Малчны хотон дахь бяцхан номын санч

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

Малчны хотон дахь бяцхан номын санч

Малчны хотон дахь бяцхан номын санч

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Доржийн Дандийн нэрэмжит 12 жилийн ахлах сургуулийн тавдугаар ангийн сурагч Т.Лувсанчүлтэм багаасаа номонд шимтэн дурлажээ. Тэрбээр одоо 10 настай. Жирийн нэгэн малчин айлын хүү гэртээ 100 гаруй ном цуглуулж, номын сантай болжээ.  Хичээл сургуульдаа сайн, анги хамт олноо тэргүүлдэг түүний талаар ангийн багш Ш.Байгалмаа ярихдаа “ Т.Лувсанчүлтэм хүүг нэгдүгээр ангиас нь анги дааж авсан болохоор сайн мэднэ. Шавь маань номонд маш их дуртай. Ном унших хоббитой. Бүх хичээлдээ идэвхтэй сайн суралцаж, анги хамт олноо тэргүүлдэг” гэж магтсан юм. Бяцхан номын санч Т.Лувсанчүлтэмтэй ярилцсанаа хүргэе.


-Сайн уу, хичээл сурлага нь өндөр үү?

-Сайн байна уу? Миний хичээл сурлага өндөр. Сая хичээлтэй байлаа. Одоо багш нарын өрөөнд орж ирээд утсаар ярьж байна.

-Хичээл нь хэдэн цагаас ордог вэ?

-Өдөр 13.30 цагт ороод, орой 17.00 цаг гээд тардаг.

-Танай анги хэдэн сурагчтай вэ?

-Би сумынхаа Тавдугаар сургуулийн тавдугаар ангид сурдаг. Манай анги 19 хүүхэдтэй. Бид амны хаалт зүүж, гараа ариутгаад хичээлдээ суудаг.

-Фэйсбүүкт чиний зураг орсон байсныг мэдсэн үү?

-Мэдсэн. Манай аав өчигдөр  /2020.09.15/ зургийг маань авч өгсөн. Бид хоёр аймгийн номын сангаас зохион байгуулж буй номын өдөрт зориулан “Би номын сантайгаа” сэльфи зургийн уралдаанд оролцож байгаа юм.

 -Хэзээнээс номонд дуртай, шимтэн уншдаг болов?

-Би анх нэгдүгээр ангид сурч, уншиж эхэлснээсээ хойш номонд дуртай болсон. Намайг сургуульд орохоос өмнө аав минь үлгэр их уншиж өгдөг байсан нь их нөлөөлсөн гэж боддог . Би гэртээ номнуудаа хадгалдаг. Яг номынхоо тоог нь мэдэхгүй ч ойролцоогоо 100 гаруй ном байгаа байх. Манайх хоёр номын сантай. Номнууд маань том номын сандаа багтахгүй бол жижиг номын сандаа хийдэг.

-Ихэвчлэн ямар төрлийн ном байгаа бол?

-Миний унших дуртай уран зохиол, математик, танин мэдэхүйн номнууд байгаа. Хамгийн сүүлд уншсан ном гэвэл уран зохиолын “Хорвоотой танилцсан түүх” надад их таалагдсан.

-Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Би хүүхдүүдийн шүдийг эрүүл болгож, эмчилдэг шүдний эмч болохыг хүсдэг. Хүүхдүүдийн шүд нь их өвддөг. Бас миний ганц нэг шүд цоорсон.

 -Гэр бүлээ бидэнд танилцуулаач. Хэн хэнтэйгээ амьдардаг вэ?

-Би өвөө, аав, ээж дүүтэйгээ амьдардаг. Манай дүү одоо нэгдүгээр ангийн сурагч. Манайх хөдөө амьдардаг. Аав,  ээж маань малчин. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нэгдүгээр багийн Гүнжийн ар гэдэг газар намаржиж байна.

-Дүү нь одоо үсгээ үзээд, мөдхөн уншиж сурах нь дээ?

-Дүү маань одоо уншиж чаддаг юм. Хичээлд орохоос өмнө гэртээ үсгээ үзээд, уншаад сурчихсан.

-Тийм үү. Ямар мундаг юм бэ?

-Тийм ээ. Би ном уншихаар дүү маань бас сонирхож уншдаг.

-Чи ямар хичээлдээ илүү сонирхолтой вэ?

-Би матетатикийн хичээлдээ илүү сонирхолтой.

-Амралтын өдөр гэртээ харьж, аав, ээждээ тусалдаг уу?

-Амралтын хоёр өдөр хариад аав, ээждээ тусалдаг. Түлээг нь хагалж, усыг нь зөөж өгнө. Гэр орноо цэвэрлэнэ. Бас аавтайгаа ном унших дуртай.


“ХҮҮ МИНЬ НЭГДҮГЭЭР АНГИАСАА Л  НОМ УНШИХ ДУРТАЙ БОЛСОН”

Т.Лувсанчүлтэм хүүгийн аав М.Түвдэндоржоос  цөөн асуултад хариулт авлаа

-Таны хүү "Ном шимтэн уншихад аав минь их нөлөөлсөн. Бага байхад дандаа үлгэр ярьж өгдөг байсан" гэж ярьсан?

-Хүүгээ бага байхад үлгэр их уншиж өгдөг байсан. Тэгээд л орой болгон үлгэр уншуулах дуртай болж, номонд шимтсэн юм болов уу.  “Чи сургуульд орж, уншаад сурчихвал энэ гоё номнуудыг өөрөө уншчихна шүү дээ” гэж хүүдээ хэлсэн. Хүү минь бушуухан сургуульд сурахын хүслэн болдог байлаа. Бараг нэгдүгээр ангиасаа ном унших дуртай болсон доо.

-Гэртээ хоёр номын сантай гэсэн. Номнууд нь багтдаг уу?

-Манайх чинь хөдөө нүүдэл суудал их хийнэ. Тэр болгонд бүх номоо ачаад явах боломжгүй. Өвөлдөө номын сангаа гэртээ тавьж, зун болохоор жижиг номын сандаа ойр зуур унших номоо хийж авч явдаг.

-Хүү нь зуны амралтаараа хэчнээн ном уншсан бол?

-Өөрийнхөө сонирхсон номоо уншиж дуусгадаг. Сүүлд “Ухаан далай”, “Хүүхдийн уран зохиолын дээж бичиг”, “Нэвтэрхий толь” зэрэг номыг их сонирхож уншсан. Бас “Их хувь заяа” романыг уншиж дуусгасан. Ер нь танин мэдэхүйн чанартай, хичээлийн холбогдолтой номоо голцуу уншдаг даа.

-Та сүүлд ямар ном худалдаж авч өгсөн бэ?

-Хамгийн сүүлд “Монгол хэл бичгийн сурагчийн зөв бичих дүрэм” гээд хөх алаг хавтастай ном худалдан авсан. Бас “100 баримт” гэсэн хоёр цуврал номыг аймгийн төв орохдоо авч өгсөн.

-Хүүгийнхээ номын сантай зургийг сошиалд тавьсан байсан. Та хоёр аймгийнхаа номын сангаас зохион байгуулж буй уралдаанд орж байгаа юм уу?

-Би хүүгийнхээ зургийг интернэтэд тавья гэж аваагүй юм. Аймгийн номын сангаас номын баярын өдөрт зориулан “Би номын сантайгаа” сельфи зургийн уралдаан зарласан юм билээ. Тэр тэмцээнд 1-12 дугаар ангийн сурагчид оролцоно гэсэн зарыг харсан. Тэгээд сургуулийнхаа хүүхдийг авахаар сумын төв орохдоо сургуулийнх нь номын санчтай холбогдож лавласан. Номын сантайгаа зургаа явуулсан байхад болно гэхээр нь цахим хаяг руу нь зургаа явуулсан.

-Хүү нь ямар тэмцээн уралдаанд амжилттай оролцож байв?

-Гуравдугаар ангид байхдаа сум дундын бүсийн олимпиад Алаг-Эрдэнэ суманд болж, математикийн алт, монгол хэлний мөнгөн медаль авсан. Бас тэр жилээ аймгийн “Тоочин хүү” тэмцээнд орж, 200 гаруй хүүхдээс эхний 10-т багтаж байсан. Хүү маань математикийн хичээлдээ их сонирхолтой.

-Та хүүхдэдээ юуг захиж сургаж, ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?

-Би хүүгээ ирээдүйд сонирхсон мэргэжлээрээ суралцаасай гэж хүсдэг. Хамгийн гол нь эрдэм номтой хүн болсон ч хүнлэг сэтгэлтэй, хүн чанартай, эх оронч хүн байх хэрэгтэй гэж хэлдэг. Өөрөө ч тэрийг ойлгодог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж