Эдийн засгийн эргэлтэд оруулах ЭХ ТҮҮХИЙН ЖИМЭЭР-2

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн эргэлтэд оруулах ЭХ ТҮҮХИЙН ЖИМЭЭР-2

Эдийн засгийн эргэлтэд оруулах ЭХ ТҮҮХИЙН ЖИМЭЭР-2

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвөөс зүүн хойш 60 км яваад Балгасын талд "Гол мод II” нэртэй Хүннүгийн язгууртнуудын булш бий. Тэнд нийтдээ 452 булшийг илрүүлж бүртгэжээ. Булшнууд баруунаас зүүн тийш цуварсан байдалтай, уг оршуулгын газар уртаашаа 2.2 км, өргөөшөө 1.3 км талбайг эзэлдэг талаар, 20 жилийн хугацаанд 4 булшны малтлага хийсэн, Гол модны бунханг музей болгох хүсэлтэй байгаагаа энэхүү булш, оршуулгын цогцолбор, дурсгалыг анх нээн илрүүлсэн археологич доктор, профессор Д.Эрдэнэбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцууллаа.

2002-2005 онд дурсгалт газрын дэвсгэр зургийг гаргаж, язгууртны нэгдүгээр булшны 29 дагуул булшийг малтан судалсан байна. 2006-2009 онд язгууртны нэгдүгээр булшны үүдэвч болон чулуун өрлөгийн өнгөн хөрсийг хуулж цэвэрлэжээ. Үндсэн нэгдүгээр булшийг судлаж байгаа, мэдээж, малтан судалгаанд чамгүй хугацаа, санхүүжилт хэрэгтэй аж.

Оршуулгын газрын хойд талаар Элст хэмээх уулын жижиг гол урсах нь үзэсгэлэнтэй харагдах. Гол модны шүтээн гэхээр ойн дунд ганц том мод байдаг байх нь гэсэн ойлголт уг оршуулгын цогцолбор дурсгалын газрыг үзээгүй хэн бүхний толгойд буух нь дамжиггүй. Харин Д.Эрдэнэбааатар доктор Гол модны шүтээн нь  Эрхэм газар гэсэн утгатай болохыг тайлбарласан юм. Булшнуудыг малтахад нэлээд тоногдож, сүйтгэгдсэн байсан  гэнэ.

Хүннүгийн оршуулгын булш, цогцолбороос 29 дагуул булшийг малтаж судалсан байна. Тэдгээрээс том хүний 28, мөн ой долоон сартай хүүхдийн булш хүртэл одсон аж.  Булш бунханд тухайн үеийн эд зүйлс, сүйх тэрэгний алт мөнгөн чимэглэлүүдийг жиргэн хийсэн нь хүннүчүүд балар харанхуй, малынхаа арьсыг нөмөрсөн зэрлэг бүдүүлэг ард түмэн байгаагүй болохын том баримт нотолгоо болсон байна. Хүннүчүүд тухайн үед хос морьтой, задгай сүйх тэрэг хөллөдөг байсныг булшнаас олдсон олдворыг нь судлан шинжлээд гаргасан зургийг үзүүлж сонирхуулав.

Булшнуудаас адууны тоног хэрэглэл, 10 гаруй сүйх тэрэгний үлдэгдэл, хаш эдлэл, чий будагтай сав суулга, хүрэл тогоо,  нохой биетэй, эвэртэй хос алтан луу гарч ирсэн нь 2019 онд АНУ-ын шинжлэх ухааны сэтгүүлээс тодруулдаг шилдэг археологийн олдвороор шалгарсан болохыг доктор Д.Эрдэнэбаатар хэлээд Хүннүгийн 2000 булш байгаагаас хамгийн том бөөгнөрөл нь  Орхон, Тамирын хөндийд байдаг гэв.

Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн он цагийг, өмнөх судалгааны үр дүнгээс 1000-1500 жилээр урагшлуулсан үнэт олдвор аж. “Гол мод II”-ын  нэгдүгээр булшнаас гарсан шилэн аяга нь хоёр өөр шилийг уусган хольж урласан, Ромын хаад, язгууртны ордны тансаг хэрэглээний нэг аж. Өөрөөр хэлбэл, булшнаас гарсан аяга МЭ-ий нэгдүгээр зууны хоёрдугаар хагаст хамаарах, эртний Грекээс Ромд уламжилсан соёлуудын нэг бөгөөд Ром, Хүннү хоёр худалдаа, эдийн засгийн хувьд холбоо харилцаатай байсны нотолгоо аж. Тиймээс “Гол мод II” хүннүгийн оршуулгын цогцолбороос гарсан аягаар МЭ-ийн 80-100 оны үеийнх гэсэн таамаглаж байгаа аж. Энэхүү аяга Германд гурван ширхэг, АНУ-д хоёр байдаг дэлхийн хосгүй үнэт бүтээл бөгөөд зургаа дахь нь Монголоос Архангай аймгаас “Гол мод II” булшнаас олджээ. Хүннүгийн үеийн олдвороос тухайн цаг үеийн түүх, дурсгал, эдийн засаг, соёлоос гадна Хүннүгийн хүнийг тусад нь судлах сонирхолтой байгаа аж.

Нийтдээ 168 олдворыг Түүхийн музей руу шилжүүлсэн байна. Манай музейнуудын талбай бага, тиймээс түүхийн олон үнэт олдвор, соёлын дурсгалууд зориулалтын бус контейнер, орц, хонгилд хадгалагдаж байдаг, тиймээс соёлын өвийг хадгалалт, хамгаалалтыг сайжруулах нь Соёлын яам анхаарах нэг асуудал болж байна.   

Архангай аймаг байх түүхэн дурсгалт газруудыг аялал жуучлалын бүс болгох бүрэн боломж байгааг эндээс харж болохоор. Хануй, Хүнүйн сав газарт байх бас нэгэн эртний дурсгал нь Буган чулуун хөшөө. Жаргалантын амны энэхүү цогцолбор дурсгалыг 1960 оноос судлаж эхэлжээ. Ерөөсөө энэхүү аманд хоёр өөр төрлийн, хоёр өөр цаг хугацаанд хамаарах хиргисүүр, хөшөөнүүд, тахилын байгууламж байгааг археологичид тогтоожээ. Буган чулуун хөшөө нь бичиг үсэггүй байсан хүрэл ба төмөр үеийн нүүдэлчдийн урлаг, утга соёл, шашин шүтлэг нийгмийн байгууллыг судлах хосгүй үнэт бүтээл аж. Дэлхий дээр хамгийн олон буга дүрсэлсэн хөшөө Монголд байдаг. Буган чулуун хөшөөний жин 4.5 тонн. Тухайн цаг үед хэрхэн яаж энэхүү хөшөөг босгосон бэ гэх асуулт түүхч, судлаачдыг сонирхлыг татсан хэвээр.

Урт чулууг дөрвөн тал гарган засч, гурав зааглан, оройн хэсэгт нар сар гаргаж, эх биеийг ороон буга сийлжээ. Нийтдээ 68 буга сийлсэн, хөшөөнүүдэд сийлсэн бугануудын хэмжээ, хийц огт зөрөөгүй нь археологичдын гайхширлыг төрүүлсээр байгаа бололтой.

Дэлхий дээр 1500 буган хөшөө байдгаас 90 хувь нь Монголд, үүний 80 хувь нь Хануй, Хүнүйн хөндийг байдаг аж. Судлах, шинжлэх зүйл их байгаа учраас үндэсний лабораториа сайжруулах шаардлагатай байгааг Ж.Баярсайхан доктор Ерөнхий сайдад дуулгасан юм. Үндэсний экспедициэ ч төр бодлогоор дэмжихийг эрдэмтэд, судлаачид хүссэн юм.

Архангай аймгаас илэрсэн, дэлхийг шуугиулсан олдвор бол Луут хот. Тус аймгийн Өлзийт сумын нутагт, нэгэн малчин айлын хаваржааны ойролцоогоос Хүннү гүрний нийслэл Лун-Чан хотын туурийг олсноо Монголын эрдэмтэд өнгөрсөн долдугаар сард албан ёсоор зарласан билээ. Энэ бол шинжлэх ухааны салбарын дуулиант нээлт бөгөөд 10 гаруй жил эрж хайсны үндсэн дээр Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан эрдэмтэд, судлаачдын баг олж илрүүлсэн байна.

Тусгай газрын зургийн программаар тэнд ямар нэгэн хотын туурь байгааг анх илрүүлжээ. Үүний үндсэн дээр малтлага судалгаа явуулснаар тэндээс “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичигтэй барилгын ваарны хэсгийг анх олжээ. Улмаар “Тэнгэрийн хүү Шаньюй тэнгэр мэт мянга түм наслаг” гэсэн ханз үсгээр бичсэн олдвор олсноор энэ бол Лун-Чан буюу Луут хотын туурь мөн болох нь батлагдсан байна. Хүннү гүрний нийслэлд Луут хотын усан сан байсан газрын үл мөр нүдээр харагдахуйц ил. Дөрвөлжин, шавар шалбааг бүхий тэрхүү газар нь эртний хүннүчүүдийн нийслэл Луут хотын усан сан байжээ.

Энэхүү хотын туурийг монголчууд өөрсдөө олсон хамгийн том амжилт болохыг Т.Идэрхангай доктор онцолсон юм. Орос, Японы эрдэмтдийн зүгээс хамтрах санал удаа дараа тавьсан боловч манай эрдэмтэн, судлаачид хүлээж аваагүй аж. Гол асуудал нь Луут хотын харуул хамгаалалтын асуудал болохыг ч Ерөнхий сайдад уламжлаад цаашид энэхүү туурийг судлаж, малтахад ахиад олон жилийн хөдөлмөр зарцуулагдана, энд тэндээс нь малтаж сэглэлгүйгээр маш нарийн чамбай судлах хэрэгтэй болохыг ч эрдэмтэд дуулгав. Өөрөөр хэлбэл, гаднах хэрэмнээс нь эхлээд маш нарийн төлөвлөгөөний дагуу дотогшоо малтлага судалгаагаа үргэлжлүүлэх аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хааны болон Байгалийн түүхийн музейг шинэчлэн барьж байгаа. Бид үүх, түүхээ үр хүүхдэдээ өвлүүлэх ёстой. Булш, бунхан хөнддөг, түүхийн эд, олдвор хулгайлдаг асуудалтай төр тэмцэнэ. Булш, бунхан эзэнгүй юм биш. Эзэн нь төр юм. Тиймээс төр цаашдаа археологийн олдворуудаа хадгалаж, хамгаалах болно” гээд үүх, түүх, өв соёлоо аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн, бүс нутагт болгоход анхаарна гэсэн юм. Ямартай ч Засгийн газрын зүгээс соёлын аялал жуучлалыг эдийн засгийн нэг  салбар болгон хөгжүүлэхэд анхаарч буйг Ерөнхий сайдын энэ удаагийн томилолтоос харагдаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж