"Хоёр настнуудыг нэмж авах цэцэрлэг алга"

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

"Хоёр настнуудыг нэмж авах цэцэрлэг алга"

"Хоёр настнуудыг нэмж авах цэцэрлэг алга"

Засгийн газраас хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан учраас цэцэрлэгүүд хоёр настнуудаа хэзээнээс бүртгэж, хүлээж авах талаар сурвалжиллаа. Бид цэцэрлэгүүдийн бүртгэл эхэлсэн эсэх, эцэг эхчүүд ямар мэдээлэлтэй байгааг сонирхож, Баянзүрх дүүргийн 204-р цэцэрлэгийг зорьсон юм. 


Баянзүрх дүүргийн улсын 204-р цэцэрлэгийн гадна хоёр настай хүүхдүүдээ яаж өгөх вэ, бүртгэл хэзээнээс эхлэх вэ гэсэн асуулттай аав, ээжүүд эргэлдэнэ. Тэд “Хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд ажилдаа явж болох юм байна. Хоёр настнуудыг хэзээнээс бүртгэж эхлэх вэ” хэмээн цэцэрлэгийн багш нараас асууна. Цэцэрлэгийн багш нар “Одоогоор энэ талаар мэдээлэлгүй байна. Мэдээлэл ирвэл бид зарлана” гэхээс өөр хариулт өгөлгүй цэцэрлэгийн үүднээсээ буцаах ажээ. Бид эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, санаа бодлыг нь сонслоо.

Баянзүрх дүүргийн иргэн О.ПҮРЭВЦЭЦЭГ:

-Засгийн газраас гаргасан шийдвэрийг хараад эхэндээ баярлаж байсан ч их гайхсан. 3, 4 настай хуучин хүүхдүүд дээрээ бараг шинэ хүүхэд нэмж аваагүй байж хаанаа яаж шингээх гэж байгаа юм бол доо гэж бодсон. Хэрвээ тэгээд цаанаас нь шийдвэр гараад хүүхдүүд багтахаар бол хүүхдээ цэцэрлэгт хамруулчихмаар л байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэхийг харж л байя даа.

Баянзүрх дүүргийн иргэн 12-р хорооны иргэн М.БАТЦЭНГЭЛ:

-2 настай хүүхдүүдийг авахгүй гэсэн шийдвэр гарахад дургүйцэх шалтгаан байгаагүй. Харин сая гэнэт хамруулахаар болсон тухай шийдвэрийг сонсоод их гайхлаа. Цэцэрлэгүүдийн хувьд анги дүүрсэн учраас нэмж хүүхэд авах асуудал хүндрэлтэй гэж хэлж байна. Тэгэхээр энэ шийдвэр яаж хэрэгжихийг хүлээж л сууна.


"ТАВАН НАСТНУУДЫГ АВСАН УЧРААС БАГТААМЖ МАШ МУУ БАЙНА"

Хэзээ бүртгэл эхлэх бол, хэзээ шинжилгээг нь өгөөд хүүхдээ цэцэрлэгт нь өгөх вэ гэсэн асуултаар эцэг, эхчүүд сүүлийн хоёр өдөр цэцэрлэгийн багш, эрхлэгч нарыг "ээрч" байгаа аж. Тодорхой шийдвэргүй, тэгээд ч хоёр настнуудыг хүлээн авах цэцэрлэгийн хүртээмж байхгүй гэсээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 204-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Оюунчимэг биднийг угтсан юм.

Тэрбээр “Улсын онцгой комиссоос хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нь зүйтэй гэсэн шийдвэр Даваа гарагт гарсан. Боловсролын яамнаас одоохондоо тодорхой хариу, шийд гаргаж мэдэгдэл ирүүлээгүй байна. Улсын цэцэрлэгүүдийн хувьд ихэнх цэцэрлэг орон тоо дүүрсэн байна. Гэхдээ энэ нь бүх цэцэрлэг гэсэн үг биш. Надад байгаа мэдээллээр алслагдсан дүүргийн зарим цэцэрлэгүүд хүүхэд нэмж авах боломжтой гэсэн мэдээлэл ирсэн. Тухайлбал, Ургах наран хороололд ажиллаж байгаа улсын цэцэрлэгийн хувьд хоёр настай хүүхэд авах хоёр бүлгийн орон тоо байгаа гэсэн. Цэцэрлэгийн эрхлэгч нар холбоотой байж, хоорондоо мэдээллээ солилцож байгаа. Гэхдээ манай цэцэрлэгийн хувьд хүүхдүүдээ бүртгэж хүлээж аваад, орон тоо дүүрсэн учир хоёр настай хүүхдүүдийг хүлээж авах боломжгүй байна” гэсэн тайлбар өгөв.

Бид 204-р цэцэрлэгээс гараад, өөр нэг цэцэрлэгийг зорьсон ч "Хоёр настай хүүхдүүдийг авах талаар тодорхой мэдээлэлгүй байна" хэмээн нэрээ нууцлахыг хүссэн цэцэрлэгийн эрхлэгч хэлсэн юм. Тэрбээр, Баянзүрх дүүргийн улсын цэцэрлэгийн эрхлэгч бөгөөд “Сая есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхэд бүх таван настай хүүхдүүдийг хамруул гэсний дагуу байгаа хүчин чадалдаа тааруулаад авчихсан. Бүр шинээр анги нэмээд авчихсан. Мөн хоёр настай хүүхдүүдийн орох анги, багш нарыг нь томилчихсон болохоор одоо яах ёстойгоо сайн мэдэхгүй байна. Үнэхээр хөрсөндөө буухгүй, судалгаагүй шийдвэрүүд гаргалаа” гэв.

 ЦЭЦЭРЛЭГТ ШИНЭЭР ЭЛСЭХ 77,235  ХОЁР НАСТАН БАЙНА

Дэлхий нийтээр тархаад буй коронавирус цар тахлын улмаас цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар эхлүүлэхээр болсон билээ. Засгийн газар, Улсын онцгой комиссоос хоёр настай хүүхэд коронавирусийн халдвар авах эрсдэл маш өндөр учир цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргаад байсан. Харин энэ сарын 14-ний өдөр буюу өнгөрсөн Даваа гаригт 80 гаруй мянган эцэг, эх хоёр настай хүүхдээ хараад ажлаасаа чөлөө авах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн билээ.

2020-2021 оны хичээлийн жилд 309,670 хүүхэд цэцэрлэгт хамрагдсан байна. Үүнээс 77,235 нь цэцэрлэгт шинээр элсэх хоёр настай хүүхдүүд. Нэгэнт Засгийн газраас шийдвэр гарчихсан, харин одоо энэ шийдвэрийг хэрхэн хөрсөн дээр буулгах вэ гэдэг цэцэрлэгийн эрхлэгч нарын толгойны өвчин болжээ. Учир нь таван настай хүүхдүүдийг бүгдийг нь цэцэрлэгт хамруулах шийдвэрийн дагуу бүх анги, танхимдаа дүүргэлт хийж, шинэ анги нэмж авсан учраас нийслэлийн ихэнх цэцэрлэгт хоёр настнуудыг авах багтаамж байхгүй болжээ.

Тиймээс бүх улсын цэцэрлэг өөрсдийн анги танхимын хүрэлцээ, багтаамждаа тааруулаад хичнээн хоёр настан авах шийдвэрээ гаргаж, бүртгэл, харьяалал зэрэг өөрсдийн дотоод журмаар зохицуулах юм байна. Өөрөөр хэлбэл, харьяа яамнаас нь цэцэрлэгийн эрхлэгч нарт тодорхой чиглэл өгөхгүй байгаа учраас зөвхөн өөрсдийн нөөц, багтаамжид тулгуурлан төдий тооны хүүхэд цэцэрлэгтээ авах юм байна. Тиймээс цэцэрлэгт багтаагүй хоёр настнуудыг Хүүхэд харах үйлчилгээнд хамруулахаас өөр гарц үлдээгүй гэдгийг олон эцэг эхчүүд, цэцэрлэгийн эрхлэгч нар хэлж байлаа.

“ХАНИАД ХҮРСЭН, ХАЛУУРСАН ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖГҮЙ"

Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбоотойгоор эцэг, эхчүүд, цэцэрлэгийн эрхлэгч нарын зүгээс одоогоор тодорхой шийдвэргүй байгаа учраас бид Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас зарим зүйлийг тодрууллаа.

Засгийн газраас хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулах гэж байна вэ?

-Төрийн өмчийн цэцэрлэгүүд болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд хоёр настай хүүхэд авахтай холбоотойгоор тухайн цэцэрлэг бэлтгэлээ хангах, анги танхимаа бэлдэх, элсэлт бүртгэлээ зохион байгуулахтай холбоотой чиглэлүүдийг сайдын тушаалд тусгаж оруулсан. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар цэцэрлэгийн хүүхдийг бүртгэх элсүүлэх асуудал нь тухайн цэцэрлэгийн эрхлэгчийн зохион байгуулах үндсэн чиг үүргийн ажил байдаг. Үүнийг боловсролын газар удирдлага зохион байгуулалттайгаар ямар хугацаанд, хэрхэн бүртгэлээ хийх үү, хэрхэн зохион байгуулах арга зүйн чиглэл өгч ажилладаг.

-Таван настай хүүхдүүдийг бүрэн хамруулсан учраас хоёр настай хүүхдийг бүрэн хамруулахад боломж хомс байна гэж цэцэрлэг болон эцэг эхчүүд хэлж байна. Цэцэрлэгийн хүртээмж, хүрэлцээ хэр байна вэ?

-Энэ хичээлийн жилд хамгийн гол нь таван настай хүүхдүүдийнхээ ирэх жил сургуульд элсэх бэлтгэлийг хангах зорилгоор цэцэрлэгт бүрэн хамруулах бодлого хэрэгжүүлсэн. Өнөөдөр улсын хэмжээнд 79 мянга гаруй таван настай хүүхдүүдийн малчдын хүүхэд болон баримт бичгийн зөрчилтэйгөөс бусад хүүхдүүдийн үндсэндээ цэцэрлэгт хүлээж авсан. Нийтдээ 13 мянга гаруй таван настай хүүхэд цэцэрлэгт хамрагдсан байгаа. Цэцэрлэгт орж чадаагүй 5 настай хүүхдүүдийг дахиж хамруулах ажил зохион байгуулагдаж байгаа. Энэ хүрээнд хоёр настай хүүхдүүдийг аль болох анги танхимын бололцоо, хүртээмж нөхцөл байдлаа эргэж хараад, зохион байгуулаад хүлээж авах чиглэлийг өгч байгаа. Зарим цэцэрлэгүүд бол маш цөөн хүүхэд хүлээж авна. Хамгийн дээд тал нь 3-4 бүлэг шинээр авах гэх мэт цэцэрлэгт бүр өөр өөр байгаа. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгүүд хэдэн хүүхэд хүлээж авах вэ гэсэн нарийвчилсан үр дүнгээ гаргаж байгаа. Цөөн бүлэгтэй цэцэрлэг дээр шинээр бүлэг үүсгэхгүй ч гэсэн цөөн хүүхэд авах боломжийг судалж байгаа. Хэдийгээр өнгөрсөн хичээлийн жилийн хэмжээнд хүрэхгүй ч гэсэн боловсролын байгууллага хоёр настай хүүхдүүдээ авах зохион байгуулалтуудаа хийнэ. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад эцэг эхчүүд маань бас маш их хариуцлагатай байх хэрэгтэй. Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээлэлд 0-4 насны хүүхдийн ханиад томууны дэгдэлт 70 хувьтай байна гэсэн мэдээлэл гарч байгаа. Ханиад хүрсэн, халуурсан хүүхдийг цэцэрлэгт хүлээж авах боломжгүй байгаа.

-Хүүхэд харах үйлчилгээнд 2-3 насны хүүхдийг түлхүү хамруулна гэхээр хүрэлцээ хангамж хэр байна вэ?

-Хүүхэд харах үйлчилгээнд 2-3 хүртэлх насны хүүхдийг хүлээж авна, нэг хүүхэд харагч 5 хүүхэд харах ёстой, нэг хүүхдэд 2,5 метр квадрат талбай оногдох, 1 хүүхэд харах төв 15 хүүхэдтэй байх гээд орчин нөхцөлөө зөв сайн бүрдүүлсэн төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Мөн энэ үйлчилгээнд бид хүүхдийн тоог илүүд үзэхгүй байгаа. Хүүхдийн амь нас, эрүүл мэнд бол нэгдүгээрт яригдах зүйл. Тийм учраас орчин нөхцөл бүрдсэн газар л хүүхэд харах чиглэл өгөх болно.

-Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд эцэг эхчүүд юуг анхаарах вэ?

-Цэцэрлэгүүд бүртгэлээ хэрхэн яаж явуулах талаар нээлттэй мэдээлээд явах болно. Өмнөх жилүүдэд мөн бүх хоёр настай хүүхдүүдээ авч чаддаггүй байсан. Мөн бүртгэгдээд цэцэрлэгтээ орсон тохиолдолд цэцэрлэгээс өгч байгаа заавар зөвлөмж дээр анхаарах хэрэгтэй. Уг нь бол хүүхдийнхээ эрүүл мэнд дээр сайн анхаарч хүүхдээ гэртээ харах нь хамгийн зөв. Эцэг эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл нь харах хөдөлмөрийн хуультай байдаг.  Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхтэй холбоотойгоор Боловсрол Шинжлэх Ухааны сайдын тушаал гарч орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдэд хүргэгдэж байна. Энэ хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэдий ч хэвийн горимд шилжих чиглэлээр тушаалд нарийвчлан тусгасан байгаа. Тухайлбал нэг бүлэгт байх хүүхдийн тоо, ээлж, хүүхэд хоорондын зай гэх мэт зүйлүүдийг хэвийн горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор Аймаг Нийслэлийн боловсролын газар, цэцэрлэгийн удирдлагуудад тушаал болон чиглэл, зөвлөмжүүдийг хүргүүлээд ажиллаж байна.

Б.СУМЪЯАБАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж