Хэл зохиолын хүрээлэнгээс санаачилсан “Судалгааны шинэ үзэл баримтлалууд” туршлага солилцох уулзалт хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Сургууль болон Монгол Улсын Боловсролын Их Сургуультай хамтран өнөөдөр /2020.09.16/ зохион байгууллаа.
Энэхүү уулзалт хэлэлцүүлэг нь хэл, уран зохиолын салбарын шилдэг эрдэмтэн судлаачдын дунд мэдлэг мэдээлэл, туршлага солилцох, хийж буй судалгааны ажлаа танилцуулах, танилын хүрээгээ өргөжүүлэх мөн салбар хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм байна.
Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Болормаа “Энэ уулзалтад 3 байгууллагын залуу судлаачид шинэ сонин зүйл юу байгаа талаас ярилцлаа. Үүгээрээ залуу эрдэмтэн судлаачдаа эрдэмжүүлэх зорилготой. Цаашид утга зохиолын онол, хэл шинжлэлийн харилцан туршлага солилцох уулзалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Бидний судалгааны үр дүн бол өгүүлэл бичих, ном гаргах, нийгэмд сурталчлах юм” гэлээ.
ХСХ-ийн Алтай судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, ОХУ-ын Новосибирскийн их сургуулийн докторант С.Энхбадрах “Миний судалгаанд Алтай хэл гэдэг ойголт нь Монгол, Түрэг, Манж түнгүүш гэх хэлнүүдийг багтаасан. Эдгээр хэлнүүд нь нэг хэлнээс гаралтай гэсэн үзэл юм. Одоогийн байдлаар Монгол хэлний мал аж ахуйн холбогдолтой үгийг түрэг хэлний баримттай харьцуулж тэдгээрийн үр дүнгээр Алтай хэлний онол гэдэг ойлголтод тодорхой хэмжээний шинэ санаа дэвшүүлэхийг зорьж байна. Алтай хэл гэж байсан эсвэл үгүй гэдэг дээр эрдэмтэд 2 хэсэг болон маргадаг. Энэ маргаантай байгаа салбарт хичээж ажиллаж байна. Монголд шинжлэх ухааны академи суурьтай эрдэмтэд маш үр дүнтэй судалгааны ажлыг хийж байна. Олон нийтийн дунд ШУ-ны академи гэж юу хийдэг байгууллага вэ гэсэн яриа их гардаг. Гэтэл тэр хүмүүс өөрсдөө ямар эрдэмтэн судлаачид хаана судалгаа, нээлт хийгээд тэр нь улсын эдийн засаг ямар хувь нэмэр оруулж байгааг мэдэхгүй байна. Энэ нь нэг талаараа байгууллагын менежментийн бодлоготой холбоотой ч нөгөө талаараа эрдэмтэн хүмүүс чинь их даруухан байдаг. Өөрийгөө би зүйл хийлээ гээд зарлаад олны танил болоод явах хүсэлгүй байдаг. Мөрөөрөө ажлаа хийгээд судалгааны үр дүнгээ Олон улсад гаргачхаад явж байдаг. Манай хэлний салбарын тухайд сүүлийн үед гарсан томоохон үр дүнтэй зүйл нь Монгол хэлний эх тайлбар толь гээд хүн болгон гар утсаараа ашиглах боломжтой цахим тайлбар толь байна. Манай хэл зохиолын хүрээлэн бол дэлхийд Монгол судлалын төв гэж явдаг тийм учраас дэлхийн олон оронд Монголыг судалж байгаа эрдэмтэд байна. Тиймээс бидний бүтээл тэдний сонорт хүрч байгаа үүгээр дамжуулаад манай улсын түүх соёлтой холбоотой асуудлыг гадны улс орон мэдэж байна. Энэ бол эрдэмтдийн цэвэр судалгааны үр дүн гэж үзэж болно” гэсэн юм.
Сүүлийн үед залуучууд нийлж арга хэмжээ зохиох болсон. Энэ бол бие биенээсээ туршлага судалж, шинэ зүйл сурч авч байна. Ялангуяа энэ удаагийн хурал нь утга зохиолын шинэ мэдээллийг, хэл шинжлэлийн шинэ онол, аман зохиолыг судлах шинэ онолуудыг танилцуулсан үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо гэж ахмад эрдэмтэн судлаачид ам сайтай байлаа.
Б.СУМЪЯАБАЗАР
Холбоотой мэдээ