Улсын Онцгой Комисс /УОК/-ын нэр дээр бүртгэлтэй Төрийн сангийн 100900031405 тоот дансанд 2020 оны есдүгээр сарын 11-н хүртэлх хугацаанд нийт 7.680.503.243.63 төгрөгтэй тэнцэх хандив цугларснаас 5.985.307.002.47-г нь зарцуулж, 1.695.196.241.16 төгрөгтэй тэнцэх бараа материал үлджээ.
Тодруулбал, 291 байгууллага, аж ахуй нэгж, 257 иргэн 7.680.503.243.63/7 төгрөгтэй тэнцэх хандив өргөснөөс 3.519,055.279.63 бэлэн мөнгө хэлбэрээр, 4.161.447.964 бараа материалын дэмжлэг байсан аж. Одоогоор цугларсан хандиваас бэлэн мөнгө нь зарцуулагдаж дууссан бол 1.695.196.241.16 бараа материал үлдсэн юм байна. Ингэхдээ гурван аж ахуй нэгж 800 хонь хандивласнаас 300 нь үлдэж, 500 хонийг "ашигласан" байна.
Иргэн, аж ахуй нэгжээс ирүүлсэн 3.5 тэрбум төгрөгийн хандивыг дараах зүйлсэд зарцуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газрын "Шилэн данс"-нд мэдээлжээ.
- “Хурд” хамтлагийн “Буцааж нэхэхгүй хайр” шууд тоглолтыг зохион байгуулахад 20 сая 400 мянган төгрөг,
- Коронавирусийн голомт болон эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн зарим албан хаагчдын урамшуулал, БНХАУ-ын Засгийн газраас өгч буй хоёр дахь удаагийн хандивыг хүлээн авахад зориулж, 637 сая 400 мянган төгрөг,
- “Бөртэ” ХХК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын оёдлын үйлдвэрээр 55 мянган ширхэг амны хаалт захиалгаар оёулахад 85 сая төгрөг,
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны тасагт 2 ш аппарат худалдан авахаад Эрүүл мэндийн яаманд 240 сая төгрөг шилжүүлсэн,
- Төрийн байгууллага болон УОК-ын шуурхай штабт үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад эмнэлгийн хэрэгсэл, техник хэрэгсэл худалдан авахад 689 сая 482 мянган төгрөг зарцуулсан,
- УОК-ын Шуурхай штабт болон тусгаарлах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, дархлааг дэмжих чацарганы тос худалдан авах,
- БНХАУ-ын Засгийн газар болон тус улсын иргэн Жак Ма-гаас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, тээвэрлэх,
- “Монхимо” ХХК-ийн гар ариутгагч, денатуратын үйлдвэрлэлд шаардагдах нэмэлт нэмэлт бодис, савлагаа шошгоны зардал,
- Улсын нэгдүгээр төв эмнэлэгт уушиг орлуулагч ECMO аппарат худалдан авахаар төлөвлөж нийт 503 сая 093 мянган төгрөг,
- Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тээвэрлэсэн жолооч, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж буй байрны ажиллагааны байрны төлбөрт 114 сая, 825 мянган төгрөг,
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт коронавирусийн халдвараас урьдчилан үйл ажиллагаанд зориулж 30 сая төгрөг зарцуулсан,
- Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах хүрээнд 2 ш бөөр орлуулах эмчилгээний геомодолизын аппарат худалдан авахаар 120 сая төгрөг шилжүүлсэн,
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд 100 сая төгрөг шилжүүлсэн,
- Цагдаагийн ерөнхий газар, хилийн боомтоор ачаа тээвэрлэсэн тээврийн зардал 48 сая 421 мянга, 800 төгрөг, Коронавирусийн цар тахлын тусгаарлалтын үйл ажиллагаатай холбоотой нэмэлт зардлын санхүүжилтэд 243 сая 594 мянга, 100 төгрөг зарцуулсан,
- Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдээс санхүүгийн хүндрэлийн улмаас тодорхой шалгуурыг хангасан зорилтот бүлгийн иргэдэд зарцуулахад зориулж 300 сая төгрөг,
- Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын байр, хоолны зардал /эмч, МИАТ, Мэргэжлийн хяналт, цагдаа/ -д 396 сая 228 мянга 374 төгрөг тус, тус зарцуулсан байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ