Нэг л мэдэхэд халаас тань задгай мөнгөөр дүүрчихсэн байдаг уу? Зарим үед хүүхдэдээ задгай мөнгөө тооцолгүй өгдөг үү? Хэрэв хариулт нь “тийм” бол бидний зөвлөгөөг анхааралтай уншаарай. Задгай мөнгөнүүдээ аав ээжтэйгээ хамт хадгалснаар таны хүүхэд зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшлах хэрэгтэй гэдгийг ойлгоно. Зүгээр мөнгөтэй болохыг хүлээх биш тэвчээр, дэг журамтай байхад суралцаж, зорилго мөрөөдлийнхөө төлөө зүтгэх дадлыг өөртөө суулгах болно.
1.МӨНГӨ ХАДГАЛЖ СУРАХ
Хүүхдэдээ мөнгөний гахай авч өгөөрэй. Энэ нь заавал үнэтэй, том хэмжээтэй байх албагүй. Хамтдаа сууж байгаад гараар урласан энгийн нэг сав ч байж болно. Зөвхөн та хоёрын дундын нууц байхаар сонирхолтой зүйл бодож олох хэрэгтэй. Ийнхүү мөнгө хадгалах зориулалтын сав урлаж, үйлдлээ хөгжилтэй болгох нь хүүхдэд тань зуршил болоход нь дөхөмтэй. Ингэснээр таны хүүхэд багаасаа мөнгөтэй харьцаж, хадгалж, ирээдүйн зөв дадалд суралцаж, санхүүгийн боловсролтой иргэн болж төлөвшихөд онцгой ач холбогдолтой юм.
2. ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЦАГИЙГ ХӨГЖИЛТЭЙ ӨНГӨРӨӨХ
Мөнгөө юунд зориулахаас шалтгаалж задгай мөнгөнүүдээ хуваагаад хадгалж болно. Та аль нэгийг нь хөгжилдөхөд зориулсан хадгаламж гэж нэрлээд сав дүүрмэгц хүүхдээ дуртай тоглоомын газарт нь тоглуулах, эсвэл дуртай номыг нь авахад хамт яваарай. Ингэснээр таны хүүхэд мөнгөө тогтвортой хураах болно. Зөв дадлыг хэвшүүлэхээс гадна дуртай зүйлдээ мөнгөө зарцуулсандаа таны хүүхэд сэтгэл хангалуун үлдэх болно.
3. ЗАДГАЙ МӨНГӨНИЙ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЭХ
Таны хүүхэд багаасаа задгай мөнгөө хадгалж, өөрийн дуртай зүйлдээ зориулснаар мөнгөний үнэ цэнийг мэдэж, түүнийг хайрлан хамгаалж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, төгрөгийн зохисгүй хэрэглээ буюу бага мөнгөн дэвсгэртийг үрчийлгэж базах, дээр нь зурах гэх мэт үйлдлийг хийхгүй байснаар тухайн мөнгөний насжилтыг уртасгаж, бэлэн мөнгө дахин хэвлэх зардлыг давхар хэмнэх болно. Ирээдүйн хариуцлагатай иргэнийг бэлтгэж байгаа та өөрөөрөө бахархах болно.
4. ТА ӨӨРӨӨ Ч БАС СУРАЛЦАНА
Хүүхэдтэйгээ хамт задгай мөнгийг хадгалж дадсанаар та ч бас өөрийн авахыг хүссэн зүйлс, цаашлаад машин, байр гээд томоохон худалдан авалтдаа зориулж тусад нь хадгаламж нээж, мөрөөдлөө биелүүлэх шинэ санаа төрөх ч юм бил үү? Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд бид өөрсдөө зарчимч байх нь чухал.
Ийнхүү та хүүхэдтэйгээ хамт задгай мөнгө цуглуулж хадгалснаар хүүхдэдээ багаас нь санхүүгийн боловсрол олгохоос гадна Монгол улсын мөнгөн тэмдэгтийг давхар хайрлан хамгаалж байна гэсэн үг юм. Энэ талаар Монголбанкаас үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн зөв, зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилго бүхий “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг 2020 оны 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл орон даяар хэрэгжүүлж байна.
Тус аяны хүрээнд ХААН Банкнаас иргэдэд зориулан гаргасан мөнгөн тэмдэгтийг зохистой хэрэглэж хэвших тухай зөвлөмжүүдийг гаргасантай ЭНД дарж танилцах боломжтой.
Холбоотой мэдээ