Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.
ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСЛЫН УЛМААС ХОЁР ХҮН АМЬ НАСАА АЛДАВ
- Орон нутагт зам тээврийн ноцтой ослын улмаас хоёр хүн амь насаа алдсан байна. Тодруулбал, Дорнод аймгийн нутаг Хөлөнбуйр сум, Өлзийт гэдэг газарт “Ковш” загварын автомашины жолооч 41 настай М нь авто замын ажил хийж байх үеэр “Приус 20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас автомашинд зорчиж явсан нэг хүн жолоочийн хамт төмөр хийцэд хавчуулагдаж амь насаа алджээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 58 настай эрэгтэй Л, Б нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
САМАР ТҮҮЖ ЯВААД СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
- Самар түүхээр явсан 33 настай эрэгтэй М нь тамхи авахаар яваад сураггүй болсон байна. Тэрбээр энэ сарын 11-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг Хагархайн таг гэдэг газар самар түүж явахдаа ойролцоох отгоос тамхи авахаар явган гараад сураггүй болсон байна. Алга болсон иргэний тухай мэдээлэл өчигдөр өглөө 10:26 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.
АЛГА БОЛСОН ИРГЭДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖЛЫГ ТҮР ЗОГСООВ
- Алга болсон иргэдийг эрэн хайх ажил үргэлжилж байна. Тодруулбал, “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төвөөс долдугаар сарын 31-нд сураггүй болсон 25 настай эмэгтэйг эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байна. Эрлийн баг одоогоор үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ. Мөн Туул голын усанд живсэн байж болзошгүй 11 настай эрэгтэй Т-г эрэн хайх ажил үргэлжилж байна. Хүүг усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага долдугаар сарын 14-нд Онцгой байдлын газарт ирснээс хойш эрлийн багийнхан сураггүй болсон хүүг хайж байгаа юм. Гэвч эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг түр зогсоожээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ