Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хилээ нээхгүйгээр хэвийн горимд шилжээд байна. Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд гарсан зарим асуудлаар өнөөдөр /2020.09.16/ албаны хүмүүс мэдээлэл өглөө. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээлснээр 81 бар, цэнгээний газрын үйл ажиллагааг нээсэн байна. Баар, цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулахдаа ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг мөрдөж ажиллах мэдэгдлийг хүргүүлжээ. Хэрэв хяналт шалгалтаар ариутгал халдваргүйжүүлэлтийг дэглэмийг мөрдөж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах, зөрчлөө арилгаагүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.
ЦАХИМ ТОГЛООМЫН 44 ГАЗАР ШАЛГАЛТАД БҮДЭРЛЭЭ
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.ЦЭНД-АЮУШ:
-Цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдахгүй байх үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас холбогдох байгууллагуудтай хамтран 11 мянган аж ахуй нэгжид хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа есдүгээр сарын 21-ны өдрөөс хэвийн горимд шилжиж байгаа тул анги танхимд 1.5-2 метр хүртэлх зай барихаас бусад зөвлөмжүүд хэрэгжинэ. Хүүхдүүд амны хаалт тогтмол зүүх, анги танхимд агаар сэлгэлтийг хийх ёстой. Мөн наймдугаар сарын 27-ны өдрөөс цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор хяналт шалгалтыг зохион байгуулсан.
Шалгалтад цахим тоглоомын 47 газар хамрагдснаас 44 нь ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг мөрдөөгүй зөрчил илэрсэн. Зөрчил гаргасан найман иргэнд 1,5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан гэлээ.
Түүнчлэн тусгаарлах байрны хоол хүнстэй холбоотой шүүмжлэл цөөнгүй. Хамгийн сүүлд, “Dream” зочид буудалд тусгаарлагдаж буй 14 хүн хоолны хордлого авч ХӨСҮТ-д эмчлүүлж буй. Энэ талаар НМХГ-ын мэдээлснээр өнөөдрийн байдлаар хоолны хордлого авсан хүмүүсийн шинжилгээний хариу гараагүй байгаа гэнэ. Тус газраас сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.
УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧИЙГ АШИГЛАДАГГҮЙГЭЭС ИРГЭД УГААРТАЖ БАЙНА
Галлагааны улирал эхэлсэн тул иргэд угаартах тохиолдол цөөнгүй гарах болов. Энэ сарын 14-нд 38 хүн хөнгөн зэргийн угаарын хийд хордсон. Иймд Засгийн газрын шийдвэрээр угаарын хий мэдрэгчийг өнгөрсөн өвөл нийт 160 мянган айл өрхөд үнэгүй олгожээ. Гэвч уг төхөөрөмжийг иргэд ашигладаггүй эсвэл зөв хэрэглэж дадаагүйгээс угаартаж байна гэж албаны хүмүүс тайлбарлав. Иймд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг зөв ашиглахыг онцгой анхаарах хэрэгтэй гэж зөвлөлө
ХООЛНЫ ХОРДЛОГО УУ, ХОДООД ГЭДЭСНИЙ ХЯМРАЛ УУ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
-Тусгаарлах байртай холбоотой гомдол шүүмжлэл цөөнгүй. Хоол хүнс эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа талаар тусгаарлагдаж буй хүмүүс шүүмжилдэг. Гэтэл “Dream” зочид буудалд тусгаарлагдсан 14 хүн хоолны хордлого болчихлоо. Хоол хүнсний эрүүл ахуй аюулгүй байдалд ямар хяналт тавьдаг вэ?
–Гадаадаас эх орондоо ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах нийт 49 эмнэлэг, сувилал, амралтын газар, зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. Тусгаарлан ажиглах байрыг УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас сонгон шалгаруулдаг. Иймд дүүрэг, орон нутгийн холбогдох байгууллагууд ажиглах байрны хоол хүнс, орчны эрүүл ахуйн байдалд хяналт тавьдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдийн гомдол мэдээллийн дагуу хяналт тавьж ажилладаг. Гомдол мэдээллийн мөрөөр хяналт тавихад зарим гомдол үндэслэлтэй байдаг. Шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч байна. "Сэнтий" зочид буудлын үйл ажиллагааг нь зогсоогоогүй, албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч ажилласан юм. Нөгөө талаас зарим гомдол мэдээлэл үндэслэлгүй байдгийг хэлэх нь зүйтэй. /НМХГ-ын хүсэлтээр мэдээлэлд залруулга хийв/
-Хоолны хордлого авсан хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ. Зочид буудалд гаднаас хоол зөөж байна гэх мэдээлэл байна. Хоол хүнсийг гаднаас зөөж байгаа юу. Мэргэжлийн хяналтын байгууллага хоол хүнсний эрүүл ахуйд цаг тухайд нь хяналт тавьдаггүй юм уу?
-Энэ сарын 14-нд “Dream” зочид буудалд тусгаарлагдаж байсан 15 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар хоол хүнсний дээжээс авсан лабораторийн сорьцын хариу гараагүй байна. Мөн өвчтөнүүдээс авсан сорьцын шинжилгээний хариу гараагүй. Тиймээс хоолны хордлого уу, ходоод гэдэсний хямрал уу гэдгийг одоогоор тогтоож хэлэх боломжгүй. Нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Дээр дурдсанаар НМХГ-аас иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр хяналт тавьж ажилладаг.
Хоолны хордлого гарсан зочид буудлын хоол хүнсийг татан авч, үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоосон. Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “Dream-1”, “Dream-2” зочид буудлын нэг нь шаардлага хангаж байгаа тул эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний түүхий эдийн татан авалт хийж хоол үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.
Тусгаарлах байруудад нийтлэг ямар зөрчил илэрдэг вэ?
-Тухайн ажиглах байрны хоол үйлдвэрлэлийн газрууд шаардлага хангахгүй байна. Технологи орц горимын дагуу тухайн хоол хүнсийг үйлдвэрлэдэггүй зөрчил гарч байна. Тухайлбал, Винзөү, Дрийм зочид буудал хоол хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Ийм үндэслэлээр “Dream” зочид буудлын үйл ажиллагааг түр зогсоосон гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ