Допинг тойрсон долоон асуулт

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

Допинг тойрсон долоон асуулт

Допинг тойрсон долоон асуулт

Монголын үндэсний бөх болон допинг тойрсон хэрүүл маргаан, асуудлууд тасрах шинжгүй байна. Эдгээр асуудлуудыг холбогдох байгууллагууд нь шийдэх шинжгүй улам лавшруулсаар өдийг хүрлээ. Хэзээ энэ бүх асуудлуудыг шийдэж, эргэн эрүүл үндэсний бөх, спорттой болох вэ?

  1. Э.Оюунболдын асуудал хэзээ шийдэгдэх вэ?

Ардын хувьсгалын 98 жилийн ойн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхөөс дөрвөн төрлийн хориотой бодис илэрч, өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдээгүй хэвээр байна. Угтаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгийн “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвээр үлдээж, 2 дахь заалт болох “түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах” (2021 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдын барилдах эрхийг нэг жилээр хасч, аварга цолыг нь хураах шийдвэр хэвээр үлдсэн. Гэвч барилдах эрхээ сэргээлгэсэн Э.Оюунболд аварга цолноосоо салахыг хүссэнгүй. Тэрбээр сүүлийн байдлаар Улсын дээд шүүхэд хандан аварга цолтойгоо үлдэхийг хүсч байгаа аж.

  1. Допингийн эсрэг үндэсний төв ажиллаж байна уу?

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн гишүүнчлэлтэй Монголын допингийн эсрэг үндэсний төв гэх байгууллага сүүлийн хэдэн өдрүүдэд спорт, бөх сонирхогчдын шүүмжлэлд өртөөд байна. Саяхан ард түмнээс уучлалт гуйж, хориотой бодис шинжилгээнээс нь илэрснийг хүлээн зөвшөөрсөн Н.Батсуурь аварга хэвлэлийн хурлынхаа үеэр Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага наадмын өмнөхөн допингийн талаар сургалт зохион байгуулаагүйг дурдсан. Уг нь жил бүр сургалт зохион байгуулдаг байсан ч энэ жил зохион байгуулаагүй аж. Мөн Р.Пүрэвдагва арслан ч Допингийн эсрэг үндэсний төв хориотой эм бэлдмэлийн шинэчилсэн жагсаалтыг бөхчүүд, тамирчдад байнга танилцуулж байхыг хүссэн. Удирдлага нь солигдсон тус төв сүүлийн нэг, хоёр жилийн хугацаанд үнэхээр хангалттай ажиллаж чадсангүй гэж спорт сонирхогчид дүгнэж байна.

  1. Допингийн шинжилгээний хяналт сайн байдаг уу?

2019 оны улсын их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд “Би допинг хэрэглэж үзээгүй ээ. Миний шээс солигдсон байна. Монголын допингийн эсрэг үндэсний төвийнхөн тавуулаа сууж байгаад задлах ёстой шинжилгээг ганц, хоёр хүн задалсан. “Чамайг түрүүлсэн ч бай, үгүй ч бай, шинжилгээнээс чинь допинг илрүүлнэ” гэж нэг бус удаа хэлж байсан. Намайг хилс хэрэгт гүтгэж байна” хэмээн ярьж байсан билээ. Тэгвэл Н.Батсуурь аварга саяхан хийсэн мэдэгдэлдээ “100 грамм шээсийг А, В хоёр саванд хийдэг. Би өөрөө лацдана. А, В сорьцын хариу зөрсөн түүх байхгүй. Өөрөөр хэлбэл, нэг шээсийг л хоёр хуваана гэсэн үг. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас дахин давтагдашгүй тоотой шинжилгээний шил илгээдэг. Миний шинжилгээний 44066049 тоот сав дэлхийд ганц л бий. Хоёр биш ганц. Камерын өмнө бид гэрчтэй бие засна. Нэг муу жижигхэн Монголын үндэсний бөхийн шинжилгээг тэр том Солонгосын лабораторид буруу шинжлэхгүй. Тийм болохоор би шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. Н.Батсуурь аваргаас гадна допингийн шинжилгээ өгч байсан олон бөх энэ талаар ярьдаг. Тэдний ярьж буйгаар допингийн шинжилгээний сорьцыг солих, хуурамчаар үйлдэх боломжгүй ажээ.

  1. Допингийн сүлжээ гэгдэж буй Д.Батням багш болон Ч.Насанбат эмч гэж хэн бэ?

Чөлөөт бөхийн Д.Батням багшийг бөхчүүдэд допингийн төрлийн эм бэлдмэл, тариа зардаг гэсэн яриа гараад байна. Түүнтэй хамт бэлтгэл хийсэн, нэр холбогдсон Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Д.Цэрэнтогтох нар бүгд допингийн шинжилгээнд бүдэрсэн. Д.Батням багш Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нартай хамт бэлтгэл хийснээ хүлээн зөвшөөрсөн ч Д.Цэрэнтогтох начинд 10 ширхэг тариа зарснаа үгүйсгэж байсан. Гэвч Д.Цэрэнтогтох начин түүн рүү нэг сая орчим төгрөг шилжүүлж байсан дансны хуулгаа саяхан ил болгов. ОУХМ Д.Батням багшийн хувьд Цастын барс клубын дасгалжуулагч, малын эмч мэргэжилтэй, чөлөөт бөхийн шигшээ багт бага эмчээр ажиллаж байсан хүн. Харин Ч.Насанбат эмчийн хувьд АТГ-д шалгагдсан. Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар АТГ-д гомдол гарган, Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороог шалгуулах хүсэлт тавьсан. Үүний дагуу Ч.Насанбат эмчийг бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольсон, их хэмжээний хахууль авсан гэх хэрэгтэй холбогдуулан шалгасан. Гэвч одоог хүртэл энэ хэргийн талаар дорвитой мэдэгдэл, тайлбар гараагүй хэвээр байна. Хүний их эмч Ч.Насанбатын хувьд Анагаах ухааны дунд сургууль дүүргэж, Сувилахуйн сургууль төгсөн, бага эмчээр ажиллах болжээ. Тэрбээр багадаа боксын спортоор хичээллэж байсан учир спорт түүнд ойр санагдаж, спортын салбартай холбогдон БТСГ-ын Спорт анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанд 29 жил тасралтгүй ажиллаж байгаа аж.

  1. Олимпийн хороо цаашдаа хэрхэн ажиллах вэ?

Монголын допингийн эсрэг үндэсний төв үндэсний олимпийн хорооны харьяа байгууллага. Тус хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаярын хувьд өөрөө тамирчин, олимпийн аварга, мөн улсын заан цолтой бөх. Олимпийн төрлийн тамирчин хүн талаасаа ч, улсын заан цолтой бөх хүн талаасаа ч допингийн тал дээр арвин мэдээлэл, туршлагатай. Олимпийн найдвар гэгдэж байсан чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон болон ид үедээ барилдаж буй Н.Батсуурь болон Э.Оюунболд аваргууд бүгд допингт бүдэрлээ. Олимпийн хороо допингийн эсрэг үндэсний төвийнхөө үйл ажиллагааг эргэн сэргээж, чадавхжуулж, бөхчүүд, тамирчдын дунд эргэлзээ төрүүлэлгүй ажиллах хэрэгтэй байна.

  1. Бөхчүүд бие биенээ хорлож байна уу?

Н.Батсуурь аварга "Допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглээгүй гаднаас миний биед орчихлоо, бөхчүүд минь идэж, ууж байгаа зүйлээ анхаараарай. Хотоос 130 км гаруй зайд байрлах газар наадам болсон. Би тэнд олдсоноо л идэж уусан" гэж ярьсан. Хар буруу санаагүй, үнэн хүчийг үздэг байсан Монголын биет бус соёлын өвийг тээгчид бие биенээ хорлоод байна уу? Нутаг усаараа талцдаг байсан үндэсний бөхийн талцал бүр бие биенгээ хорлодог, хохироодог дээрээ тулчихсан хэрэг үү?

  1. Монголын үндэсний бөх спорт уу, шоу юу?

Үндэсний бөх допингтой холбогдоод багагүй хугацаа үджээ. Жил бүрийн улсын их баяр наадмын дараагаар допингийн шинжилгээнд хэн гэдэг бөх бүдэрсэн мэдээллийг хүн бүр чих тавин хүлээдэг болж. Сүүлийн үед бөх сонирхогчдын дунд үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахыг эсэргүүцэх хөдөлгөөн ажиглагдаж байна. Таван тивийн хүчтэнүүд чуулдаг дэлхийн хэмжээний спорт бус, үндэсний хэмжээний баяр наадам учир үндэсний бөхийг допингтой хутгах хэрэггүй гэх хүн олширчээ. Барилдаж буй бөхчүүд нь ч найраа, талцалд автаад, спорт гэхээсээ илүү шоу тал руугаа явж байна. Спортын гэхээр цэвэр өрсөлдөөн, өрсөлдөгчөө хүндлэх хүндлэл үндэсний бөхөд алга. Харин шоу гэмээр жүжиглэлт, атаа жөтөө, мөнгө дүүрэн болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж