"Gertee брэндээ илүү өгөөжтэй болгохыг хүсч байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

"Gertee брэндээ илүү өгөөжтэй болгохыг хүсч байна"

"Gertee брэндээ илүү өгөөжтэй болгохыг хүсч байна"

Амттай хоол, эерэг мэдрэмжийг нийтэд түгээдэг “Gertee” брэндийн үүсгэн байгуулагч, залуу үеийн төлөөлөл, манлайлагч, бизнес эрхлэгч гэрэл зурагчин, дизайнер Б.Энхгэрэлтэй түүний үүсгэн байгуулсан цахим хуудасны талаар болон өөрийн хүсэл, сонирхол, ирээдүйн зорилгыг нь хуваалцан ярилцлаа.


-Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Бямбадоржийн Энхгэрэл гэдэг 25 настай. Нөхөр, хүүхэдтэйгээ амьдардаг. Амттай хоол идэж, шинэ зүйлсээр өөрийгөө хөгжүүлэх, сорих дуртай жирийн нэг залуу бүсгүйчүүдийн төлөөлөл. Багаасаа зураг зурах дуртай, урлагт дуртай хүүхэд байсан. 14 настайд ээж маань бурхан болж, аав минь хот, хөдөө ээлжилж ажилладаг байсан болохоор тухайн үед манай дунд ахын найз бүсгүй надтай цуг ирж амьдрах болсон. Будаагаа будаа агшаагчиндаа ч хийж агшааж чадахгүй өөрийгөө авч явах чадваргүй байсан надад хань болсонд одоо их баярлаж явдаг. Тэр хүн одоогийн миний ажлын хамтрагч “Гэртээ”-гийн үүсгэн байгуулагч Э.Цэцэгсүрэн эгч маань байгаа юм. Эгч минь надад тэр үеэс л байнга бялуу, амттай хоол хийж өгдөг байсан. Бид жил орчим хугацаанд хамт байхад надад сурагч солилцоогоор Япон явж суралцах боломж олдсон. Тухайн үед биеэ л дааж сурах чухал юм байна гэж бодоод аавтайгаа ярилцаад, Японы Нагояд байрлах Ообү ахлах сургуульд очиж суралцсан. Шинэ Монгол ахлах сургуульд сурдаг байсан болохоор япон хэлний анхан шатны мэдлэгтэй байсан нь их дэм болсон. Буцаж ирээд сургуулиа төгсөөд, Америкийн Сиатл хотын Хойд Сиатл коллежид дүрслэх урлаг чиглэлээр суралцаад ирсэн. Гэрэл зургийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Ингэж л мэргэжил болон ажилтайгаа холбогдох гүүр бий болсон гэж хэлж болно.

-Амттай хоолны жоруудтай “Гэртээ” цахим хуудсыг үүсгэх санаа хэдийд төрсөн бэ?

-2015 онд сургуулиа төгсч ирчхээд өөртөө ахадсан гэмээр зорилтууд тавьсан. Найзтайгаа нийлж гэрэл зургийн студи нээсэн ч бизнесийн ямар ч мэдлэггүй минь нөлөөлж дампуурсан. Хэд хэдэн сонин, сэтгүүлд ажиллаж үзсэн ч төдийлөн амжилт олоогүй. Бүгд л надад туршлага болж үлдсэн. Харин цахим хуудас нээх санаа маань студиэ хаахаас өмнө орж ирсэн. Учир нь тэр үед би DIY (Do it yourself) бичлэгүүд, хоолны бичлэгүүд их үзэж, Монголд ийм төрлийн бичлэгүүд их бага байгааг анзаарсан. Мөн хүмүүс гэртээ халуун ам бүлээрээ олон улсын хоол хийж идээд, ширээ тойрч суух нь тухайн үед маш бага байсан. Тиймээс эгчийн хийж өгдөг амттай хоолнууд өнөөдрийн бизнест хөтөлсөн гэж хэлж болно. Би Японд очиж суралцахдаа япон айлд амьдардаг байлаа. Тэр үед гэртээ ийм олон төрлийн амттай хоол хийж идэж болдог юм байна гэж бодсон. Япон ээж маань өдрийн хоолонд их амттай хоол хийж, өгч явуулдаг байсан. Үүрээр босоод л нөхөр, гэр бүлийнхээ гишүүдийн хоолыг бэлдэж эхэлдэг. Зарим хүн энэ амьдралыг мэдэрч, зарим нь кинон дээрээс харсан байх. Эдгээр амьдралд минь болсон өрнөл ихтэй үйл явдал надад одоогийн хийж буй ажлын үндэс болж, ажилдаа дурлахад хүргэсэн. Бялуу, торт, солонгос, япон, ази, европ хоол гээд гэртээ хийж болох жорууд их байхад нөгөө л хэдэн гарын хоолуудаа хийж иддэг байсан үеийг нэг үгээр бол халахыг хүссэн. Жорын мэдээлэл текст, видео хэлбэрээр их байсан. Тэгээд эгчдээ хэлээд, та олон орны хоолыг амттай хийдэг юм чинь хоёулаа хамтарч бичлэг хийе гэж ярилцаад эхэлсэн. Эгчийнхээ хобби, өөрийн сонирхол дээр дөрөөлөөд л цахим хаягаа 2016 оны нэгдүгээр сард нээсэн. Бие биенээ дэмжиж ажиллаагүй байсан бол одоо хуудас маань нээгдээгүй л байх байсан болов уу.

Яагаад заавал “Гэртээ” гэж нэрлэх болов. Мөн жоруудаа хэрхэн олон нийтэд хүртээмжтэй хүргэх шийдлийг олсон бэ?

-Брэндийн төдийгүй бүтээгдэхүүний нэр бүхэн өөр, өөрийн гэсэн утга, санааг илэрхийлдэг. Анх “Гэртээ хоол хийж идэцгээе” гэж нэрлэхээр шийдсэн. Гэхдээ хэтэрхий урт нэртэй болоод байсан учраас хасаад хэний ч чихэнд ойр сонсогдоно гэж бодоод “Гэртээ” болгосон. Хүмүүст хүрэхэд ойлгомжтой нэршилтэй байх хэрэгтэй шүү дээ. Харин цахим хуудаст нийтэлж байгаа жоруудаа аль болох нийтэд хүртээмжтэй түгээх үүднээс англи болон монгол хэл дээр контент боловсруулах шийдвэр гаргасан. Нэгэнт сурсан англи хэлээ ашиглах нь зүйтэй санагдсан. Бичлэгүүддээ байнга англи нэршлийг нь бичиж хүргэдэг. Хүмүүст ч гэсэн мэдэхгүй англи үгсээ мэдээд авахад их хэрэгтэй.  

-“Gertee” аппликейшнд байршиж буй бүтээгдэхүүний зураг, мэдээллийг хэрхэн баяжуулж, хөгжүүлдэг вэ?

-Гэртээ хуудсаа нээгээд, 2016 оны дөрөвдүгээр сараас аппликэйшн хийх санаа маань орж ирсэн. Орох зураг, бичлэгүүд маань бэлэн байсан. Таньдаг программист найзууддаа хэлээд хийлгэж эхэлсэн. Тухайн үед хөгжүүлэлтийн багийнхан маань бараг бүгд оюутан байсан. Хийж бүтээе, болгоно бүтээнэ гэж нэгдэж, зориглоод дизайнаа гаргаад наймдугаар сарын дараа аппликэйшн маань гарсан даа. Тэрнээс хойш хагас жилийн дараа дахиж шинэ санаагаар баяжуулж алдсан алдаануудаа сайжруулж шинэ өнгө төрхтэйгөөр янзалж “Gertee” аппликейшн маань гарсан. Тэрнээс хойш 200 мянга гаруй хүн татаж маш олон хүн өдөр тутамдаа хэрэглэсээр байна.

-Контентоо бүтээхэд эвлүүлэг болон санхүү эдийн засгийн хувьд хүндрэл тулгардаг уу?

-Гэртээ хоол хийж идээд, бөөнөөрөө хамт суухаар цаанаасаа л их гоё энерги гардаг. Бичлэгнүүддээ тэр өнгө аясаа тусгахыг хичээдэг. Өнгө нь дулаахан, цаанаасаа л сэтгэл хөдөлгөсөн хурдан темптэй аятай байх ч юм уу. Бичлэг хийх явц их гоё, аз жаргалтай  байдаг. Харин бичлэг орсны дараах шатуудад хааяа жаахан стресстэх үе тохиолддог. Учир нь цахим орчинд хүмүүс бие биенээ харахгүй харилцаж байгаа болохоор хүссэн үгсээ хэлж, дайрах хэрэгсэл болгодог юм шиг санагддаг. Гэвч ард нь энгийн л хүн сууж байдаг. Дээрээс нь бидний хийсэн контентуудыг өөр хуудсууд зөвшөөрөлгүй аваад өөрсдийн хуудсаа хөгжүүлээд явчихдаг нь зохисгүй санагддаг. Эвлүүлэг хийхийн хувьд би яг энэ мэргэжлээр төгсөөгүй ч хувиараа өөрийгөө хөгжүүлсэн. Сайн зураглаач, эвлүүлэгч биш хэдий ч суралцсаар л байгаа. Техник, технологи байнга л хөгжихөөс хойш боломж олдвол аль болох шинэ чадварууд сурч, бэрхшээлүүдийг давж гарах байх. Санхүүгийн хувьд гэрэл зургийн мэргэжлийн камераараа бичлэгээ хийж эхэлсэн болохоор эхлэлийн санхүү нэг их шаардагдаагүй.

-Одоо цахим хуудастаа ихэвчлэн ямар төрлийн жор хийж, олон нийтэд хүргэж байна вэ?

-Аль болох массыг хамарсан, гэр бүлээрээ амтархан зооглох боломжтой нийтэд хүрэх жор л хийж байна. Миний хувьд эгчтэйгээ ярьж байгаад л жороо зохиодог. Одоогийн байдлаар 530-аад жор орчихсон байгаа болохоор давхардуулахгүйг хичээдэг. Мөн дээрээс нь өөрсдийнхөө чадах, үнэхээр хийж болдог жоруудаа хүргэхийг зорьж байна. Хэрэв надад нэг жорын санаа төрвөл эгчдээ эхэлж хэлдэг. Эгч жороо сайн боловсруулаад, улирал, олдоц, гэртээ хийж чадахаар болгоод бэлдээд ирдэг. Ажлаа хуваагаад авчихдаг болохоор их амар байдаг. Түүнээс биш ганцаараа энэ цахим хаягуудыг хөгжүүлнэ гэвэл боломжгүй.

-“Gertee” цахим хуудас олон нийтэд хэрэгтэй, амттай жорууд түгээн ажилласаар байна. Та бүхэн цаашдын зорилгоо хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Амттай хоол хийж идэх, бусдад хийж өгөх нь сэтгэлийн илрэл гэж боддог. Өвдсөн үед эм болдог. Хоолыг зохистой хэрэглэвэл эрүүл амьдрах үндэс болдог. Тэгэхээр энэ гэгээлэг контентуудаа удаан хугацаанд хүргэх тал дээр анхаарч ажиллана. Эхнэрүүд “Манай хүний гарын хоол” гээд л найзууд, гэр бүлээ дайлаад сууж байгаа нь их сайхан харагддаг. Тиймээс хүн болгоныг өөрийн гэсэн гарын нэг жортой байгаасай гэж хүсдэг. Мөн аппликэйшн дээрээ олон жор шинээр оруулж, “Гэртээ”-гийнхээ гишүүдтэй илүү ойрхон баймаар байна. Манай “Гэртээ” групп гишүүд төвтэй гэдгээрээ онцлог. Цахим хэрэглээ ихсэх тусам зураг, бичлэгийн контент хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед бид инстаграмм хаяг, “Youtube” сувгаа хөгжүүлэхийн тулд зөвхөн тэдгээр платформуудыг ашиглаж буй хүмүүстээ зориулж шинэ контентууд хийж эхэлж байна. Мөн гэртээ шоппинг гээд өргөжөөд явж байгаа. Гэгээлэг бүхнийг гэртээгээс.

-Ярилцсанд баярлалаа.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж