгэж байв.

Абэгийн бодлого, үйл хэргийг үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа Сүгагийн хувьд чамгүй хүнд сорилт түүнийг хүлээж байна. Дэлхий даяар цар тахалд нэрвэгдэж, бүх нийтээрээ эдийн засгийн хувьд хүндхэн байгаа энэ үед тэр улс орноо хүлээн авлаа. Сүга хэр сайн удирдагч байхыг зөвхөн цаг хугацаа л харуулах юм. Зарим ажиглагч, шинжээчид түүнийг Абэ шиг шийдэмгий бус, хэт зөөлөн хүн гэж дүгнэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж