2020 он гарсаар дэлхийн хэд хэдэн оронд өргөн талбайг хамарсан түймэр асч, их хэмжээний хохирол учрууллаа. Тухайлбал, энэ оны эхээр Австралийн өмнөд нутагт гарсан түймэрт 28 хүн амиа алдаж, 3000 орчим айл гэр орох оронгүй болж, 12.6 сая гектар газар шатсан төдийгүй нэг тэрбум орчим ан амьтан хорогдсон юм.
Түймэр коала баавгайн нутагладаг ойр орчны 80 хувийг сүйтгэж, улмаар коала баавгай "устаж үгүй болж буй" амьтдын жагсаалтад орсон. Бразиль улсад өнгөрсөн найман сарын хугацаанд 44 мянган удаа их бага хэмжээний түймэр гарсан ба олонх нь Амазон ширэнгэн ойг газар тариалангийн зорилгоор зориудаар галдан шатаах үйлдэлтэй холбоотой байв.
Үүний зэрэгцээ өнгөрсөн дөрөвдүгээр сард Украины газар нутаг дахь хүний хөл хорьсон Чернобыль атомын цахилгаан станцын бүсэд түймэр гарснаар ойр орчмын бүс нутагт агаар дахь цацрагийн хэмжээ хоёр долоо хоногийн дотор хэвийн хэмжээнээс 16 дахин ихэссэн юм. Галыг зориудаар тавьсан эрэгтэйг баривчлан хуулийн хариуцлага хүлээлгэсэн.
КАЛИФОРНИЙН ГАЗАР НУТГИЙН ГУРВАН ХУВЬ ШАТАВ
Энэ есдүгээр сард АНУ-ын Калифорни муж улсын түүхэнд байгаагүй том хэмжээний түймэр асч, газар нутгийн гурван хувийг шатаажээ. Түймрийн гамшиг сүүлийн хэдэн долоо хоногийн турш үргэлжилж, олон мянган гал сөнөөгчид ажиллаж байна. Калифорнийн түймэрт өнөөдрийн байдлаар 27 хүн амь насаа алдаж, олон хүн сураггүй болж, орон гэр, автомашинаараа хохироод байна. Түймэр суурьшлын бүс рүү улам ойртсоор байгаа бөгөөд утааг нь Нью-Йорк, Вашингтон хотоос харж болохоор болжээ.
Түймрийн бүс нутагт нислэгүүдийг цуцалж, Айдахо, Орегон зэрэг муж улсуудад иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлжээ. Тухайлбал, мягмар гаригт Портланд хотод түймрийн утаа хэт өтгөн байснаас зарим нислэгийг цуцалсан аж. Хуурай, халуун зуны цаг агаар түймрийг өрдөж, гал унтраах хүчин чармайлтыг хүчгүйдүүлжээ. Калифорни муж улсын зүгээс өргөн хүрээг хамраад буй олон тооны түймрийг унтраахын тулд бусад муж улсууд, Засгийн газраас тусламж хүссэн байна.
ГАЛАН ХУЙ БАС УЛБАР ТЭНГЭР
Төдийлөн элбэг тохиолддоггүй галан хуй Калифорнийн түймрийн гамшигийн үеэр багадаа найман удаа босч, 10 мянга гаруй га газрын шатаасан байна. Агаарын даралт болон салхины онцгой нөлөөллөөр түймрийн голомтод галан хуй босдог. Газар дээрх гал хуй болсноор хэдэн километр хүртэл өндөрт хүрдэг. Азаар энэ тохиолдол төдийлөн удаан үргэлжилдэггүй.
Үүний зэрэгцээ энэ есдүгээр сарын эхээр түймрийн гашуун утаа Сан-Франциско хот орчмыг бүрхсэнээр тэнгэр улбар өнгөтэй болсон. Хүчтэй салхи мужийн хойд хэсгээс түймрийн утаа, үнсийг бусад хэсэг рүү хийсгэсээр байгаа байна.
ТҮЙМРИЙН УТАА ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ
Калифорнийн баруун эргийн оршин суугчид сүүлийн нэг сарын турш өдөр бүр түймэрт санаа чилээж, агаарын чанарын мэдээллийг цаг тутамд харах болсон тухай зохиолч Кристина Мюллер ярьжээ. Хиншүү үнэртсэн саарал манатсан түймрийн утаа агаарын чанарт нөлөөлж, индексүүд муугаас хортой гэх хэмжээнд байх болов. Түймрийн утааны гол аюул нь агаар дахь маш жижиг тоосонцорууд аж. Эдгээр нь нүд хорсгох, нус гоожих зовиураас эхлээд зүрх, уушгийг өвчлүүлэх эрсдэлтэй юм. Иймээс түймрийн бүсэд оршин суугчид агаарын чанарт тэгтлээ санаа зовож байгаа аж.
Холбоотой мэдээ